“Шивээ-Энержи төслийг амжилтад хүргэнэ”

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

“Шивээ-Энержи төслийг амжилтад хүргэнэ”

“Шивээ-Энержи төслийг амжилтад хүргэнэ”

Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа, “Шивээ-Овоо” төслийн ТЭЗҮ-ийг зөвлөлдөх хурал өнөөдөр боллоо. Энэхүү хурал Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол Улсын сайд М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар болоод холбогдох албаныхан оролцож байна. Хятадын талаас Стейт грийд корпорацийн эрчим хүчний хэмнэлт үйлчилгээний компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.


Энэхүү төсөл ажилттай хэрэгсэнээр 9,240МВт-ын цахилгаан станц баригдах юм. Уг станцаар 10,000 МВт-ын цахилгаан дамжуулах нөхцөл бүрдэх аж. Үүний тулд жилд Шивээ-Овоо уурхайгаас 34 сая тонн нүүрс олборлох тооцоо гарчээ.

Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжиж эхлэх аваас Монгол Улсад нийт 10.8 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирнэ, Говьсүмбэр, Дорноговь аймгаар дамжин нийт 1300 гаруй км шугам тавигдана, Нүүрсийг түүхий эдээр биш нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож экспортолно, жил бүр 34 сая тонн нүүрс ашиглаж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах аж.

Бүтээн байгуулалтын ажилд 20 мянган ажлын байр бий болж станцын ажил бүрэн жигдэрсний дараа 3500 ажлын байр тогтмол байх аж. Нэг зүйлийг онцлоход цогцолбор төсөл дээр ажиллах нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол ажилчид байж, Чойр нь шинэ Эрдэнэт хот шиг болж хөгжинө гэж үзэж байлаа.

2005 оноос хойш яригдсан  энэ төслийн зорилго нь дэлхийн жишиг болохуйц хамгийн том дулааны цахилгаан станцыг эх нутагтаа босгож Монгол улсын эрчим хүчний салбарт дараагийн эрин үеийг эхлүүлэн, экспортонд шинэ бүтээгдэхүүн гаргахад оршиж байна.

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих хамгийн том мега төслийн ач холбогдол нь Монголын талд дараах байдлаар тусгагдана:

  • Хамтын ажиллагааг бэхжүүлнэ
  • Экспортыг төрөлжүүлнэ
  • Улсын татварын орлого нэмэгдэнэ
  • Гадаад валютын тогтмол эх үүсвэр бүрэлдэнэ
  • Нүүрсний ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулна
  • Ажлын байр үүснэ
  • Хөрөнгө оруулалт татна
  • Нэмүү өртөг бүтээнэ
  • Дотоодын нийлүүлэлт нэмэгдэнэ
  • Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэнэ
  • Бүс нутгийн хөгжлийг дэмжинэ
  • Хотжилт үүснэ

 “Шивээ-Энержи” төслийн талаар Монгол Улсын сайд М.Энхсайханаас зарим асуудлыг тодрууллаа.

-Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго нь юу вэ? Энэ уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэ төсөл 2005 оны сүүлч, 2006 оны эхэн үеэс эхэлсэн. Төслийн боловсруулалт 2008 онд бэлэн болчихсон байсан. Харамсалтай нь ойлголцлын зөрүүтэй байдлаас болж төсөл гацсан. Ингээд 2014 онд М.Сономпил Эрчим хүчний сайд байхад бид энэ асуудлыг эргэж сэргээсэн. Ингээд Хятадын “Стейт грийд” компани дээр очиж уулзаад төслөө сэргээхээр болсон. Ажил яригдаад 11 жил болсон ч энэ хугацаанд шинжлэх ухаан, тоног төхөөрөмж, дамжуулах шугам зэргийн технологи өөрчлөгдөөд бололцоотой болчихсон. Тэр ч утгаараа техник талаас хамгийн бололцоотой төсөл юм. Хамгийн гол нь эдийн засгийн үзүүлэлтийг тооцох хэрэгтэй. Хятадууд хямд өртөгөөр цахилгаан гаргаж чадаж байгаа улс. Манайд бол нүүрсээ хямд үнэлэх хэцүү, хямд цахилгаан үйлдвэрлэх хэцүү. Тиймээс эдийн засгийн талаас нь тооцоолох асар их ажил бий. Гэхдээ энэ ажил хоёр орны Засгийн газар компаниудын түвшинд яригдаад явж байгаа нь анхаарал татах асуудал гэж би бодож байна. Ер нь бол монголчууд нүүрсээр баян орон. Нүүрсээ аль болох боловсруулж аль болох эцсийн бүтээгдэхүүн болгож нийлүүлбэл эдийн засагт ч сайнаар нөлөөлнө. Тиймээс энэ төслийг аль болох амжилтад хүргэхээр зорьж ажиллаж байна. Зөвхөн Засгийн газруудын хэмжээнд биш олон нийт зөв ойлгох хэрэгтэй. Олон нийт буруу ойлголттой болчихвол төсөл зогсчихдог тал бий. Тиймээс энэ удаа алдаагаа засаад, төслөө танилцуулаад явж байна.

-Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас 34 сая тонн нүүрс жилд олборлоно гэж байна. Тэнд хэд хэдэн жижиг компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа учраас нэгтгэж байж уг төсөл цааш хэрэгжих байх тийм үү?

-Нөөц хангалттай. Бид лиценз өгөхдөө хэд хэдэн талд хуваагаад өгчихсөн тал байсан. Одоо хамгийн гол нь лиценз эзэмшигч нь өөрсдөө сайн дураар энэ төслийг дэмжиж, Засгийн газар ч мөн адил дэмжиж, оролцогч талууд харилцан ашигтай арга механизмаа олон зам дээр л явж байна.

Т.ДАВААНЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж