МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плей-оффын эхний шатны гурав дахь тоглолт өчигдөр СТО-д боллоо. “Хасын хүлгүүд”, “Альянс Тех Харцага” багууд өрсөлдөгчөө хожиж, цувралыг 3:0-оор тэргүүлэн хагас шигшээд үлдлээ.
Альянс Тех Харцага-Дундговь Мон-Алтиус Смарт 3:0
Тт№3 127:97
Тоглолтын өмнө “Смарт”-ын А.Гансүх Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын амжилт нь ахисан тоглогч, Ч.Энхтайван 2015-2016 оны улирлын шилдэг шинэ тоглогч, “Алтан Дорнод Архангай Лидер” багийн төвийн тоглогч Чу Мадабум 2015-2016 оны улирлын шилдэг хамгаалагчаар тодорч тус тус шагналаа гардан авлаа. Супер лигийн шилдэг холбогчдын нэг Ганболдын Баттөр тоглолтын эхэнд алсын зайнаас бороо оруулав. Нэгдүгээр үеийн эхэнд “Харцага” 21 оноо дараалан авсан бөгөөд үүний 17-г нь Г.Баттөр ганцаараа түүжээ. Ингэхдээ алсын зайн таван шидэлтээ байнд нь тусгасан юм. Тооны харьцаа 21:0 гэж эхлэхэд сагсан бөмбөг сонирхогчид “Смарт” хожиж чадахгүй хэмээн таамаглаж байв. Нэгдүгээр үе 34:15-аар дууссан бөгөөд Г.Баттөр 20 оноо авч, зургаан удаа алсын зайн шидэлтээ амжилттай болгосон юм. Улмаар тоглолтын турш “Харцага” илүүрхсээр өрсөлдөгчөө 127:97-гоор бутниргэв. Тэд багаараа тоглолтын турш 19 алсын шилдэлт амжилттай болгон Супер лигийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Мөн Г.Баттөр 10 алсын зайн шидэлтээ цагаригт унагаж, нэг тоглолтод хамгийн олон удаа алсын зайн шидэлт оновчтой болгосон тоглогч боллоо. Ийнхүү дараагийн шатанд шалгарсан “Харцага” хагас шигшээд “Төв Ургац”-тай өрсөлдөх юм. Тус тоглолтод “Харцага”-аас Г.Баттөр 38 оноо, найман оновчтой дамжуулалт өгсөнөөс гадна нийтдээ 10 удаа холын зайнаас амжилттай довтолж үндэсний супер лигийн дээд амжилтыг 1-ээр нэмсэн бол Т.Акол 17, Э.Дөлгөөн 12, Блэйр 12 оноогоор түүнд тусалжээ. “Смарт”-аас Моррис 23, А.Гансүх 21, Ханкерсон 15 оноо цуглуулсан юм.
SBL Хасын Хүлгүүд-Дархан Гарьд 3:0
Тт№3 106:104
Түрүүлж гурав хожсон нь дараагийн даваанд өрсөлдөх эрхтэй болох учир “Дархан Гарьд” энэ тоглолтод заавал хожих ёстой байлаа. Тэд хожигдвол плей-оффоос мултрах хүндхэн үетэй нүүр тулаад байв. “Гарьд”-ын залуус үүргээ ухамрсалан тоглолтын эхнээс тэргүүлж эхэллээ. Нэгдүгээр үед Ж.Ричард будагтай талбай, самбар дор түлхүү ашиглаж байсан Ү.Давхарбаяр хувилбар өгөөжөө өгч, оноогоор тасарч эхэлсэн юм. Хоёрдугаар үед ч дарханчууд тэргүүллээ хадгалсаар эхний хагаст 54:44-өөр илүүрхэв. Өмнөх хоёр тоглолтод багаа манлайлан сайн тоглосон “Хүлгүүд”-ийн Б.Билгүүн энэ тулааны эхний хоёр үед ердөө гуравхан оноо авлаа. Түүнийг Б.Мөнхболд, О.Нямбаяр нар тун сайн хамгаалсан юм. Гуравдугаар үед “Хүлгүүд” бүтэн талбайн хамгаалалт хийсэн үр дүнгээ өгч эхлэв. Тэд онооны зөрүүг богинохон хугацаанд арилгаж чадсан бөгөөд Корбин, Бямбадорж нар сайн тоглолт багаа сэргээсэн юм. Энэ үеийн төгсгөлд тооны харьцаа 80:77 байхад Б.Мөнхболд алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж оноог тэнцүүллээ. Улмаар шийдвэрлэх дөрөвдүгээр үе өгөө аваатай тун чиг өрсөлдөөнтэй өрнөв. Тооны харьцаа 103:101 байх үед “Гарьд”-ын А.Жонес алсын зайн шидэлтээр багтаа нэг онооны тэргүүлэл авчирлаа. “Хүлгүүд”-ийн Корбин оролт хийснээр тооны харьцаа 105:104 болов. Тоглолтын цаг дуусахад 12 секунд үлджээ. “Дархан Гарьд”-ын А.Жонес довтолгоо хийсэн амжилтгүй болов. Улмаар хүчирхэг хоёр багийн ширүүн тулаан 106:104-өөр өндөрлөж, “Хасын Хүлгүүд” дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Тэд хагас шигшээд “Сентоза Ирвэсүүд”-тэй хүч үзэх юм. Тус тоглолтод “Хүлгүүд”-ийн Корбин 30 оноо, А.Бямбадорж 26, Б.Билгүүн 12, Н.Золжаргал 11 оноо тус тус авчээ. Харин “Дархан Гарьд”-аас Ж.Ричард 28, Б.Мөнхболд 25, А.Жонес 17, А.Тэмүүжин 14 оноо тус тус цуглуулсан юм.
Альянс Тех Харцага – Дундговь Мон-Алтиус Смарт – 127:97Харцагууд плэй-оффын эхний учраагаа давж, дараагийн шатанд улирлыг амжилтаараа тэргүүлсэн Төв Ургац багтай тоглохоор боллоо
Posted by Mongolian National Basketball Association on Wednesday, April 6, 2016
SBL Хасын Хүлэгүүд vs Дархан Гарьд – 106:104Гайхалтай тоглолт, гайхалтай цуврал. Хүлэгүүд плэй-оффын эхний шатаа давж гарлаа.Гайхалтай өрсөлдөөн үзүүлсэн 2 багтаа баяр хүргэе.Хүлэгүүдийн дараагийн учраа плэй-оффт 2-р байраар шалгарсан Сентоза Ирвэсүүд байх болно.
Posted by Mongolian National Basketball Association on Wednesday, April 6, 2016