&#34Тэнэгхэн&#34 ардчилал

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

&#34Тэнэгхэн&#34 ардчилал

Өвлийн хөр цасан дороос амь тэмцэн өндийх яргуй адил эмзэгхэн ардчилал өнөөдөр учраа мэдэхгүй “мангар бацаанаараа” байна. Ардчиллын АН-ынхан баяраараа багагүй бужигналдлаа. Тэд алдаж, онож, нармайгаа нээлцэн нударга зөрүүлж, дурлаж, тоогдохгүй хаягдаж, гутрахдаа гудамжинд гарсан ч гуниглах завгүй дуулж, сархад балган хөлчүүрхэж, маргааш нь мартаад урагш тэмүүлж, хэн нэгний хайр халамжид бус алдсан ч, шархалсан ч энэ хорвоогийн эрээнтэй бараантай өдрүүдийг өөрсдийнхөөрөө өнгөрүүлэхээр зүтгэж яваа идэр “залуу ёс”.

Өөр хоорондоо үзэлцэж, биедээ хэвлэлээр хатуу үг дайж, хамгийн гол гэсэн хурлынхаа мэдээллийг ч хав дарж чадалгүй дэлгэж, бусдын зууш болдог гэнэн баагийнууд.  Шаардлага гарвал шанаа өгөхөд бэлэн омголон түргэн, өнөөдөр барилцаж авах нь холгүй  байснаа маргааш нь мартаад тэврэлдэн гүйдэг сагсуучууд. Тийм ч болохоор тэднийг монголчууд хайрладаг. Ерэн насыг илээхдээ хал үзэж, хашир суусан, хор хутгаж, зольж сурсан, егзөр өвгөн шиг МАН-ын аманд өөрсдөө л гүйгээд орчихдог нь дотоод эв нэгдэл тааруу гэхээсээ илүүтэй төлөвшөөгүйтэй нь холбовол илүү ойр.

…Монголчууд бухимдаж байна. Машин явах зам алга, ардчилагчдыг хараал идэг. Гэж хэн хүнгүй л хэлж байна. Тийм ээ, хаа нэгтэй хоёр гуравхан машин харагддаг байсан нийслэлд маань 400 мянган машин өнөөдөр түгжирдэг болсон. Машин тавих зогсоол алга гэж… Чехийн улаан автобус, уналгын бор мориосоо өөр унаа, тэрэгний төсөөлөлгүй байсан бид өнөөдөр хувьдаа машинтай, түүнийгээ тавих зогсоолыг үгүйлж бухимддаг болж. Ашгүй дээ, баяжих шахаж.  

Өнөөдөр байр авах мөнгө алга гэж хашгирч байна. Орон сууц нь улсын өмч байсан тэр үеийг бодох нь ээ, хувьд нь байр авч өгөх бололцоог гаргаж өгөөгүй төрийг зүхэж, түүн рүү хэн дуртай нь нулимдаг болжээ. Тэр битгий хэл, хуучнаар намын Төв хорооны даргатай адил албан тушаалтныг  “алуурчнаар” нь дуудаад оймсоо шидэж байна. Хуучны цагт ой тоонд ч багтамгүй энэ үйлдлийн хариуд оймсдуулсан “дарангуйлагч” индэр дээрээс “Манай намд ийм мэдрэл нөхдүүд олон байдаг юм” гээд улаан нүүрээ улалзуулан түгдрэх. Болоо доо, ичих шахаж.  

Болоогүй ээ. Төв талбайд эмсийн хүрээлэн байгуулж өгөхийг шаардаж, гэрч болгон гутлаа үлдээснийг харсан л биз дээ. Бид ийм эрх чөлөөтэй. Самуун явдал багадах шахаж.  

Хэн дуртай нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын постын дор “Ажлаа хийгээч, малаа” гээд загначихна. Тэрийг нь хараад нөгөөх нь ор мөргүй бичсэнээ устгадаг, тийм л нийгэмд бид чинь дуртайгаа нулимж суугаа. Түүнээсээ зарим маань таашаал ч авдаг болсон. Яамай даа, хаан болох дөхлөө.  

Технологийн дэвшил бидэнд хэн нэгнийг дэмжигч, басхүү үзэн ядагчдын арми бүрдүүлэх боломж олгосон. Хэтрүүлчихгүй бол хэнд хамаатай юм бэ?!

Олон толгойтой могойд орох газар олдоггүй гэгчээр дотоод асуудлаасаа болоод түнжин хагарч байгааг эв нэгдэлгүй гэхээсээ илүү тэнд ардчиллын үнэт зүйлс байна гэж хувьдаа хардаг.

Эв нэгдэлтэй байна гээд хулгайтай эвлэрэхгүй гэж Ц.Элбэгдоржоос өөр ямар Ерөнхийлөгч хэллээ, санахгүй юм.

Эрх барьж байж Ерөнхий сайдынхаа ахлах зөвлөхийг хаацайлаад өнгөрөхийн оронд шоронд хийдэг ардчилагчдыг адил тэгш эрхтэй гэхээс, шүүхээс ял авсан ч гэрт нь гав, гинжгүй хариулж, сүрийг үзүүлдэг МАН-ын гаруудыг хоншоортой, албан тушаалаа урвуулан ашигладаг гэхээс өөрөөр юу хэлэх вэ, жудагт монголчууд юм чинь.

Өр тавьсан, өрийн хэмжээ хэтэрсэн л гэх. Хэн сонгуулийн сурталчилгаагаа хийхийн төлөө гадны компаниас зээл тавьж, салхинд цацсан мөнгийг өнөөдөр бид төлж, үгээ барж суугаа билээ.

Хаа холын Хөвсгөлд хүртэл яагаад түгжирдэг болов. Ардчилсан намыг сонгосны гай мөнөөс мөн. Жийп, приус нь хамаагүй, машинтай болгон нь яваад оччихдог засмал замтай болгочихсон болохоор хэдхэн зуун машины шатахууныг хангадаг байсан түгээгүүрүүд байдгаа барах нь аргагүй биз дээ. Зөвхөн нийслэлд гэхэд л гурван жилийн хугацаанд шинээр 83.63 км авто зам тавьж, 175.77 км авто замд өргөтгөл шинэчлэл хийсэн нь тэдний буруу. МАН эрх барьсан жилүүдэд долоо хэмжиж, нэг огтлох гүн ухаанаар хандаж байгаад ганц огтлохын даваан дээр бид буулгачихсан байж мэднэ л дээ. Учир нь МАН гурван сонгуулийн жилийн хугацаанд дээрх хэмжээтэй дүйцэх зам тавьсан статистик байна. Нээлт хийх шахжээ.

“Бид орон сууцны  8 хувийн зээлийг   санаачлан  76   мянган   айлыг   хамруулсан. Одоо  ипотекийн 5 хувийн зээлийн   нэгдүгээр   шатыг   эхлүүлж, 18 мянган өрх  хамрагдаад байна. Үүнийг бүтээн байгуулалт талаас нь харъя. Зөвхөн 2013-2015 онд нийт 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, 5.2 их наяд төгрөгийн  орон сууцны барилга угсралтын ажил  хийгджээ. Энэ бүтээн байгуулалтыг  дагаад барилгын салбарт ажиллагсдын  тоо 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрсэн сайхан мэдээ байна” гэж АН-ын дарга баярын хурал дээр хэлнэ лээ.

Гэхдээ энэ бол З.Энхболд гэхээсээ илүүтэй нөгөө муу задгай цагаанаараа дуудуулаад байсан Н.Алтанхуяг, баалуулаад байгаа Ч.Сайханбилэг, үүлэн чөлөөний нар шиг дөрөвхөн жилийн дотор бууруулсангүй гэж хараагдсан Э.Бат-Үүлийн багийнхан, жирийн АН-ын гишүүд, "оймcчид"-ийн зүтгэл гэвэл илүү ононо.

Бас алдсан, ташаарсан, арай ч дээ гэмээр зүйл бишгүй. Алдаагаа засаад, аль эрт “алаанаа” зогсоочихсон бол арай илүү ихийг хийж, эдийн засгаа эргэлтэд оруулах байлаа. Тиймээс сонгуулиас өмнө дотроо учраа олж, зэтгэрийн гацаанаасаа гарах нь чухал. Бадарчин баярлах болоогүй шүү.

Тэдний хийсэн нь сүйтгэснээсээ, иргэдийн сонголт оносон нь алдсанаасаа олон болов уу…

Баг зүүсэн хоёр хөлтэй боохой ч тэдний дунд байгаа нь үнэн. Эх орончийн баг өмсчихөөд элэггүй аятай, бусдынхаа нэр нүүрийг түлж яваа золигийн нэгэн ч тэдний дунд бий. Золоор албан тушаал, эрх мэдлийн төлөө бус эрх чөлөө, үзэл баримтлалынхаа төлөө үнэнчээр яваа нь олон юм даа. Алдаж, онож, бүдэрч, босч яваа залуухан ардчилал туршлага хуримтлуулж, алдаанаасаа суралцах дунд насандаа зөнөг битгий залгачхаасай гэж болгоомжилно.

Долигнох шахсан Л.Нарантөгс тэдний өмөөрч үүнийг бичив.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж