Бахрейнийн вант улсын төр засгийн эрх барьж байгаа суннитийн урсгалын элит төлөөлөл болох хааны гэр бүлийн эсрэг тэмцэл явуулсан исламын шиитийн сөрөг хүчний 21 тэмцэгчдийг тус улсын шүүх буруутай гэж үзэж бүх насаар нь шоронд хорих ял оноолоо. Бахрейн улс нь исламын суннит болон шиит хэмээх үл эвлэрэх хоёр урсгалын гол төлөөллүүдийн өрсөлдөх талбар болон хувираад байгаа юм. Шиитийн сөрөг хүчний 21 тэмцэгчийг засгийн газрын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, аллага хядлагыг өдөөсөн гэж буруутган ялласан тухай тус улсын мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Шүүхын ялыг уншиж өгөхөд эсэргүүцлээ илэрхийлсэн Шиитийн тэмцэгчдийг шүүхийн танхимаас хүчээр гаргасан гэнэ. Хүний эрхийн төлөө тэмцэгчид Бахрейныг улс төрийн баривчилгааг зогсоохыг шаардаж, олон улсын хүний эрхийн хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Бахрейны угсаа залгамжлагч хунтайж Салман бин Хамад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзахдаа сөрөг хүчний босогчидтой хэлэлцээр хийж, зөвшилцөх арга зам хайж байгаа гэж мэдэгдэж байсан юм.
Бахрейны сөрөг хүчний “Wefaq” бүлгийн тэргүүн Шейх Али Салман засгийн эрх барьж буй суннитүүд босогчдод бүх насаар нь шоронд хорих ял оноосон нь тус улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж, зөвшилцлийг үгүйсгэж байгааг харууллаа” гэжээ. Бахрейн нь Араб хувьсгалын шуурга дэгдсэн Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудын нэг юм. Бахрейны шүүх засгийн газрыг эсэргүүцэгч босогчдын хөдөлгөөний үеэр эмнэлэг босогчдыг орогнуулж, тэдний зэвсгийг хадгалах газар болж байсанд эмч, сувилагч нарыг мөн буруутгаж байгаа ажээ.
Н.Энх