Хотын татварт тэрбум гаруй төгрөг төвлөрчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Хотын татварт тэрбум гаруй төгрөг төвлөрчээ

Улаанбаатар хотын иргэд нийслэлийн гэсэн тодотголтой татвар төлөөд таван сар болж байна. Хотын татварыг архи, тамхины худалдаа, баар, ресторан, зочид буудлын үйлчилгээнд ногдуулж байгаа юм.

Татвар суутгагчаар нийт 5406 иргэн, аж ахуйн нэгж бүртгэгдэж,  өнгөрсөн аравдугаар сараас хойш нийт нэг тэрбум 58 сая төгрөгийг Улаанбаатар хотын татварын дансанд төвлөрүүлжээ. 2015 оны төгсгөлд хотын татвараас нэг тэрбум төгрөгийг цуглуулна гэж  тооцсон ч тал хувийг нь буюу 481 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Харин энэ 2016 оны эхний улиралд 3.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцсон ч өнөөдрийн байдлаар 18 хувьтай буюу 577 сая төгрөгийн дүнтэйг Нийслэлийн Татварын газраас мэдээллээ. Энэ маягаар явбал энэ онд төвлөрүүлэхээр тооцсон 13-14 тэрбум төгрөгийн татвар орлого тасарна гэсэн үг.

Засгийн газрын 1111 төв болон нийслэлийн Татварын газрын иргэдийг сонсох утсанд худалдааны төв болон дэлгүүрүүд баримтаа өгөхгүй байна. Баримтаа нэхээд, худалдан авсан барааныхаа бичилтийг хийлгэхээр нэг хувийн хотын албан татвараа төл, төлөхгүй бол бичилт хийхгүй гэсэн гэсэн гомдол их иржээ. Ялангуяа хоёр гурван тооцооны машинтай худалдааны төвүүд татвар шингэсэн, шингээгүй гэж барааг ангилан хоёр өөр кассын машин дээр бичилт хийдэг тухай иргэд мэдээлсэн байна. Энэ нь хоёр балансаар үйл ажиллагааныхаа тооцоог гаргадаг далд эдийн засаг хөгжсөн газрууд байсаар буйг илтгэнэ гэж татварынхан тайлбарлалаа.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Нийслэл хотын албан татварын бүрдүүлэлт, тайлан баланс нэгтгэгдэх болсон. Ирэх зургадугаар сараас буюу нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем жигдрээд ирвэл хотын татвар төлөх иргэд, аж ахуйн нэгжийн тоо ч нэмэгдэх байх гэсэн эерэг төсөөлөлтэй нийслэлийн татварынхан сууна.

Нийслэлийн Татварын газраас гаргасан ерөнхий тооцооллоор жилд архи, тамхины худалдааны борлуулалтаас 11 орчим тэрбум, зочид буудал, ресторан, баар эрхлэх үйлчилгээнээс хоёр тэрбум төгрөгийн орлого олох юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж