Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Өлзийгийн галерей

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн бичиж буй зураачдын тухай цуврал өгүүллийг news.mn сайт албан ёсны зөвшөөрөлтэйгээр танд хүргэх боллоо.

Миний хамгийн дуртай зүйл бол хэн нэгэнд юуг ч юм бэ ӨГӨХ! Facebook page рүү минь зочлох уншигчиддаа зориулж ӨГ гэдэг бяцхан булан нээлээ.

Ө+Г=ӨГ. Миний охины нэрийг Гэгээ гэдэг тул ийн нэрийдсэн юм (Өлзий, Гэгээ). Хамгийн гол нь, зүгээр л ӨГ, үнэгүй ӨГ гэсэн утга.

Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!


ӨГ-1

АНИР ЧИМЭЭГҮЙН ТУХАЙ ЧАНГААР…

Сюрреалист зураач Пенни Слинжэрийн ажил үнэхээр сэтгэл цочроодог. Хурц сэтгэлгээ, төгс гүйцэтгэл, уран чадварыг нь магтацгаая. Тэр Англид төрсөн Америк уран бүтээлч. Пеннигийн энэ зураг маш эротик аястай, гэхдээ бүдүүлэг, эрээ цээргүй биш, эршүүд, хатуу ч биш. Гойдын эмэгтэйлэг! Түрэмгий биш юм шиг атлаа л чамайг бүрэн эзэмдэн авна. Түүний уран бүтээл “феминист сюрреализм” хэмээх төрөлд хамаарагддаг.  Эмэгтэй хүний сэтгэхүй, дотоод мөн чанарыг харуулсан ажлуудаараа алдартай. Өөрийн биеийг бүтээлдээ их ашиглана аа. Нүцгэн байх үеэ гэрэл зурагт буулган олон ажил хийсэн байдаг. Маш хатуу дэг бүхий хоолны дэглэм барьж, биеийнхээ өөрчлөлтийг цуврал гэрэл зургаар авч, өвөрмөц бүтээл хийсэн ч удаатай.  “Анир чимээгүйн тухай маш чангаар өгүүлдэг зураач” гэж Пеннигийн тухай нэг сэтгүүлд бичжээ. 2009-2010 онд Манчестерийн Арт Галерейд “Анархийн сахиусан тэнгэрүүд” гэдэг үзэсгэлэнд бүтээлүүд нь тавигдаж л дээ. “Анархийн сахиусан тэнгэр” гэдэг үг өөрөө маш ихийг хэлээд өгч байгаа биз? Яг одоо таны харж буй, аугаа их өгүүлэмж бүхий энэ зургаас бүсгүйчүүдийн “хөнгөн болоод хүнд амьдрал”, хов живийн цуурай сонсогдох шиг болдог. Энэ гоё будагтай, улаан уруулын дотор буй хорхойтой шүд бол хүн бүхний дотор нуугдмал байдаг өөдгүй зан, бохир сэтгэлийн илэрхийлэл юм гэж би хувьдаа уншлаа. Эгээ л, фэйсбүүкийн энэ “хэт поп” ертөнцөд хэдийнээ хэвийн зүйл болж хувирсан, бие биенээ тасар татан, зулгаан зажлан идэгч, тасралтгүй муулж, гүтгэн гутааж, өөлөн шоологч хогийн, жижигхэн зан шиг хорхойтой шүд! “Мах идэх шүд аманд буй, хүн идэх шүд сэтгэлд буй” гэдэг байх аа…

Хорхойтой шүдний эзэн хөөрхөн бүсгүйн гоёл сувдан ээмэг бол эм хүний дотоод дахь нууцлаг чанарын бэлгэдэл! Хөөрхөнөөс хөөрхөн энэ жижигхэн чих биднийг, өөрийнхөө тухай юу гэж бодохыг сониучирхана. Пенни бас 19 хэлнээ орчуулагдаж, нэг сая хувь зарагдсан номын зохиогч юм. Гайхалтай авьяаслаг энэ эмэгтэй “Миний хэлэхийг сонс!” хэмээх зургаараа тантай ийн мэндчилж байна. Мэндийг нь би уламжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж