Цаг агаар цаашид ч тогтворгүй байх нь

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Цаг агаар цаашид ч тогтворгүй байх нь

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь цастай байгаагаас Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Яруу, Тэлмэн, Тэс сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-40 см (нягт 0.12-0.28 гр/см3)-т хүрчээ. Улсын хэмжээнд хоёр аймгийн 13 сум “Цагаан зуд”-тай байгааг ОБЕГ-аас мэдээллээ.     Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Увс аймгийн Давст, Сагил сум, Завхан аймгийн Алдархаан, Идэр, Отгон, Түдэвтэй, Цэцэн-Уул сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр сум цасны зузаан 10-19 см (нягт 0.12-0.29 гр/см3)-т хүрч, дөрвөн  аймгийн 10 сум “Цагаанаар зудархуу” байна.

Мал төллөлт 98 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар нийт малын хорогдол 858153 буюу оны нийт малын 1.5 хувийг эзэлж байна. Үүнээс Сүхбаатар (137177), Увс (135832), Архангай (98277), Завхан (84604), Баянхонгор (80646) аймагт хамгийн олон мал хорогдсон байна.  Харин мал төллөлтийн хувьд харьцангуй хэвийн байгаа гэнэ. Улсын хэмжээнд  7.783.087 эх мал төллөж,  7.625.285 төл хүлээн авчээ.  24799 ботго, 36815 унага, 164922 тугал, 3.966.767 хурга, 3.431.982 ишиг бойжиж, төл бойжилт 98 хувьтай байгаа юм.  

Найман аймгийн нутаг онцгой хуурайшилтайг тогтоожээ

Цаашид цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй, ялангуяа дөрөвдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурах нь мал төллөлтийн явцад таагүй нөлөөлж болзошгүйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Мөн Архангай, Булган, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар хуурайшилт аюултай болон нэн аюултай зэрэглэлд хүрсэн нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэйг онцоллоо.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж