Монгол эрчим хүчний шинэ тоглогч болох уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Монгол эрчим хүчний шинэ тоглогч болох уу?

Газрын доороо 150  тэрбум тонн нүүрстэй, нүүрснийхээ нөөцөөр дэлхийд 10-т бичигдэг Монгол Улс эрчим хүчний импортлогч биш экспортлогч болоход ойрхон иржээ. Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас энэ чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр  шийдвэрлэсний нэг нь “Шивээ Энержи” төсөл юм.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Оюутолгойгоос хоёр дахин их хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ гэсэн тооцоо байна. Тодруулбал, “Шивээ Энержи” төсөл амжилттай хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад нийтдээ 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр төлөвлөгдөж байгаа юм.  Төслийн хүрээнд Говьсүмбэр болон Дорноговь аймгаар дамжин нийтдээ 1300 километр шугам тавигдахаас гадна Шивээ-Овоогийн нүүрсийг түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортолно. Шивээ-Овоогийн ордыг ийнхүү эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монголын хүрэн нүүрсний зах зээлд томоохон “тэсрэлт” гарна гэсэн хүлээлт байгаа билээ. Өөрөөр хэлбэл, хамгийн тортог ихтэй, чанар муутай хэмээн “адлагддаг” Шивээ-Овоогийн нүүрсний уурхай дээр “Шивээ-Энержи” төслийг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж чадвал газрын доор байгаа 150 тэрбум тонн нүүрсний үнэ цэнэ өсч, зөвхөн коксжих нүүрсээрээ “амьдрах” шаардлагагүй болно.  Монгол Улсын хувьд нүүрснийхээ асар их нөөцийг эдийн засгийн эргэлтэд  оруулж, эрчим хүчний экспортоосоо сая, сая долларыг “халааслах” боломж гарч ирж байна гэсэн үг. Тиймээс энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх шаардлага байгааг өнгөрсөн Лхагва гариг “Шангри-Ла”-д  болсон зөвлөлдөх уулзалтын үеэр эрдэмтэн, судлаачид хэлж байв.

Төслийн хүрээнд  9240 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цахилгаан станц баригдах бөгөөд энэ нь Монгол Улсад эрчим хүч үйлдвэрлэж байгаа цахилгаан станцуудтай харьцуулбал бараг 10 дахин илүү хүчин чадалтай байх гэнэ. Энэхүү эрчим хүчний аварга том “мангас”-т жилдээ 34 сая тонн нүүрс нийлүүлэх боломжтой.   Монголын хүрэн нүүрсний салбарт ажиллаж буй нүүрсний уурхайнуудын үйл ажиллагааг тэтгэж, ингэснээр энэ салбарт ажлын байр олноор бий болно гэсэн эдийн засгийн тооцоо байна. Төсөл хэрэгжих сургаар хүрэн нүүрсний олборлолт эрхэлдэг компаниуд “Эрдэнэс Шивээ-Овоо” гэсэн компани байгуулж, хэдийнэ нүүрсээ нөөцлөөд эхэлсэн аж. 

Төсөл хэрэгжүүлэх ажлыг Монголын талаас эрчим хүчний экспортын “Шивээ Энержи” цогцолбор төслийн нэгж, БНХАУ-ын талаас Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци болох “State Grid” групп компани хариуцан ажиллаж байгаа юм.

Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нийт 29500 га талбайг хамардаг бөгөөд нийт 2708.7 сая тонн нүүрсний нөөцтэй,  гурван үндсэн хэсгээс бүрддэг. Энэ ордод 11 тэрбумын хөрөнгө оруулалттай “Шивээ-Энержи” төслийг хэрэгжүүлснээр нийтдээ 3500 хүн тогтмол ажлын байртай болох гэнэ. Мөн төслийг гүйцэтгэх явцад 20 мянган хүн ажлын байраар хангагдах аж.

Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нийт 29500 га талбайг хамардаг бөгөөд нийт 2708.7 сая тонн нүүрсний нөөцтэй,  гурван үндсэн хэсгээс бүрддэг. Энэ ордод 11 тэрбумын хөрөнгө оруулалттай “Шивээ-Энержи” төслийг хэрэгжүүлснээр нийтдээ 3500 хүн тогтмол ажлын байртай болох гэнэ. Мөн төслийг гүйцэтгэх явцад 20 мянган хүн ажлын байраар хангагдах аж.

Гол нь Монголын талаас  бизнес эрхлэх зөвшөөрлийг нь цаг алдалгүй шийдвэрлэх, төр засгийн байгууллагын уялдаа холбоо холбоогоо сайжруулж, дунд, доод шатандаа хүнд суртлаа багасгавал төсөл амжилттай хэрэгжих боломж байна. Хөрөнгө оруулагчдын  зүгээс өмнө нь хийсэн геологийн газрын шинжилгээ, судалгааны зүйлстэй дэлгэрэнгүй танилцах шаардлагатай байгаа аж. Салбарын яам болон холбогдох агентлагууд нь хөрөнгө оруулагчдын хүсэлтийг хангах талаас нь анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг ч эдийн засагчид хэлж байв. Хэрэв Монголын талаас төслийг хэрэгжүүлэх ажил тулгарч буй асуудлыг нь цаг алдалгүй шийдээд өгвөл бүтээн байгуулалт нь 2017 оноос буюу ирэх жилээс эхэлнэ.  Цахилгаан станцын бүтээн байгуулалт дөрвөн жил үргэлжлэх бөгөөд, 2020 он гэхэд ашиглалтад орж чадвал Хятадаас өндөр үнэтэй эрчим хүч импортолж авах биш, эрчим хүчээ хятадуудад өндөр үнээр экспортлох үүд хаалга нээгдэх юм. 

Монголд юу л байна, нүүрс байна. Тиймээс нүүрсээ ашиглаж эрчим хүч үйлдвэрлэн, экспортод гаргана гэдэг манай улсын хувьд том дэвшил.  Хамгийн сайн чанарын нүүрсээ хамгийн хямдхан үнээр уурхайн аман дээрээс нь түүхийгээр нь зарах биш, хамгийн тааруу нүүрсээ нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгож, хамгийн өндөр үнээр экспортод гаргах нь улсын нэг бодлого байх учиртай. Тиймээс “Шивээ-Энержи” төслийг амжилтад хүрээсэй гэсэн хүлээлт эрчим хүчний салбарт төдийгүй уул уурхайн салбарынханд байна.

Эрчим хүчний үйлдвэрлэл сайжирснаар нүүрсний олборлолт нэмэгдэнэ. Нүүрсний олборлолт нэмэгдсэнээр улсад төлөх татвар  өснө. Татварын хэмжээ өссөнөөр монголчуудын цалин нэмэгдэнэ.  Орд тойрсон хот тосгон баригдана. Хөгжил дэвшил ирнэ.  Тэгэхээр “Шивээ-Энержи” төсөл бол зөвхөн нүүрснийхэнд хамаатай асуудал биш юм.

“Шивээ-Овоо”-гийн орд бол стратегийн ордод багтдаг. Энэ утгаараа асуудлыг улс төржүүлж магадгүй гэсэн болгоомжлол эрчим хүчний салбарынханд байна. Тиймээс стратегийн ордыг “бид мэднэ, шийднэ” гэж хаана, хаанаа асуудал үүсгэлгүйгээр “Эрчим хүчээ экспортлох нь Монголын эрх ашиг” гэдэг дээр нэгдэж, стратегийн ордын нөөцийг хувийн компани руу шилжүүлэх төвөгтэй асуудлаа яаралтай шийдэж өгөхийг хөрөнгө оруулагчид хүлээж байна.

Салбарын яам болон  эдийн засагчид, эрдэмтэд  “Шивээ-Энержи” төслийн үр дүнг доорх байдлаар тодорхойлж байна.

1.Экспортыг төрөлжүүлнэ

2.Улсын татварын орлого нэмэгдэнэ

3.Гадаад валютын тогтмол эх үүсвэр бүрэлдэнэ

4.Нүүрсний ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулна

5.Ажлын байр үүснэ

6.Хөрөнгө оруулалт татна

7.Нэмүү өртөг бүтээнэ

8.Дотоодын нийлүүлэлт нэмэгдэнэ

9. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэнэ

10.Бүс нутгийн хөгжлийг дэмжинэ

11.Хотжилт үүснэ

“Шивээ-Энержи” төсөл амжилттай хэрэгжиж чадвал Монгол жинхэнээсээ дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч болно гэсэн үг.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж