“Чонотой нүцгэн гараараа тэмцсэн”

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

“Чонотой нүцгэн гараараа тэмцсэн”

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод хүн, мал руу чоно дайрч, хазаж гэмтээсэн хэрэг өнгөрсөн сард гарсан билээ. Ж.Гүрбазар эхнэр, хүүхдийн хамт явж байхдаа галзуу чонотой халз таарч, гуя, тохойн тус газраа хазуулсан байдаг. Өдгөө Ж.Гүрбазарын биеийн байдал ямар байгаа талаар түүний аав 74 настай Ж.Жарантайтай холбогдсон юм.

-Хүү чинь галзуу чонотой таарч, хазуулсан гэсэн.  Хүүхдүүдийн чинь биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Галзуу чонотой нүцгэн гараараа тулалдаж, эхнэр хүүхэд, цаашлаад ойр хавийн айлд учрах аюулыг таслан зогсоосон хүүгээрээ бахархаж байна. Тэр явдлын дараа эмч нар хүүг маань эмнэлэгт хэвтэхгүй бол болохгүй гэсэн. Шагай, өвдөг, тохой, нуруундаа хазуулсан. Хүүд маань чонын 5-6 шүд орсон байсан. Ингээд тэр дор нь Баянгол дүүргийн эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээ хийлгээд одоо биеийн байдал нь сайжраад эмнэлгээс гарсан.

Харин бэрд маань чонын 2-3 шүд орсон. Гэхдээ бие нь гайгүй, хөнгөн бэртсэн учраас өрхийн эмнэлэгт ирж, очоод тариа хийлгэж, хяналтад байгаа.

Гэр  бүл рүү дайрсан галзуу чоно

 

-Тэр үед яг юу болсон талаар хүү чинь танд ярьсан уу?

-Ярьсаан, ярьсан. Чонын  аймшигтайгаар арзайж, архирч байгаа байдал одоо ч нүдэнд нь харагддаг гэсэн. Тухайн үед хүү маань эхнэр хүүхэдтэйгээ салхилж яваад чонотой таарсан юм билээ. Гэнэт л ар гуянаас нь чоно хазаад, бүр сар гаруйхан хоногтой хүүхэд рүү нь үсэрсэн гэсэн. Тэгэхэд нь хүүхдээ эхнэртээ амжиж өгсөн.  Тэр хооронд чоно  эхнэрийнх нь араас хазсан байгаа юм. Тэгэхээр нь хүү маань чоныг хүзүүнээс нь татаад газарт ноцолдож, эхнэр хүүхэд хоёроо зугтаалгасан гэсэн. Аз болоход нэг тугал замд нь байж таараад чоно тийшээ дайрах хооронд хүү маань эхнэр, хүүхэд хоёр руугаа очиж амжсан гэсэн. Нөгөө чоно доод айлынх нь малын хороо руу орохоор нь хаалгыг нүдэж, хүмүүсийг нь сэрээсэн байгаа юм. Ингээд тэр айлын хүн хүрз барьж гараад чоныг алсан гэсэн.

Гэр бүлээ, хөршүүдээ галзуу чонын аюулаас хамгаалсан хүүдээ эцгийн хувьд үнэхээр бахархаж байгаа. Гол нь амьд гарсанд нь баярлаж сууна. Зэрлэг, галзуу араатантай гар нүцгэн тулалдсаныг нь төр засаг үнэлж, ядаж сэтгэл санааны дэм үзүүлээсэй гэж эцэг хүний хувьд бодож сууна даа.  

-Онцгой байдлынханд тэр үед мэдээлээгүй юм уу?

-Энэ явдал болсны дараа бид онцгой байдлынханд мэдээлэл өгсөн. “Бүртгэж авлаа. Асуудлыг тодруулаад зохих хариу өгнө” гэсэн. Одоогоор хариу өгсөн зүйлгүй л байна.

Чоно галзуу байсан нь шинжилгээгээр нотлогджээ

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж