АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас зарим асуудлыг тодрууллаа.
-АН-ын гишүүдтэй холбоотой зарим мэдэгдэл, үйл явц нь танай намыг хагаралтай байна гэж харагдуулж байна. Үүнд хариулт өгөхгүй юу?
-Би АН-ыг хагаралдаж байна гэж ойлгохгүй байгаа. Энэ нь магадгүй үнэмшилгүй сонсогдох байх. Тодорхой асуудлаар АН-ын гишүүд өөрсдийн байр суурийг хамгаалж байна. Тэр тухай асуудлаар гишүүдийг шүүмжлэх юм уу, эсвэл Ерөнхийлөгчийг шүүмжлэх нь хувь хүний үүднээс гаргаж байгаа үйлдэл гэж харж байна.
-АН-ын ҮЗХ дөрөвдүгээр сарын 16-нд хуралдана. Энэ хурлаар АН үзэл бодлоо нэгтгэж чадах болов уу?
-Энэ хурлаар хамгийн түрүүнд 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг батална. Дөрөвдүгээр сарын 20-нд Үндэсний аудитын газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өгөх ёстой. Тиймээс ҮЗХ-оор шийдэх шийдэх нэн тэргүүний асуудал бол намын мөрийн хөтөлбөр юм.
-ИЗНН, МҮАН-д нэгдэх санал тавьсан. Энэ асуудал юу болж байна вэ? ИЗНН-д бусад намаас эвсэх санал ирээд байгаа сурагтай байна?
-Улс төрийн хоёр намд манай намтай нэгдээч гэсэн санал хүргүүлсэн. Энэ асуудлыг ҮЗХ-ны хурал дээр ярилцах байх.
-МҮАН одоогоор ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?
-МҮАН-ын дарга М.Энхсайхан бол нийлэхгүй эвсэж болно гэж хэвлэлээр хэлсэн байна лээ. Тэр бол байж болох ердийн хэм хэмжээ шүү дээ.
-Яг өнөөдрийн тухайд бол хоёр намын нэгдэх болон эвсэх асуудал хууль эрх зүйн хувьд боломжтой юу?
-Болно. Өөрийнхөө намыг татан буулгаад манай намд орчихно гэсэн үг шүү дээ. Манай нам бусад улс төрийн намтай эвсэхгүй. Дангаараа сонгуульд орно.
Т.ДАВААНЯМ