Монголын бүжигчид дэлхийн төвшинд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Монголын бүжигчид дэлхийн төвшинд хүрчээ

Родриго Алмаралес: Монголын бүжигчдийн ур чадвар дэлхийн төвшинд хүрснийг мэдлээ

Сонгодог урлагийг амьдруулагч ягаан театр энэ өдрүүдэд балетаар амьсгалж
байна. П.И.Чайковскийн "Хунт нуур" бүжгэн жүжиг мэндэлснээс хойш зуун
жилийн дараа буюу 1970-аад оны дундуур монголын тайзнаа тавигдаж байсан
билээ. Энэ удаа дэлхийн шилдэг балетчид Монголын бүжигчидтэй хослон
Дуурийн театр сонгодог, элит урлагийг толилуулж байна.

Тоглолт, дэглэлт, найруулга, дэлхийн шилдэг балетийн театрын бүжигчид
гээд бүхий л талаараа шинэлэг байж чадсан "Хунт нуур"-ын Арлекино буюу
Алиа салбадайд тоглосон куба залуугийн авьяас Монголын үзэгчдийг өөрийн
эрхгүй дуу алдахад хүргэсэн юм. Дэлхийн балетийн ертөнцөд кубын школ
үнэхээр алдартай. Үүнийг ч куба залуу хөдөлгөөн бүрээрээ харуулж байлаа.

Ингээд Куба улсын иргэн, "Бостон балет" театрын гоцлол бүжигчин Родриго
Алмаралестай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр "Варна" олон улсын балетийн
тэмцээн болон 2011 оны "Бостон" олон улсын балетийн тэмцээнээс тус бүр
мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн Италийн "Авьяаслаг италичууд-2010"
тэмцээний шигшээд шалгарч байжээ. Сонирхуулахад авьяаслаг балетчин маань
удахгүй АНУ-ын "Цинцинатти балет" театрт гоцлол бүжигчнээр очиж байгаа
аж.

-Юуны өмнө манай улсад хүрэлцэн ирсэнд тань баярлалаа. Өөрийнхөө талаар манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Би эцэг, эхээс хоёулаа. Дээрээ нэг ахтай. Аав, ээж хоёр маань балетчин болохоор өөрийн эрхгүй энэ замаар замнасан. Би дөрвөн наснаасаа балетаар хичээллэж эхэлсэн.
Арван настайдаа Мексикт, 14 насандаа Канадад, дараа нь Германы үндэсний
балетад суралцсан. Германы "Дойче опера" -д хоёр жил бүжиглээд,
"Авьяаслаг италичууд-2010" тэмцээнд оролцож финалд шалгарсан. Тэндээсээ
"Бостон балет"-д ажиллаж байна.

-Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Ирснийхээ дараа "Хунт нуур"-т тоглочихоод байж байна. Өнгөрсөн даваа
гаригт Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолборт очиж үзлээ.
Үнэхээр гайхалтай. Монголын нүүдэлчин амьдрал, малчин ахуйг хараад
үнэхээр сэтгэл хөдөллөө. Энэ бүхнийг харж, мэдэрч чадсандаа өөрийгеө
азтайд тооцож байгаа. Өөр улсад аялан тоглолт хийж явахад тухайн орныхоо
хөдөө нутаг, ахуй амьдралтай танилцах боломж бараг гардаггүй. Тиймээс
боломж олдсон дээр бүгдийг нь үзэхсэн гэж яарч байна.

-Маш хэцүү хөдөлгөөн, нарийн нягт техник, сэтгэлийн хөдөлгөөнийг
илэрхийлдэг дэлхийн балетийн урлагийн мастер бүтээлийг Монголын
балетчидтай хамтран амилууллаа. Манай сонгодог урлаг, үзэгчдийн талаар
өөрийн гэсэн ойлголттой болсон байх?

-Монголын сонгодог урлагийг Д.Алтанхуягаар төсөөлдөг. Бид Бостонд
танилцаад жинхэнэ зузаан  найзууд бодсон. Гайхалтай бүжигчин. Хэдий
нутгаасаа хол байгаа ч гэсэн эх орондоо балетийг хөгжүүлэх гэж яваа нь
үнэхээр бахархмаар. Бидний хувьд энд онгоцноосоо буугаад л бэлтгэлдээ
орсон. Монголын балетчдын ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг энд
ирээд мэдлээ. Шаргуу, нөр их хөдөлмөрлөдөг юм байна.

Өмнө нь Германы тайзнаа "Хунт нуур"-ын энэ дүрд олон удаа тоглосон.
Монгол "Хунт нуур" үнэхээр сайн байна. Тэр тусмаа гол дүрийн эмэгтэй
сайн бүжиглэж байсан. Монголын үзэгчид үнэхээр сайн гайхалтай юм билээ.
Яг Кубын үзэгчид шиг алга ташиж байхдаа хашгирч сэтгэлийн хөдөлгөөнөө
илэрхийлдэг. Бусад орнуудад маш удаан алга ташдаг ч нэг их сэтгэл нь
хөдлөөд,  дуу алдаад байдаггүй. Гадаадад том театр олон. Монголын дуурь
бүжгийн эрдмийн театр авсаархан, тайз нь үзэгчидтэйгээ илүү ойр байдаг
юм байна. Тэдний уур амьсгалыг илүү ойроос мэдэрч байгаа нь үнэхээр
таалагдсан.

-Кубын балет дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг. Мэргэжлийн хүмүүс
таны хөдөлгөөнөөс куб балетийн онцлог илүү анзаарагддаг гэх юм билээ?

-Кубын балет өөрийн гэсэн онцлогтой. Сургалт нь маш олон үе шаттай.
Тэндээс хамгийн шилдэг нь гарч ирдэг. Миний хувьд Кубын үндэсний балетад
сурчихаад Канад, Герман зэрэг олон орны стиль загвараар баяжуулж чадсан
азтай хүн. Тиймдээ ч дэлхийд алдартай олон сайхан театрын тайзнаа
тоглож байна. Миний үндэс суурь бол куба сургалт, куба техник. Энэ үндэс
суурь хэзээ ч алга болохгүй. Өөрөөр хэлбэл байшингийн суурь гэсэн үг.
Барилгын суурь сайн бол дээрээс нь давхарлаад бариад явчихдаг шүү дээ.
Түүнтэй л адил. Хаана ч очсон мэргэжлийн хүмүүс үүнийг маань мэдэрдэг
юм.


-Ингэхэд та дэлхийд томд тооцогддог хэдэн театрын тайзнаа бүжиглэж байв?

-Дэлхийн 15 орчим том театрт бүжиглэсэн. Ээж маань Кубын үндэсний
театрын анхны гоцлол балетчин. Ээжийг маань Мириам Гонсалес гэдэг.
Надтай хамт тоглолт бүрт хамт яваад байдаггүй. Мексикт суралцаж байхад
нэг жил ээж маань хамт байж, балетийн урлагийн хамаг нарийн нандин
бүхнийг зааж сургасан даа. Энэ миний хувьд хамгийн үнэ цэнэтэй. Тиймээс
багшаа нэрлээч гэвэл ээжийгээ л хэлнэ дээ.


-Балет бол залуу насны урлаг. Хэд хүртлээ бүжиглэнэ гэж боддог вэ?

-40 хүртлээ бүжиглэж чадвал өөрийгөө азтайд тооцно. Одоо би 22-той. Цаашид бүжиглэх хугацаа, нас байна.


-Балетад хүнд хэцүү хөдөлгөөн их. Ер нь амаргүй ажил байх. Шантрах үе гарч байв уу?

-Балет зөвхөн бие бялдрын хувьд бус, сэтгэл зүй шаарддаг амаргүй урлаг.
Өөрийгөө толинд хараад одоо больё, орхиё гэж шантрах үе олон гардаг
байлаа. Гэвч тайз өөрөө энэ бүх бэртэл гэмтэл, сэтгэл санааны шантралыг
анагаагч эм болж өгдөг юм. Байнга үсэрч харайж, эргэлдэж байдаг болохоор
хөл, мөр, нуруу гээд хаа нэгтээ үргэлж өвчтэй байж байдаг. Тэгээд
тоглолт эхэлж, тайзан дээр гүйж гарах тэр агшинд энэ бүх өвчин алга
болчихдог юм. Үзэгчдийн алга ташилт, дуу алдалт бүхнийг мартуулж
орхидог. "Бостон балет"-д долоо хоногийн таван өдөр өглөөний есөөс оройн
зургаан цаг хүртэл бэлтгэл хийдэг. Харин Германд өглөөний есөөс оройн
есөн цаг хүртэл бэлтгэл хийж, долоо хоногт нэг л өдөр амардаг байлаа.

-Балетаас өөр сонирхдог зүйл бий биз дээ?

-Зохион бүтээж, зурах дуртай. Чөлөөт цагаараа юм юм л сонирхдог.


-"Бостон балет"-д хэзээнээс ажиллаж байна вэ?

-Германы "Дюссельдорфын балет"-д хоёр, "Бостон балет"-д нэг жил
ажилласан. Эндээсээ АНУ-д очоод шууд "Цинцинатти балет"-д ажиллахаар
болсон.


-Маргааш гала тоглолтоороо Монголын үзэгчидтэй дахин уулзах нь?

-"Диана", "Парисын гал дөл" гэдэг балет тоглох гэж байна. Гала үдэшлэг
учраас балетаас арай өөр. Ирээд үзээрэй гэж хэлмээр байна.

Ж.Амаржаргал

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж