… Яг сайхан монгол болгоно гээд дэндүүлж бас болохгүй. Мянга есөн зуун дал, наяад оны үед заавал сурах вальс, танго, фокстротыг нахилзах бүжиг, тахилзах бүжиг, ээрэнцэг бүжиг, эргэлдэх бүжиг гэж нэрлэсэн нь арай дэндүүлсэн хэрэг болсон юм. Дэлхий нийтээр түгж, нэг л үгээр танигддаг болсон нэрийг хэвээр байлгах нь зөвийг энэ хэдэн бүжгийн нэр харуулж байгаа болов уу. Хэтрүүлсэн орчуулгын өөр нэг жишээ нь Виктор Хюгогийн “Notre Dame de Paris” буюу “Парисын Дарь эхийн сүм” юм. Тодруулбал “Notre Dame” нь Парист байдаг Есүсийн ээж гэгээн Мари эхэд зориулсан сүм. Харин Дарь эх гэдэг бол буддын шашны эмэгтэй бурхадын нэр ч бурхан багшийн ээж лав биш. Ингэж хэтрүүлж орчуулснаас болж “Буддын шашинт Дарь эхээс христийг үндэслэгч Есүс төржээ.” гэж хэсэгтээ эргэлзэх хүүхдүүд байж магадгүй юм.
Хэтрүүлсэн орчуулга аманд орсон шар тосыг хэлээр чинь түлхүүлж ч магадгүйг М.Саруул-Эрдэнэ багшийн ярьсан үнэн бөгөөд хөгжилтэй нэгэн түүхээр төлөөлүүлэн ярьж энэхүү өгүүллэгээ жаргаая.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Рузвельт, Черчил хоёр Касабланкад яаралтай уулзах гэж байгаа тухай Испанийн мэдээг Германы тагнуулын алба замаас нь сонсож дөнгөжээ. Харамсалтай нь “Касабланка”-ийн “casa”-г байшин, “blanca”-г цагаан гэж үг бүрийг жиргэж орчуулсан нь хоёр ерөнхийлөгчийг АНУ-ын “Цагаан ордон”-д уулзаж байна гэж ойлгоход хүргэжээ. Яг үнэндээ Рузвельт, Черчил хоёр хажууханд нь байдаг Марокко улсын нийслэл Касабланкад уулзаж байсан гэдэг.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Орчуулагч биш орон, соёл судлаач болох хэрэгтэй” өгүүллийн хэсгээс