УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд парламентийн зарим гишүүн өөрсдийн сонгогдсон тойрогтоо ажиллаж байна.
Хэдийгээр хаврын чуулган нээлтээ хийсэн ч гишүүд уламжлал ёсоороо тойргынхоо иргэдтэй уулзаж, тэднийхээ санал бодлыг төрд хүргэх ажлаа үргэлжүүлсээр байгаа билээ. Энэхүү үүргээ биелүүлж яваа УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар өнгөрсөн баасан гарагт Багануур дүүрэгт ажилласан юм. Тэд нийслэлээс алслагдсан дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаас гадна иргэд, сонгогчидтойгоо уулзаж, сонирхсон асуултад нь хариулт өглөө. Өнөөдөр Багануур дүүрэгт 28 мянга гаруй иргэн амьдардаг гэх судалгаа бий.
Үүнээс цэцэрлэгийн насны 2230 хүүхэдтэй. Учир нь, тус дүүргийн иргэдийн олонхийн саналыг авч парламентын гишүүн болсон дээрх хоёр эрхмийн хамгийн эхэнд шийдсэн асуудал бол цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь болгож чадсан явдал юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн намраас эхлэн Багануур дүүргийн эцэг, эхчүүд бяцхан үрсээ яаж цэцэрлэгт хамруулах вэ гэх том зовлонгоосоо салцгаасан. Түүнчлэн гуравхан жилийн өмнө нийт хүн амын 15 хүрэхгүй хувь нь өөрийн гэсэн газартай байсан бол өнөөдөр эл тоо хэд дахин өссөн гээд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын хийж, хэрэгжүүлсэн ажил их талаар багануурчууд онцолж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Багануурт очсон даруйдаа дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Хоёр гишүүнийг Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Энхбаяр угтаж авсан бөгөөд эмнэлгийнхээ талаар товч мэдээлэл өгсөн юм.Тус эмнэлэг нь төрөх, дотор, хүүхэд, мэс засал, захиргаа аж ахуйн, эм сан, халдварт, хүнс хангамжийн зэрэг нийт 14 тасагтайгаас зургаа нь клиникийн тасагт эмчилгээ, үйлчилгээ явуулдаг байна.
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын хийж, хэрэгжүүлсэн ажил их талаар багануурчууд онцолж байна.
Эмнэлгийн барилгыг 1988 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд 135 ортой. Өнөөдрийн байдлаар 55 их эмч, 125 сувилагч гээд нийт 200 орчим ажилтантай. Дүүргийнхээ бүх иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ явуулдаг аж. Эмнэлгийн төсөв мөнгө бага учир ихэвчлэн иргэдийнхээ хандив, тусламжинд тулгуурлаж, эмнэлгийнхээ шаардлагатай техник, технологи болон эм тариаг худалдаж авдаг байна. Багануур дүүрэгт уушги болон хатгай өвчин хавтгайрч байгаа талаар ч эмч нар ярьж байлаа. Ид ачаалалтай үед рентгений ганц аппарат хаанаа ч хүрэлцдэггүй, эмнэлгийн дөрвөн машин мөн л хаанаа ч хүрдэггүй талаар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга хэлж байв. Харин үдээс хойш 15:00 цагт эхлэсэн уулзалт бүтэн дөрвөн цаг үргэлжилсэн.