Өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна

Өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна
Түлш,
эрчим хүчний салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах
зарим арга хэмжээний талаар Засгийн хуралдаанаар хэлэлцлээ.

Үүнтэй
холбогдуулан туслах тоноглолын засвар, техник, зохион байгуулалт,
хөрөнгө оруулалт, нүүрс нөөцлөх зэрэг ажлыг төлөвлөсөн хугацаанд нь
хийх, ажлын явцад хяналт тавьж, үр дүнг улирал тутам Засгийн газрын
хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт,
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгав.

Эрчим хүчний
зарим үйлдвэр, компанид олгох татаасын тооцоог дахин хянаж ирэх оны
төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэх, нүүрсний аюулгүйн нөөц /20
хоногийн/ бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг өмнөх жилүүдээс
бууруулахгүй байхыг Засгийн газар чухалчилж байна. 

Нүүрсний
уурхай, эрчим хүчний үйлдвэр, компаниудын найдвартай ажиллагааг хангах
хэмжээний түлш, шатахууны аюулгүйн нөөцийг бүрдүүлж, хөрс хуулалт, их
засвар, ашиглалтын үйл ажиллагааг жигд зохион байгуулахыг Төрийн өмчийн
хороонд үүрэг болголоо.

Өвлийн их ачааллын үед дулааны цахилгаан
станцуудад хэрэглэх нүүрсний 20-иос доошгүй хоногийн нөөц бүрдүүлэхийн
тулд нүүрс тээвэрлэх вагоноор тасралтгүй, найдвартай хангах үүргийг Зам,
тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга хүлээсэн байна. 

Өнгөрсөн
өвөл Даланзадгад, Увс аймгийн дулааны станцын хэвийн ажиллагаа доголдож
Засгийн газраас багагүй хөрөнгө гаргаж байсан. Үүнтэй холбогдуулан
дээрх хоёр аймгийн станц болон Ховд аймгийн “Бадамлах дөл” компанийн
өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарч, мэргэжлийн удирдлага, арга зүйн
зөвлөгөө өгч, засварт шаардагдах зардлыг хянаж санхүүжүүлэхийг сайд
Д.Зоригт, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

Аймгийн
төвүүдийн эрчим хүчний үйлдвэр, дулааны станцын өвөлжилтийн бэлтгэлд
онцгой анхаарах учиртай гэж Засгийн газар үзэж байна. Иймээс их засвар,
хөрөнгө оруулалт, техник, зохион байгуулалтын ажлуудыг хугацаанд нь
гүйцэтгүүлэн, хяналт тавьж байх, нүүрс нөөцлөх, түлш, шатахуунаа
төлөвлөгөө, хуваарийн дагуу татан авахыг аймгуудын Засаг дарга нарт
даалгав.

УБТЗ, иргэний нисэх, газар тариалан, хүнс, хөдөө аж
ахуй, эрүүл мэндийн салбарын хэвийн ажиллагааг хангахын тулд Шадар сайд
М.Энхболд болон салбар хариуцсан сайд нар 20-иос доошгүй хоногийн түлш,
шатахууны улсын нөөц бүрдүүлэх арга хэмжээ авна.

Орон нутгийн
өмчийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, дизель станцуудыг
бүртгэлжүүлэх, татаасаар олгож байгаа түлшний зарцуулалтад хяналт тавьж,
ажилд нь хяналтын тогтолцоо бий болгон хэрэгжилтийг Засгийн газрын
хуралдаанд танилцуулахыг салбарын сайд, Төрийн өмчийн хороо, аймгуудын
Засаг дарга нарт үүрэг болголоо.

Түүнчлэн эрүүл мэнд, холбоо
харилцаа, төр, нутгийн удирдлагын байгууллагын хэвийн үйл ажиллагааг
хангах зорилгоор эрчим хүчний аваарийн нөөц эх үүсвэртэй байлгахыг
холбогдох сайд нарт даалгав.

Мөн Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны
дулааны станцын өмчлөлийн асуудлыг судлан, өвлийн бэлтгэл хангах болон
үйл ажиллагааны зардалд дутагдаж байгаа хөрөнгийг зохих журмын дагуу
шийдвэрлэхээр боллоо.

Өнөөдрийн байдлаар эрчим хүчний
үйлдвэрүүдийн тоноглолын их засвар, өвлийн бэлтгэл ажлын явц 45,5
хүртэл, дулааны станц, шугам сүлжээнүүдийн тоноглолын их засвар,
шинэчлэлийн явц 31, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийн засвар 18
хувийн биелэлттэй байна. Нүүрсний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл
35 хувьтай, 695 мянган тонн бэлэн нүүрсний нөөцтэй байгаа тухай салбарын
сайд хэлэв.  

Зам, тээвэр, барилга, нийтийн аж ахуйн салбарын
өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллахыг мөн хуралдаанаас Зам, тээвэр,
барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгав гэж Засгийн газрын
Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Зарим хотод улсын зэрэглэл олгохыг дэмжив
“Зарим
хотод улсын зэрэглэл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг
зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

Бүсийн
тулгуур төв болох Ховд, Улиастай, Хархорин, Эрдэнэт, Дархан, Зуунмод,
Чойбалсан, Өндөрхаан, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар, Дорноговь аймгийн
Замын-Үүд сумын төв Замын-Үүдийг улсын зэрэглэлтэй хот болгохоор төсөлд
тусгаад байна.   

Дархан, Зуунмод, Эрдэнэт, Хархорин, Ховд,
Улиастай, Чойбалсан, Өндөрхаан хот аймаг, бүс нутгийн хэмжээнд төдийгүй
улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдэг үйлдвэр,
үйлчилгээ, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага олонтой.
Тэгвэл Сүхбаатар, Замын-Үүд нь манай орны босоо тэнхлэгийн олон улсын
чанартай авто, төмөр зам дайран өнгөрдөг олон улсын тээврийн зангилаа
суурин юм.

Улсын зэрэглэлтэй болгосноор хотуудын бие даан хөгжих
нөхцөл бүрдэж, улс, бүс нутаг, аймгийн хөгжилд хотуудын гүйцэтгэх үүрэг
өсөн нэмэгдэнэ. Мөн хүн амын төвлөрөл саарч, иргэд орон нутагтаа
тогтвортой суурьшин энэ хэрээр шилжилт, хөдөлгөөн ч багасна гэж тооцсон
байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж