Хүүхэд зам дээр осолдох хэрэг өсч байна

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Хүүхэд зам дээр осолдох хэрэг өсч байна

2016 он гарсан эхний гуравхан сард нийтдээ найман хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдсан гэх харамсалтай дүн мэдээ байна. Харин 37 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтэл авчээ.

Уг нь энэ жилээс Замын хөдөлгөөний тухай шинэ хууль, мөн жолооч нарын зөрчлийн оноог тооцох журам гээд эрхзүйн хувьд хяналт сайжирсантай холбоотойгоор зам тээврийн осол, зөрчил буурсан гэх эерэг дүн гарсан. Гэвч бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй, эсрэгээрээ он дараалан нэмэгдсээр байна. Сүүлийн 10 жилд хүүхэд өртсөн зам тээврийн осол тасралтгүй өсчээ. Зам тээврийн ослоор амиа алдсан хүүхдийн тоо 2010 онд 28, 2011 онд 40, 2012 онд 43, 2013 онд 37, 2014 онд 48, 2015 онд 54-д хүрчээ. Зам тээврийн ослын улмаас 2015 онд Гэмтэл согог, судлалын үндэсний төвд л гэхэд гурван мянга гаруй хүүхэд ирсэн байна.

Хүүхэд өртсөн нийт ослын хамгийн их буюу 65.7 хувь нь явганаар зам гарах үе эзэлжээ. Харин 31.8 хувь нь автомашинд зорчиж явахдаа, 2.5 хувь нь дугуйтай явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна. Зам тээврийн ослын 90 гаруй хувь нь сургуулиасаа гэр рүүгээ, гэрээсээ сургууль руугаа явах замдаа өртжээ.

“70 орчим сургууль автозамтай хаяа дэрлэдэг”

Нийслэлийн хэмжээнд 220 Ерөнхий боловсролын сургууль бий. Түүний 60-70 сургууль нь авто замтай хаяа дэрлэн оршдог. Эрсдэлтэй бүсэд байрлах сургуулийн 20 орчим хувийг нь л хашаа хайс, таних тэмдэг, хурд сааруулагчаар цогц байдлаар тохижуулжээ. Гэхдээ нийслэлд зам тээврийн ослоос сэргийлж, стандартын дагуу бүрэн тохижуулсан нэг ч сургууль байдаггүй аж. Харин 50, 45 зэрэг тоотой хэдхэн сургуулийг стандартад дөхүүлэн тохижуулжээ.

Уг нь сурагчдыг зам тээврийн ослоос сэргийлэх үүднээс “Сургуулийн бүс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхний ээлжид 45 дугаар сургуулийг мэдрэгчтэй, автомат гэрлэн дохио, саад, хурд сааруулагчаар иж бүрэн тохижуулжээ. Гэвч төсөв, мөнгөний асуудлаас болоод хамрах хүрээ нь хумигдмал байдаг гэлээ.

Мөн өнгөрсөн жил зургаан дүүргийн таван сургууль бүрийг орчноо аюулгүй болгон тохижуулах үүргийг Замын цагдаагийн газраас өгчээ. Гэвч үүргийн биелэлтээ шалгахад ганцхан 50 дугаар сургууль л биелүүлсэн байх жишээтэй. Нэгэнт сургуулийн бүс эрсдэлтэй нөхцөлд байрладаг ийм үед эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэж, хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг байгаа юм.

Мөн “School police” хөтөлбөрийг бүх сургуульд хэрэгжүүлж байгаа. Энэ нь мэдээж үр дүнгээ өгч байгаа талаар сургуулийн захиргааныхан хэлж байлаа.

“Хүүхдүүдэд сэрэмжлүүлэг хүргүүлнэ”

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг “Хүүхэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгон иргэдэд мэдлэг, мэдээлэл олгодог. Энэ хүрээнд өнөөдөр, маргааш Замын цагдаагийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Замын цагдаагийн газраас өнөөдөр авто замтай хаяа дэрлэн оршдог, эрсдэлтэй сургуулийн орчмоор сэрэмжлүүлэг бүхий цувааг явуулж байна. Цуваагаар дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэж, урьдчилан сэргийлэх арга замыг таниулах аж. Мөн маргааш “Hunnu Mall” төвд 13.00 цагт иргэд, эцэг эх, хүүхдүүдэд зориулсан зам тээврийн ослоо сэргийлэх өдөрлөг зохион байгуулах юм байна.

Замын цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх цуврал арга хэмжээг ийнхүү зохион байгуулах гэж байна. Гэхдээ эцсийн дүнд эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулж, зөв дадал, хэвшлийг биеэрээ үлгэрлэх нь хамгийн том хамгаалалт гэдгийг санах хэрэгтэй. Та өдөр бүр энэ тухай бодож байгаарай. Өнөөдөр та замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар хүүхдэдээ ямар үлгэр дууриал үзүүлсэн бэ?

БЭЛТГЭСЭН: Б.ЗАЯА

                      Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж