Монгол ураны олборлогч болсноо зарлах цаг ойрхон

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Монгол ураны олборлогч болсноо зарлах цаг ойрхон

        

    Австрийн нийслэл Вена хотноо энэ өдрүүдэд цөмийн энергийн салбарын         цаашдын бодлого болоод салбар тойрсон бүхий л асуудлаар дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд хуран чуулж, өөрсдийн туршлага, санал бодлыг солилцож байна. Салбар хуралдаануудад манай улсыг төлөөлөн Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлстийн дарга Т.Баярбаясгалан, ахлах мэргэжилтэн Б.Мөнхтөр нар оролцсон юм. Т. Баярбаясгалан даргаас дараах тодруулгыг авлаа.

    Салбар хуралдааны үр дүнгийн талаар танилцуулна уу?

    Монгол улсын Цөмийн энергийн газрын төлөөлөгчид Вена хотноо болсон хоёр ч хуралд оролцлоо. Австрийн нийслэлд болж буй Олон улсын цөмийн аюулгүй байдлын бодлогыг тодорхойлох сайд нарын хэмжээний чуулга уулзалтын зэрэгцээ Ураны бүлгийн уулзалт, мэргэжлийн түвшний хурал боллоо. Жил болгон зохион байгуулагддаг ураны бүлгийн энэхүү уулзалтад манай улсаас хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жил Канадад болж, энэ удаагийн 46 дугаар уулзалт нь Венад болж байгаа юм. Тус хуралд 30 гаруй орны ураны судалгаа, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн болон төрийн өмчит  компанийн төлөөлөгчид оролцов.
    Ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Канад, Казахстан, Австрали, ОХУ түүнчлэн Африкийн томоохон улс орнууд бүгд оролцож байна. Ураны бүлгийн уулзалтаар нөөцөө хэрхэн тодорхойлох, баялгаа хэрхэн үнэлж тооцох, ямар стандартыг барих вэ гэсэн асуудлуудаар голчлон хэлэлцлээ. Стандартын хувьд Канад, Орос, НҮБ-ынх гэж байдаг. Хурлын үеэр улс орнууд өөрсдийн нөхцөл байдлын талаар илтгэл тавилаа. Монгол улс ч өөрсдийн дуу хоолойг илэрхийлсэн. Манай улс ураны нэлээд их нөөцтэй улсын нэгд тооцогддог. Нөөцийн тоо хэвээр байгаа. Монгол улс ураны нөөцөөрөө албан ёсоор дэлхийд эхний 15 дугаарт багтдаг. Дэлхийн ураны Улаан ном гэж гардаг. Бид тус номонд ОУАЭА-ийн стандартчлалын дагуу тоо баримт, материалаа хүргүүлсэн. Үүнийг эцсийн хувилбараар ирэх арваннэгдүгээр сард Парист болох ээлжит хуралдаан дээр хэлэлцэн дүгнэлт нь гарах болов уу.
     Хэрэв цаашид манайд хэрэгжиж байгаа “Арева” компанийн төсөл, Гурванбулагийн орд, Гурвансайханы зарим нөөц албан ёсоор баталгаажаад ирвэл Монгол улсын нөөц өмнөхөөсөө ахих боломж бий. Улаан номонд орж буй ураны нөөц, нөөцийг хэрхэн бодож, ямар үзүүлэлтээр нөөц тогтоодог талаар мэргэжлийн,  техникийн зөвлөгөөн уулзалт ч мөн боллоо. Монгол улсад хэдийгээр үйлдвэрлэл эхлээгүй ч гэсэн судалгааны шатандаа явж байна. Цаг нь болоогүй гэлтгүй өндөр хөгжилтэй орнуудаас туршлага судлах хэрэгтэй.

    Улс орнуудын төлөөлөгчид өөрсдийн сонирхол, саналыг манайд илэрхийлж байна уу? Манай улсын зүгээс ямар улсын төлөөлөгчидтэй санал солилцов?

    Хурлын үеэр “КазАтом”-ын төлөөлөгчидтэй уулзлаа. Монголчуудтай ураны салбарт хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, нутагт нь очиж туршлага судлахыг санал болгосон. Өнгөрсөн жил Алма-Атад болсон хурал дээр Казахстаны өндөр технологийн хүрээлэнг түшиглэн Монголын талаас мэргэжилтэн сургах Санамж бичгийг байгуулсан. Тус улсын зүгээс ураны салбарт аль ч түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлье гэсэн санааг илэрхийлж байна билээ. Оросууд мөн ялгаагүй. Мөн Оросын АРМЗ-ийн Орлогч захирал А.Бойцов манай талд ураны зарим орд газраа үзүүлэх, төслүүдээ танилцуулахад бэлэн, дэмжлэг үзүүлье гэдгээ  илэрхийлсэн. Австрали, Энэтхэгийн  төлөөлөгчидтэй мөн ажил хэргийн яриа,  уулзалт хийлээ.Тодорхой гэрээ хэлэлцээр хийх төлөвлөгөөгүй байсан ч төлөөлөгчидтэй маш олон санал солилцсон.
    Манай улсад ирэх жилээс туршилтын ажлууд дуусч, төслүүд, ТЭЗҮ эхэлнэ. Ойрын гурван жилд багтан олборлолт хийгдэх болов уу. Ийм төсөөлөл бидэнд байгаа учир олон улсын ураны хайгуулын өнөөгийн нөхцөл, цөмийн эрчим хүчний дэлхий нийтийн анхаарлыг татаж буй нийтлэг асуудлын зэрэгцээ ураны салбар ямар чиглэлтэй байгаа талаар олон улсын түвшинд мэдээлэл авахыг зорилоо.

    Оросууд гэснээс тус улсын төлөөлөгчтэй “Дорнод Уран”-ы асуудлыг хөндөв үү?

     Хоёр тал аль аль нь тодорхой ойлголттой учраас энэ асуудлыг яриад байх шалтгаан гарсангүй.  

    Японы Атомын цахилгаан станцад гарсан осол аваарын дараа улс орнуудын уран салбартаа баримтлах чиг хандлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    Фүкүшимагийн ослын дараа уран салбар учиргүй зогсонги байдалд орсон зүйл бол үгүй. Цөмийн эрчим хүчний хувьд зарим улсад судалгаа явагдсан байна. 2013 он хүртэл тус салбар дахь төслүүдээ зогсоосон орнууд ч бас бий. Гэхдээ цөөхөн оронд. Салбарын үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон гэж ярих төлөөлөгч байсангүй.  

    Монгол улсад цөмийн түлшний хаягдал шаарыг байршуулна гэсэн  мэдээллийн талаар манайд багагүй шуугисан. Хурал дээр энэ тухай албан ёсны  зүйл яригдсан уу?
 
    Сайд нарын хэмжээний Үндсэн чуулган болоод салбарын Бага хурлуудын алин дээр ч яригдаагүй. Энэ асуудлаар манай улсын холбогдох бүхий л байгууллага албан ёсны мэдэгдэл хийсэн. Хууль эрх зүйн ийм боломж ч байхгүй тухай Монгол улсын Засгийн газраас мэдэгдэл хийсэн байгаа.

    Монгол улсын ураны салбарт ойрын хугацаанд ямар ажлууд хийгдэхээр төлөвлөж байгаа вэ?

    Нөөц, судалгаа болоод эрэл хайгуулын ажил ерөнхийдөө дуусч байгаа. Зарим орд газрын нөөцийг улс албан ёсоор бүртгэж авна, баталгаажуулна. Энэ орд газарт түшиглэсэн олборлох үйлдвэр баригдана. Гэхдээ үйлдвэрийг аль нэг компанийнх бус, харин бүсчилж барина. Монгол улс бүсчилсэн хэлбэрээр нийт хэчнээн боловсруулах үйлдвэртэй байх вэ гэсэн асуудлыг бид энэ намар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд, Засгийн газарт танилцуулах төлөвлөгөөтэй байгаа. Ойрын хугацаанд буюу 2012-3014 онд хийгдэж ажлууд гэвэл хэд хэдэн төслийг эхлүүлэх санаа байна.
    Францын Арева  Дорноговь дахь төсөл, Хятадын CNNC-ий  Дорнодын Гурванбулаг төсөл, Дорноговь аймаг дахь Монгол-Америк-Оросын хамтарсан Гурвансайхан компанийн төслүүд байна. Уран олборлоно, боловсруулна, эцсийн бүтээгдэхүүн гаргана гэсэн төлөвлөгөөтэй. Хятадууд маш эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд хоёр жилийн дотор үйлдвэрээ барьчихна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Францууд ч мөн адил. Тэгэхээр ер нь  2014 он гэхэд эхний бүтээгдэхүүнээ гаргах  болов уу.  Монгол улс олборлогч орон боллоо гэдгээ зарлах цаг ойртож байгаа.                 Боловсруулна гэдэг бол ерөнхий ойлголт юм. Ураны боловсруулалт нь хоёр үе шаттай. Уул уурхайн буюу олборлолт хийгээд ураны исэл хүртэлх боловсруулалт. Манай улсад цэвэр уул уурхайн боловсруулалтыг л хийнэ. Түлшний боловсруулалтыг Монгол улсад хийх боломж ч байхгүй. Ийм боловсруулалтыг Орос, Иран, Хятад, Франц гээд дэлхий дээр тун цөөхөн оронд хийдэг.    

Э. Оджаргал, The Mongolian Mining Journal, Вена

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж