Английн нийслэл Лондон хотын Кристигийн дуудлага худалдаагаар Пабло Пикассогийн ховор уран зургийг 13,5 сая фунт стерлингээр худалдсан байна. Испанийн алдарт зураачийн дурлалт бүсгүй Терезагийн тухай “Jeune Fille Endormie” нэртэй зургийг худалдаалах үнийг өмнө нь есөөс 12 сая фунт стерлинг гэж тогтоож байсан юм. Уг зургаас олсон ашгийг Сиднейн Их Сургуулийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажилд зориулах ажээ.
Мария Тереза Волтер нь Пикассогийн олон зургийн сэдэв болдог байсан. Хосууд 1927 онд анх учрахад Пикассо 45 настай, Тереза 17 настай байсан бөгөөд ихэнх цагийг хамтдаа Пикассогийн хөдөө гэрт өнгөрүүлдэг байсан гэдэг. Өнгөрсөн 2010 онд Пикассогийн “Nude”, “Green Leaves And Bust” болон Терезагийн хөрөг зэрэг зургууд нийлээд 106,5 сая фунт стерлингийн үнэ хүрч, борлогдож байжээ.
Б.Энх