МВХ шилдэг менежменттэй холбоогоор шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

МВХ шилдэг менежменттэй холбоогоор шалгарчээ

Монгол улсын Засгийн газрын ивээл дор 2015 онд олон улсын чанартай спортын 15 тэмцээн зохион байгуулсан юм. Дээрх тэмцээнүүдийн зохион байгуулалт, ач холбогдлыг үнэлэн Зүүн Азийн волейболын эрэгтэйчүүдийн АШТ-нийг амжилттай зохион байгуулсан Монголын Волейболын холбоо шилдэг менежменттэй холбоогоор шалгарчээ. Тус холбоонд "Хvндэт өргөмжлөл"-ийг өчигдөр/2016.04.07/ ЭМСЯ-нд болсон Биеийн тамир спортын удирдах ажилтнуудын семинарын үеэр гардуулан өгсөн байна.

Сануулахад, Азийн волейболын холбооноос 2015 оны тавдугаар сард зүүн бүсийн АШТ-ийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоод харьяалагддагаас анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Тус тэмцээнд Японы баг түрүүлж, Тайвань, БНСУ-ын баг мөнгө, хүрэл медалийг авсан. Монголын баг IV байрт орж, БНАСАУ, ХонгКонг, БНХАУ, Макаогийн багууд V-VIII байрыг эзэлсэн юм. БНАСАУ-ын баг анх удаа оролцсон нь тэмцээний нэг онцлог байсан. 

Тус тэмцээнийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам дэмжин, “Витафит” групп ерөнхий ивээн тэтгэгчээр, “Баянгол” зочид буудал, тамирчидад үйлчлэхээр "Атибус" ХХК, харуул хамгаалалтын O.B.S ХХК зэрэг дэмжигч байгууллагууд хамтран ажилласан.

Монголын волейболын холбооноос өөрийн эх орондоо Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 2015 онд гурав дахь удаагаа зохион байгуулав. Өмнө нь 2000, 2008 онуудад Улаанбаатар хотод болоход эмэгтэй шигшээ баг тухайн онд МӨНГӨ, 2008 онд ХҮРЭЛ медаль хүртсэн билээ.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж