ДЦС-5-ын тендерийг өндөр түвшинд зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

ДЦС-5-ын тендерийг өндөр түвшинд зохион байгуулна

Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн техникийн судалгааг байгаль орчны үнэлгээ болон  ус нөөцийн судалгаатай хамт хийх, тайлан гаргах, Монголын Засгийн газрын түвшинд тайланг баталгаажуулах ажил хийгдэж дуусчээ.

Засгийн газар   судалгааны эцсийн тайланг хэлэлцээд төр хувийн хэвшлийн түншлэлийг ашиглан “Улаанбаатар ДЦС-5 төсөл”-ийг хэрэгжүүлэхийг ЭБЭХЯ, ТӨХ-нд үүрэг болгожээ.  Үүний дагуу  олон улсын нөхцөл шаардлагыг хангасан тендерийн баримт бичиг боловсруулах, дүгнэх, гэрээний хэлэлцээрт зөвлөх үйлчилгээг Азийн хөгжлийн банкнаас /АХБ/ үзүүлэхээр болсон.

Шинэ цахилгаан станцыг  Концессын гэрээний дагуу барьж байгуулах, ашиглах, шилжүүлэх нөхцлөөр олон улсын тендерийн баримт бичиг бэлтгэх, зарлах, үнэлэх ажлыг зохион байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр ТӨХ, ЭБЭХЯ, АХБ-ны удирдлагууд гарын үсэг зурлаа.  Уг зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлснээр гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг өргөнөөр татаж, тендерийн үйл ажиллагааг олон улсын нөхцөл шаардлагыг хангасан өндөр түвшинд зохион байгуулах болно гэж ЭБЭХЯ-ны удирдлага үзэж байна.

Санамж бичгийн дагуу хууль эрх зүй, санхүү, техникийн чиглэлээр АХБ-ны сонгон шалгаруулсан гурван баг зургаадугаар сард багтаан ажлаа эхлүүлэх юм. Ингэснээр олон улсын тендерийн бичиг баримт бэлдэх, зарлах, үнэлэх, дүгнэх ажлыг энэ онд багтааж дуусгахаар төлөвлөжээ.

Үүний дараа тендерт шалгарсан компанитай  Концессийн гэрээ байгуулснаар ДЦС-5-ыг барих шатандаа орох аж.

 Г.Идэр
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж