Хаврын цагийн сонирхолтой зан үйлүүд

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Хаврын цагийн сонирхолтой зан үйлүүд

Дөнгөж саяхан л цагаан сар болж байх шиг санагдах ч хаврын сүүл сар хэдийнээ эхэлжээ. Өнөөдөр хаврын адаг луу сарын шинийн 2-ны өдөр. Хавар хамаг бүхэн дэлгэрч, нялхрах нь сайхан ч хариг урт цагт хамаг хүмүүсийг ядрааж, сульдааж, тамирдуулдаг гэмтэй. Тиймээс жил жилийн хаварт ядаргаанд сайн гэх сонин содон зан үйлийг хийж заншжээ, бид. Магад зөвхөн Монголд, зөвхөн хавар цагт л харж болох сонирхолтой зан үйлийн талаар энд өгүүлье.


ШОРГООЛЖ ХООЛЛОХ НЬ БУЯНТАЙ ҮЙЛС

Хүмүүс  шоргоолж хооллох нь буянтай үйл төдийгүй тэрхүү буянаа дагаад эд баялаг арвиждаг гэж үздэг. Хаврын цагт ичигсэд хөдлөх үеэр идэш ууш ховордож их багагүй өлөн зөлмөн байдаг бөгөөд тэр үед шоргоолж хэмээх бүл олонтой шавьжийг хооллосноос их буян хурдгийг доор өгүүлэх домогт тодотгосон нь бий.

Домогт өгүүлэх нь:

Буддын нэгэн хийдэд залуу лам шинээр шавилан суужээ. Тэрээр анх ирсэн өдрөөсөө эхлэн ихэд хичээнгүй, багшийнхаа зааж сургасан болгоныг их хурдан сайн сурдаг гайхалтай сайн шавь байжээ. Нэгэн өдөр багш нь “Шавь маань ирээдүйд их юм дуулгах сайн шавь байна”  гэж бодоод ирээдүйн зурлагыг нь зуртал  яг 7 хоногийн дараа үхэхээр зурлагад буужээ. Тэгээд багш нь ихэд гайхан өөрийн эрдэм чадал төгс  багшдаа  дуулган, зурхайг нь дахин зурж үзтэл бас л адилхан 7 хоногийн дараа үхэхээр буусан байна. Тийнхүү хоёр  багшийн зурлага нь яг адилхан гарч,  үүнээс гэтлэх арга чарга юу байна үзэхэд  бүхэл бүтэн хот суурингийн хүн амын хэмжээтэй хүмүүсийг цадтал хоол, хүнс өгвөл тэрхүү буяны шимээр амь хэлтэрч болох юм гэж зурхайд буужээ.  Гэвч тийм их хоол хүнс хаанаас олох билээ,  юутай ч эцэг эхтэй нь уулзуулж ирүүлье гэж  шийдээд хоёр багш нь шавьдаа замдаа идэх жаал хүнс баглаж өгөн, аав ээжд нь бас зориулж юм бэлдэн  мордуулж,  нэгэн зүйлийг сайтар захин хэлэв:  "Чи гэрийнхэндээ эдгээр зүйлсийг өгчихөөд яг 6 хоногийн дараа ирээрэй, нэг ч өдөр хоцорч болохгүй шүү" гэж сануулан сануулан,  захин захисаар явуулжээ. Нөгөөх шавь нь яг 6 хоногийн дараа иргэн иржээ.  Хоёр багш нь 7 дахь өдөр шавиан нэгэн өрөөний голд суулган,  дээрээс унах юу байна,  ойр орчим бас юу байна,  тэр бүх байгаа зүйлсийг холдуулан өдөржин ажин суутал юу ч болсонгүй, маргааштай золгожээ. Хоёр багш нь гайхан шавиасаа “Чи өнгөрсөн 6 хоногт юу хийсэнээ нэг бүрчлэн ярь”  гэв. Шавь нь багшдаа би гэртээ очоогүй. 6 хоног авч явсан хүнсээрээ ууланд хонон шоргоолж хооллоод ирсэн гэж хэлжээ… хэмээн buddhism.mn сайтад өгүүлжээ.

Энэ бол домог. Гэвч домог бүрийн цаана ухаарал, учиг нуугдан байдаг болохоор монголчууд шоргоолж хооллох зан үйлийг зүгээр ч нэг хийдэггүй нь мэдээж. Хаврын сүүл, зуны эхэн сард  шоргоолжнууд үүрээ нэвтлэн гарах үеэр, шоргоолж хооллох үйлийг хийдэг. Энэхүү зан үйлийг хийхийн өмнө гараа сайтар угаах учиртай бгөөд гар хуруунаас мах тосны үнэр үнэртэхээс цээрлэдэг гэнэ.  Шоргоолж хооллохдоо  дээд адис жанлав шингэсэн маанийн үрэл зэрэг номын аршааны зүйлсийг хольсон ариун ус, ариун ус үгүй бол цэвэр  усаар арвайн гурил зэргийг чийглэх төдий болгоод түүнийг нарийн модны үзүүрээр хутган авч шоргоолжийн үүрийн амсар дээр тархаан хийнэ. Урьдах гурил дуусахаас нааш нэмж болохгүй. Ингээд шоргоолж цадсан шинж мэдэгдэх хүртэл хооллодог номтой ажээ.

ХАЛИАР ЧИЙГ БАМД САЙН

Халиар хаварт л гарч ирдэг. Тал, говь нутгийнхан бол халиарыг мэдэхгүй. Харин хангай газрынхан, тэр дундаа нийслэлчүүд халиарыг андахгүй. Хаврын хаварт хотын хаанаас ч халиар авч болно. Гудамж талбайд хүртэл багцлаад барьчихсан зогсох халиар чухам юун сайн бэ.

Халиар нь голдуу ялзмаг ихтэй шаварлаг хөрсөнд ургадаг олон наст ургамал. Урт нь 20-40 см хүрдэг, 4-6 сарын хооронд цэцэглэдэг. Хавар 4-5 сард түүдэг, сармисны үнэртэй төстэй болохоор Германчууд халиарыг баавгайн сонгино, ойн сармис, зэрлэг сармис, Еврэйн сонгино, Цыганы сармис гэх мэтээр нэрлэдэг байжээ. Халиар нь голдуу ой болон хөндийд, Европ Азийн орнуудаар ургадаг. Эртний Ромчууд, Герман, Келтүүд халиарын тухай мэддэг байжээ. Тэд халиарыг түүгээд цээжиндээ үрвээс далдын хүч, шуламын хорлолоос хамгаалагдана гэж итгэдэг байжээ. Эртний Ромчууд халиар цус цэвэрлэдэг тухай бичсэн байдаг бол Германчууд цус цэвэрлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, цагаан хорхойн эсрэг хэрэглэдэг байжээ. Германы гэлэнмаа Хилдэгард фон Бингэн халиарыг ходоодны өвчтөй хүмүүс чанаж болгосны дараа бага зэрэг хэрэглэж болно. Харин түүхийгээр идэхгүй байхыг сануулжээ.

 Зөвхөн Монголд төдийгүй Европын орнуудад ч өргөн хэрэглэдэг халиар нь олон төрлийн витамин, магни, магнизм, төмөр агуулсан байдаг учраас бактерийн эсрэг үйлчилж, үрэвслийг намдааж, цусны эргэлтийг сайжруулж, судасны хатуурал, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэх чанартай юм байна.  Анагаах чанараараа сармистай төстэй. Сармис шиг хурц үнэртэй тул хандалж уухад тохиромжгүй. Халиарыг чийг бамын євчин, судас хатуурах, гэдэс ходоодны гvрвэлзэх хєдєгєєн удааширч, хоолны шингэц муудах зэрэгт хоолондоо хольж хэрэглэнэ. Хаврын цагт монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг халиар ийм шидтэй ургамал аж. Халиартай хуушуур, халиартай бингүйгээр Монголын хаврыг төсөөлшгүй нь ийм учиртай.

ХУСНЫ ШҮҮС ХООЛОЙНЫ АНГИНА, УУШГИНЫ БАГТРААГ АНАГААНА

Хүмүүс хусны шүүсийг маш өргөн хэрэглэсээр байна. Хусны шүүсийг жил бүрийн хавар тавдугаар сарын 1-20-ны дотор цаг агаарын байдлаас шалтгаалан хусны гүйдэл эхлэхээс дуусах хугацаанд бэлтгэж авдаг. Шүүсийг авахдаа модыг гэмтээхгүйгээр хусны гадна талын цагаан үйсийг хурц хутгаар 1-2 см орчим гүн зүсэж шүүсийг гоожуулан цорго, тосгуурын тусламжтайгаар тосож авна. Шүүсийг авч дууссаны дараа хусыг гэмтээхгүйн тулд цоолсон нүхийг бөглөж тосон будгаар будна. Нэг хуснаас 2-3литрээс их шүүс авахгүй байх нь чухал. Хэрэв хэт их шүүс авах буюу хэт гүн зүсэж модлогийг гэмтээх нүхийг бөглөхгүй шүүсийг гоожуулж орхивол уг хус үхэх учир хянуур болгоомжтой эв дүйтэй байх хэрэгтэй. Хусны шүүсний амт чанарыг сайжруулах зорилгоор элсэн чихэр, лимоны хүчил зохих хэмжээгээр нэмж уусгана. Шүүсийг хөвөн маарлаар шүүж шилэн сав юмуу паалантай хувинд хадгална. Хусны шүүсний үндсэн үйлчилгээ нь цинг /С эмин дэмийн дутмагшил/ -ийн эсрэг, шээс хөөх юм. Түүнийг подагри, үе мөчний өвчин, хаван, хатигшилт, хоолойны ангина, уушигны багтраа зэрэг өвчнүүдийн үед ууж хэрэглэнэ. Мөн ханиад, ходоод гэдэс, элэг цөс гээд ер нь л бүх л өвчинд тустай.  Мөн уг шүүсийг экзем болон бусад арьсны өвчинд гадуур хэрэглэж болно.

Хусны шүүсийг гоо сайхны зориулалтаар ч ашигладаг ажээ. Хусны  шүүсийг уухын хажуугаар өглөө бүр нүүрээ угаагаарай. Мөн түүн дээр нимбэгний шүүс нэмээд өдөрт хоёр удаа арьсаа арччих. Тэгвэл арьс яваандаа цайрч шингэрнэ гэдгийг эмч нар зөвлөж байна.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж