Н.Манделагийн эхнэрт өв хөрөнгө үлдсэнгүй

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Н.Манделагийн эхнэрт өв хөрөнгө үлдсэнгүй

Өмнөд Африкийн ерөнхийлөгч агсан Нелсон Манделагийн анхны эхнэр Винни Мадикизела Мандела нөхрийнхөө хөрөнгөөс өв залгамжлах эрхгүй болжээ.

Өмнөд Африкийн дээд шүүх Виннигийн өв залгамжлах эрхийн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, нэхэмжлэлийн бүх зардлыг төлөх шийдвэр гаргасан байна.

Н.Манделагийн анхны эхнэр Куну суурин дах байшинг уламжлалт заншлын дагуу өөрт нь үлдэх ёстой гэж нэхэмжлэл гаргасан ажээ. 1994 онд Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч болж байсан Нелсон Мандела 2013 онд 95 настайдаа таалал төгсөхдөө өв хөрөнгөө гэр бүлийнхэндээ гэрээслэн үлдээсэн юм.

Н.Манделаг нас барснаас хойш нэг жилийн дараа 2014 онд Винни Куну суурин дах байшинг өвлөж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Өмнөд Африкийн Засгийн газар үүнийг эсэргүүцсэн юм.

Н.Мандела Виннитэй гэрлэснээс хойш 38 жилийн дараа 1996 онд гэрлэлтээ цуцлуулж, түүний нэрийг гэрээслэлдээ оруулаагүй ажээ.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэж, амьдралынхаа 27 жилийг торны цаана өнгөрүүлсэн Н.Мандела шоронгоос суллагдсанаас хойш зургаан жилийн дараа Виннигээс салсан байна.  Н.Мандела, Винни нар Өмнөд Африкийн хамгийн алдартай хосууд байсан билээ.

Н.Мандела Өмнөд Африкийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгаад улс төрөөс холдсон юм. Өмнөд Африкийн иргэд түүнийг “Ард түмний эцэг” хэмээн нэрлэдэг байв.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж