Хуулийн байгууллагынхан чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Хуулийн байгууллагынхан чууллаа

“Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт хуулийн байгууллагын ажилтнууд, судлаач эрдэмтэд оролцсон онол практикийн бага хурал өнөөдөр “Хангарьд” ордонд хуралдлаа. Уг бага хурлаар нийслэлд үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлүүд, тэдгээрийг арилгах арга зам. Тус гэмт хэрэг үйлдсэн болон холбогдсон этгээдэд шүүхээс ногдуулж байгаа ялын байдлыг судалж, цаашид төрийн болон хуулийн байгууллагуудаас авах арга хэмжээг тодорхойлох. Мөн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, техникийн болон зохион байгуулалтын шинжтэй арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаагаараа энэ чиглэлд өмнө нь зохион байгуулагдаж байсан хурал зөвлөгөөнүүдээс онцлог ялгаатай юм байна.

Бага хуралд  Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Т.Билэгт, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурорын орлогч Ё.Сагсай, прокурор Б.Бат-Орших, болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Хэв журам хамгаалах газрын дарга, дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн дарга зэрэг албаны бусад хүмүүс оролцов.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхдорж “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал”,  Нийслэлийн прокурорын туслах, хууль зүйн докторант Ч.Мөнхбат “Хулгайн гэмт хэрэгт ял шийтгэгдэн хорихоос суллагдсан ялтныг нийгэмшүүлэх асуудал”, Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэргийн газрын үзлэг хариуцсан ахлах мэргэжилтэн, хууль зүйн докторант, цагдаагийн дэд хурандаа Б.Жаргалсайхан “Хулгайн гэмт хэргийг илрүүлэх шинжлэх ухаан техникийн зарим арга”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хууль зүйн докторант Г.Оюунболд “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүрээлэн буй орчны нөлөө, зураглал үйлдэх аргыг хэрэглэх нь”, Нийслэлийн прокурорын туслах, Монгол Улсын гавъяат хуульч Г.Жадамба “Бусдын эд хөрөнгө, хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл түүнийг бууруулах талаар авах арга хэмжээ”,  Цагдаагийн академийн эрүүгийн эрх зүйн криминологийн тэнхмийн багш, хууль зүйн магистр, цагдаагийн ахлах дэслэгч Л.Бат-Очир “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” гэсэн сэдвэээр уг бага хуралд илтгэл тавин оролцсон юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж