Автомашин үйлдвэрүүд ажилтны тоогоо нэмэв

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Автомашин үйлдвэрүүд ажилтны тоогоо нэмэв

Гамшигт газар хөдлөлт, цунамийн дараа хэсэг уналтад ороод байсан японы машин үйлдвэрлэлийг эргэн сэргээхийн тулд японы компаниуд өвөрмөц шийдэлд хүрээд байна. Тэд автомашин үйлдвэрлэлийг сэргээн нэмэгдүүлэхийн тулд олон мянган гэрээт ажилчдыг ажиллуулж эхэлж байгаа юм байна.

Тухайлбал, Тоёота (Toyota) компани гэхэд л ирэх долоодугаар сараас 4000 хүртэл ажилчдыг гэрээгээр авахаар болж байгаа аж. Энэ нь тус компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрөгч дөрөвдүгээр сард 75 хувь хүртлээ буурч байснаас хойш авч байгаа эхний чухал шийдвэр болж байгаа юм байна.

Тэгвэл японы өөр нэг машин үйлдвэрлэгч Хонда (Honda ) мөн л 1000 гаран гэрээний ажилчид авахаар болж байгаа бол Ниссан (Nissan) компани 200 гэрээт ажилчинтай болохоор шийджээ.

Японы машин үйлдвэрлэгч компаниудад энэ оны гуравдугаар сард болсон газар хөдлөлтөөс шалттгаантай бүтээгдэхүүний эд ангийн нийлүүлэлтийн тасалдал болон эрчим хүчний тасалдал нүүрлэсэн билээ. Энэ бэрхшээлт байдлаас болж японы автомашин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ багасгаж ажилчдын ажиллах цагийг богиносгон, зарим орон тоогоо цомхотгоход ч хүрч байжээ.  

Харин одоо японы автомашин үйлдвэрлэл эргээд сэргэх шатандаа орж байгаа юм. Тоёота компани  гэхэд энэ сарын сүүлээр газар хөдлөлтөөс өмнө гаргаж байсан бүтээгдэхүүнийхээ 90 хувьтай тэнцэх хэмжээтэй бүтээгдэхүүн гаргахаар болж байгаа аж. Мөн ирэх долоодугаар сараас урьд өмнө нь гаргаж байсан хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болно гэжээ.

Тоёота компанийн хэвлэлийн төлөөлөгч саяхан мэдэгдэл хийхдээ, “Бид одоогоор өмнө нь нэг сард хийдэг байсан тэр хэмжээндээ л хүрч бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна. Харин хоёр сар гаран хугацаанд гаргасан алдагдлаа цаашдаа нөхөхийг зорих болно” гэжээ. Мөн тэрээр гэрээт ажилчид авч байгаа нь бүтээгдэхүүнээ нөхөж үйлдвэрлэхэд зорьсон төлөвлөгөөнийх нь эхний алхам байсан гэж тайлбарласан байна.

Харин Хонда компанийн хувьд бүтээгдэхүнн үйлдвэрлэлийн уналт нь 50 хувьд хүрч байсан бөгөөд энэ нь ажиллагсадтай хийсэн гэрээг нь зогсооход хүргэж байжээ. Хонда компанийн хэвлэлийн төлөөлөгч энгэ талаар мэдэгдэл хийж, “Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ тал хувиар унахад цагийн ажилчдынхаа зарим хэсэгтэй нь гэрээгээ цуцлахаас өөр аргагүйд хүрч байсан. Тэгэхдээ одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэл сэргэж байгаа болохоор гэрээт ажилчдын тоо ч нэмэгдэж байгаа” гэсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас учирсан алдагдал японы автомашин үйлдвэрлэлийг багагүй хохироосон бөгөөд тэр дундаа нийлүүлэлтийх нь хэмнэлийг хэсэг хугацаанд алдагдуулсан гэдгийг үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрч байгаа юм.

Тоёота компани гэхэд л алдсан бүтээгдэхүүн захиалгын тоогоо нөхөж нийлүүлэх хэрэгтэй болж байгаа бөгөөд ирэх оны гуравдугаар сард багтаан нийтдээ 450 мянган автомашины алдагдлаа хаахыг хичээх ажээ.Тэр дундаа тус компанийн томоохон брэнд болох Лексус ангиллын 220 мянган машиныг нормоос илүү үйлдвэрлэж гаргах хэрэгтэй болж байгаа аж. Нийтдээ тус компани 670 мянган автомашин үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх боломжоо газар хөдлөлт, цунамийн уршгаар алдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж