Исламын дайчид үйлдвэрийн ажилчдыг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Исламын дайчид үйлдвэрийн ажилчдыг барьцаалжээ

 

Исламын зэвсэгт дайчид өчигдөр /IV.7/ Сирийн Дамаск хотын ойролцоох цементийн үйлдвэрийн ажилчдыг барьцаалжээ. Үйлдвэрийн 120 гаруй ажилчинг хэдэн автобусанд хуваан суулгаж “Исламын улс” бүлэглэлийн хяналтад буй бүс нутаг руу авч явсан гэдгийг орон нутгийн албаныхны мэдээлэв. Харин Сирийн хүний эрхийг ажиглагчдын мэдээлснээр барьцаалагдсан ажилчдын тоо 150-250 хүрэх гэнэ. Зэвсэгт дайчдын дайралтын үеэр 140 гаруй ажилтан зугтаж чадсан аж. “Исламын улс” бүлэглэл үйлдвэрийн ажилчдыг авч явсан нь дайчин элсүүлэх зорилготой байж болох гэнэ. Дамаск хотоос зүүн хойд зүгт 48 км зайтай орших аль-Дхмейр дахь үйлдвэрт 300 гаруй хүн ажилладаг аж.

 

Үүний зэрэгцээ өнгөрсөн зургадугаар сараас хойш “Исламын улс” бүлэглэлийн хяналтад байсан Тикрит хотыг /IV.1/ чөлөөлсөн байв. Сирид таван жил үргэлжилсэн иргэний дайныг далимдуулан “Исламын улс” бүлэглэл газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоосон юм. Исламын зэвсэгт дайчид Сирид аллага, хүчирхийлэл, харгис цааз үйлдэж байна.

 

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн иргэний дайнд 250 мянга гаруй хүн амь үрэгдэж, сая гаруй хүн гэмтэж бэртэн, 11 сая хүн орон гэрээ алдан дүрвэжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж