Төсвөө тэлэхгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Төсвөө тэлэхгүй байхыг анхааруулав

Глобал эдийн засгийн хэлбэлзэлтэй орчинд Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн идэвхжил  харьцангуй тогтвортой хэвээр байна гэж Дэлхийн банк тоймложээ. Гэхдээ 2016-2018 онуудад өсөлт ялимгүй саарах урьдчилсан төлөвтэйг давхар анхаарууллаа. Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн хувьд Эдийн засгийн өсөлт бууралтыг хувиар нь авч үзвэл, 2015 онд 6.5 хувь байснаа бага зэрэг саарч 2016 онд 6.3 хувь, 2017-2018 онд 6.2 хувь болох төсөөлөлтэй буй юм. Дээрх үзүүлэлтүүд өсч, буурах нь шууд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, бууралтаас хамаарна гэж эдийн засагчид тооцжээ. Жижиг эдийн засагтай  Монгол, Лоас, Папуа, Шинэ Гивней зэрэг улс орон түүхий эдийн үнийн уналт болон гадаад эрэлтийн сааралтад өртсөн хэвээр байна. Монгол Улсын тухайд түүхий эдийн үнийн уналтын үргэлжилж, гадаад хөрөнгө оруулалт зогссонтой холбоотой төсвийн мөнгө тасалдах хэмжээнд хүрсэн. Иймээс Засгийн газар, Улсын их хурлаас эдийн засгаа төрөлжүүлэх, солонгоруулах тогтвортой мэргэн бодлогыг сайтар хэлэлцсэний үр дүнд явуулах ёстой. Монгол Улсын эдийн засгийн уналт энэ хэвээрээ үргэлжилбэл туйлын хэцүү үетэй нүүр тулна. Ийм үед дотроо сайн ярилцах учиртай. Гэхдээ төсвөө тэлэх бодлого явуулах талаар бодох хэрэггүй цаг нь биш гэж Дэлхийн банкны эдийн засагчид зөвлөлөө. Мөн одоогийн бизнесийн орчин дахь гажуудал,  иргэдэд хүргэх нийгэм, халамжийн үйлчилгээний бодлогоо яаралтай шинэчилж, засахгүй бол эрсдэл, хямрал дагасаар байхыг анхааруулсан. Санхүүгийн зах зээл савлагаатай энэ үед олон улсын зах зээл рүү хандаж, хөрөнгө босгох нь эрсдэлтэй. Эдийн засгаа сульдаанаас аврах улсын арга биш болохыг Дэлхийн банкны төлөөлөгчид сануулсан юм. Цаашид дэлхийн эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас саарах төлөв ажиглагдсан нь Зүүн Ази, Номхон Далайн орнууд, ялангуяа түүхий эд экспортлогч орнуудын гадаад эрэлтийг сулруулж, эдийн засгийн идэвхжилтийг бууруулж болзошгүй болжээ. Иймээс эдийн засгийн эмзэг байдал, тэр дундаа Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт, их хэмжээний өр, үнийн дефляци болон бусад зарим томоохон эдийн засгууд дахь их хэмжээний өрхийн болон аж ахуй нэгжийн өртэй холбоотойгоор үүсэх эмзэг байдлыг сайтар ажиглан хянаж байхыг хэрэгтэй. Цаашлаад уг бүс нутгийн орнууд байгалийн гамшгийн эсрэг сайтар бэлтгэлтэй байх нь зүйтэй, учир нь ялангуяа Номхон далайн орнуудын хувьд байгалийн гамшиг томоохон эрсдэл болдог гэж Дэлхийн банкныхан жилд хоёр удаа гаргадаг Зүүн ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайландаа дурджээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж