Өвөрхангайн Сант сумын залуус аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд оролцохоор Арвайхээр рүү явж байгаад замдаа осолдож, гурав нь газар дээрээ нас барсан. Уг осол Арвайхээрээс зүүн тийш 60 км зайтай орших Хүйтний хөндий гэдэг газарт болжээ. Энэ газарт өмнө нь 2015 оны аравдугаар сард мөн л автын осол гарч, сууддын тэрэгний гурван зорчигч амиа алдсан аж. Энэхүү мэдээг сонсоод эрхгүй түгшүүр төрөв. Нэр нь хүртэл Хүйтний хөндий гэх тэр газарт одоогоос гурван жилийн өмнө манай гэр бүлийнхэн машинтайгаа жалга руу унаж байсан юм. Бурханы авралаар бид багахан гэмтэлтэй ч эсэн мэнд үлдсэн боловч тэр аймшигт ослыг өнөө хэр мартдаггүй, аваар ослын талаарх мэдээг сонсох бүрт хорвоо дэлхий эргэж хөрвөсөн тэр мөч нүднээ тодорч, нуруу руу хүйт оргидог юм.
Хоёр удаа олон хүн зэрэг амь үрэгдэж, удаа дараа ноцтой осол гарсан Хүйтний хөндийн замыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Мэргэжлийн хяналтын газар, "Өвөрхангай АЗЗА" ТӨХК-ийн мэргэжилтнүүд хамтран, шалгаж судалсан байна. Замын тэр хэсэгт 10-13 см суулт үүссэн ч осол гарахад нөлөөлөхгүй гэж уг үзлэгээр дүгнэжээ. Жолооч нар иймэрхүү зам дээр цагт 80 км-ээс илүү хурдлах ёсгүй. Согтуудаа жолоо барьсан, хурд хэтрүүлсэн, хамгаалах бүс зүүгээгүй зэрэг шалтгааны улмаас осол гарсан гэж дээрх байгууллагынхан үзэж байгаа аж. Мэдээж, осол гарахад жолооч нарын буруу бий. Гэвч зам нь байх ёстой төвшнөөс 10-13 см суулттай байхад ослын шалтгаан биш гэж үзсээр, тэр тоолон хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байх уу. Цэл залуухан насандаа хорвоог орхиж буй тэр хүмүүсийн ард амьдаараа хатаж суугаа аав, ээжийн зовлонг нимгэлэх нэг арга нь дараагийн хүмүүсийг осол аваараас аврах юм. Тодорхой хэлбэл, замаа засах.
Хавар болж, газар гэслээ. Хаа сайгүй эмтэрч эвдэрсэн замын өө согог энэ л үед мэдэгддэг. Тиймээс осол аваар их гардаг, эрсдэл бүхий замуудад үзлэг шалгалт хийж, боломжтой бол засч, хөрөнгө мөнгө дутмаг бол анхааруулга сэрэмжлүүлэг хадаасай.
Xамгийн их осол гардаг газрууд
Мэргэжлийн байгууллагууд хамтран хамгийн их осол, аваар гардаг газар нутаг, зам давааг тогтоосныг уншигчдадаа хүргэе.
Баянхонгор-Арвайхээр чиглэлийн замын Өлзийт сумын Цагаан хөтөлийн замын уруу, огцом эргэлттэй газарт 2010 оноос хойш 34 осол гарч 11 хүн нас баржээ.
Сэлэнгэ аймгийн Шаамар-Зэлтэр чиглэлийн замд засвар арчлалт тогтмол хийдэггүй, том оврын тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэн зорчсоноос 2013 онд 7 осол гарсан.
Ерөө голын 153 у/м, Түнхэлийн 134.5 у/м модон гүүрэнд их засвар хийгдээгүйгээс хэвийн зорчих нөхцөл алдагдаж байна.
Өмнөговь аймгийн Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтын чиглэлийн зам зориулалтын бус, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин муу, хурд хэтрүүлснээс 2013 он, 2014 оны 4 сарын байдлаар 19 осол бүртгэгдсэн.
Төв аймгийн нутаг дэвсгэр дэх замд 324 осол бүртгэгджээ. Тус аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Алтанбулаг сумын нутаг дахь модон гүүрүүд эвдэрч тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагджээ.
Улаанбаатар-Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн замд 10 гаруй жил их засвар хийгдээгүйгээс ихэнх хэсэгт эвдрэл гарч шаардлага хангахгүй болсон.
Улаанбаатар-Зуунмод чиглэлийн зам 1983 онд ашиглалтанд орсноос хойш их засвар хийгээгүй, тээврийн хэрэгслийн овор хэмжээ, тоо нэмэгдэж байгаа.
Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замын туслах замаас төв зам руу орох үзэгдэх орчин хязгаарлагдмал, шулуун замд хурд хэтрүүлснээс осол гардаг.
Замын-Үүд-Улсын хил чиглэлийн замд 2013, 2014 онд 77 осол бүртгэгдсэн.
Булган аймгийн Гурванбулаг сумын орчимд үерийн улмаас замын далан сэтэрч машин онхолдох болсон.
Хөшөөт-Ярант чиглэлийн зам, Жаргалант сумын Талын хашааны гудамжны замд зургаан осол гарч 8 хүн нас барсан хэрэг бүртгэгдсэн байна.
Дөргөн сумын Чоно харайх галын модон 46,8 у/м гүүрийн тулгуур, зорчих хэсэг эвдэрсэн байна.
Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Улаанбаатар-Баянхонгор, Хархориноос Хужирт-Цэцэрлэг-Өгийн нуур чиглэлийн замын үзэгдэх орчин хангалтгүй, огцом эргэлттэй, огцом өгсөх, уруудах хэсэгтэй, 4 замын уулзвар зэрэг газарт 79 осол бүртгэгджээ.
Мөрөн-Хатгал чиглэлийн замд үерийн улмаас 500м орчим хэсэгт хучилт бүрэн эвдэрсэн, 4.5км хэсэгт замын хажуугаар 2м гүнтэй гуу жалга үүссэн.
Увс аймгийн Улаангом-Хандгайт чиглэлийн замын уруу хэсэгт өндөр далантай, огцом эргэлт тойрог ихтэй, өгсүүр, эгц уруу газарт хурд хэтрүүлснээс осол гарч байна.
Чингис хаан-Чойбалсан, Чойбалсан-Баяндун чиглэлийн замд зургаан осол гарснаас гадна Хэрлэн голын модон гүүр байнга эвдэрдэг.
Өлгийгээс Ховд чиглэлийн замын Бураатын даваа, Цагааннуур чиглэлийн замын Шинэ даваа, Увс чиглэлийн Бугын хөтөл, Даян чиглэлийн замын Ачит булгын даваа зэрэг газарт замын нөхцөл байдал хангалтгүй.
Энэ бол жил гаруйн өмнө гарсан мэдээлэл. Түүнээс хойш дээр нэрлэсэн замууд нэмж эвдэрсэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх замуудаас гадна Улаанбаатараас Дархан орох замд нийт есөн цэгт осол аваар их гарч байгааг МХЕГ-аас тогтоожээ. Даваа гүвээ өгсөх уруудахад халтиргаа гулнааны улмаас осол гарахын дээр замын эргэлттэй хэсэг, үзэгдэх орчин хязгаарлагдмал орчинд, зорчих хэсгийн шугам балртсан газарт жолооч нар анхаарал болгоомж алдсанаас осолд өртөх нь элбэг байдаг гэнэ. Тиймээс удаа дараа осол гарсан замуудыг дахин нэг нягтлан шалгах нь мэргэжлийн байгууллагын үүрэг. Сануулга сэрэмжлүүлэгт орсон дээрх газраар зорчихдоо жолооч нар өөрсдөө ч сэрэмжтэй байхад илүүдэх юун.
Д.ЦЭЭПИЛ