Санхүүгийн зөвлөгөө, хөрөнгийн удирдлага болон үнэт цаасны андеррайтинг, брокер дилерийн зэрэг хөрөнгө оруулалтын корпорацийн цогц үйлчилгээг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж буй MICC нь “Занаду Майнс” компанитай хамтран энэ сарын 22-нд “Хөрөнгө оруулагчийн клуб” ээлжит уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар тус корпораци “Занаду Майнс” компанийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдтэй танилцсан юм.
“Занаду Майнс” компани нь 2010 оны арванхоёрдугаар сард Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийж, 25 сая доллар татан төвлөрүүлсэн, Монголд хайгуулын ажил хийж байгаа уул уурхайн компани. Одоогоор Гал шар нүүрсний, Хутаг Уул, Элгэн Уул-Зос Уулс алт-зэсийн ордуудын төсөл дээр түлхүү ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотоос 200 орчим километрт орших Хар Тарвага орд нь Жорк стандартаар 327 сая тонн нүүрсний нөөцтэй. Гал шар төсөл нь мөн Улаанбаатар хотоос 350 километр газарт хайгуул хийх зургаан лицензтэй ба энэ орд 200 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоогоод байгаа. Уг ордын нөөцийн хайгуулын дүнг хоёр сар орчмын дараа зарлах аж. Түүнчлэн Эрдэнэтийн уурхайгаас 40 километрийн зайд орших Хутаг Уул, Элгэн Уул, Хуст Уул, Шар чулуут Уул зэрэг алт зэсийн ордод хайгуулын лицензтэй бөгөөд өнгөрсөн жил эдгээрт өрөмдлөгийн ажил түлхүү хийжээ.
Ихэнх төсөл нь дэд бүтэцтэй, тэр тусмаа төмөр замтай ойрхон газруудад хэрэгжиж буй нь тус компанид олон давуу талыг бий болгожээ.
“Занаду Майнс” компани “Нобль” групптэй хамтран коксжих нүүрс, төмрийн хүдрийн хайгуул хийхээс гадна уул уурхайн төслүүд хэрэгжүүлэх стратегийн түнш болж, Нүүрстэй коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.