Ази тивийн өсвөрийн шатарчид өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Ази тивийн өсвөрийн шатарчид өрсөлдөж байна

Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад анх удаа болж байна. Тус тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Узбекстан, Австрали, Шинэ Зеланд, АНЭУ, Вьетнам, Иемен, Индонези, Иран, БНСУ, Монгол зэрэг 18 улсын 470 гаруй өсвөрийн шилдэг шатарчид 8, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй. МҮЭСТОрдны их танхимд болж буй тэмцээний Блиц (түргэн), Рапид (түргэвчилсэн) төрлийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа. Бямба гаригт явагдсан блиц төрөлд Монголын баг тамирчид 15 медаль авч багаараа түрүүлжээ. Өнөөдрөөс тэмцээний стандарт ангиллын 6-р өргийн тоглолт үргэлжлэн явагдах бөгөөд ирэх пүрэв гаригт/4.14/ аваргууд тодорно.

Тэмцээний үеэр Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогтбаяртай цөөн хором ярилцлаа.

-Азийн өсвөрийн шилдэг шатарчид манай улсад ирээд байна. Тус тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-Улаанбаатар хотноо өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэхүү тэмцээнийг Олон улсын шатрын холбоо, Ази тивийн шатрын холбоо, Монгол улсын шатрын холбоо болон төр, хувийн хэвшлийн дэмжигч байгууллагуудын тусламжтайгаар зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна. Зэрэглэлээрээ дэлхийн аваргын дараа хоёрт орох тивийн аваргын тэмцээнд 18 орны 220 гаруй тамирчид дасгалжуулагч, эцэг, эхийн хамт ирлээ. Тэмцээнийг зохион байгуулж орны давуу эрхийн дагуу манай улсаас 260 гаруй шатарчид өрсөлдөж байна. Энэ амралтын өдрүүдэд блиц болон рапид төрлийн тоглолтууд болсон. Бямба гаригт болсон блиц төрөлд Монголын шатарчид 15 медаль хүртэж, дөрвөн Азийн аварга төрөн гарлаа. Энэ төрөлд Энэтхэг 11 медаль авч хоёрдугаар байрт орсон. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрөлд Монголын өсвөрийн баг анх удаа түрүүллээ. Мөн рапид төрөлд ч манай шатарчид ангилал бүрдээ маш сайн оролцсон.

-Тэмцээний стандарт төрлийн тухайд?

-Шатарчид нас насны ангилал бүрд нийт 9 өрөг тоглох юм. Одоогоор таван өргийн тоглолт боллоо. Тэмцээний сүүлийн өрөг энэ сарын 14-нд болж, тивийн аваргууд тодорно. Эхний таван өргийн байдлаар Энэтхэг, Вьетнам, Монголын тамирчид эхний байруудад бичигдэж байна. Тэмцээний дүнг http://chess-results.com сайтаас авч болно.

-Манай улс жил дараалан олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулж байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

– 2015 онд өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад манай улсад зохион байгуулагдсан. 16 хүртэлх насны багийн аварга шалгаруулах тус тэмцээнд дэлхийн 23 орны 35 багийн 160 гаруй шатарчид оюун ухаанаараа өрсөлдсөн. Энд Ираны баг тэргүүлж, Энэтхэг, ОХУ-ын баг мөнгө, хүрэл медалийг авч байсан бол Монголын баг IX, X байрт орсон. Тэгвэл энэ жил тивийн аваргын тэмцээнийг зохион байгуулж байна. 2010 онд шилдэг найман эмэгтэй шатарчин оролцдог гранпри тэмцээн Улаанбаатарт болж байсан. Тус тэмцээнд их мастер, эрэгтэй ОУМ Б.Мөнгөнтуул дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байсан болохоор нэг цувралыг бид амжилттай зохион байгуулсан. Тэгвэл бид тэр тэмцээнээс хойш өсвөрийн хоёр томоохон тэмцээнийг зохион байгуулж байна. Бидний хувьд нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгаа явдал нь манай өсвөрийн шатарчдын амжилт Азид төдийгүй дэлхийд хүчтэй болсоныг харуулж байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж