Улаанбурханаас болж хөл хорио тогтоох уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Улаанбурханаас болж хөл хорио тогтоох уу?

Улаанбурхан өвчнийг ор мөргүй утсгасан улсын тоонд орж байсан манай улс сүүлийн хоёр жилийн турш улаанбурхан буюу корь өвчний дэгдэлтэд өртөөд байгаа. Өвчний дэгдэлт буурахгүй байгаагаас ирэх долоо хоногт сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл зарим мэдээллийн сайтуудад гарчээ. Бид энэ талаар ХӨСҮТ-ийн олон нийттэй харилцах албаны эмч Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Улаанбурханаас болж хөл хорио тогтоох тухай огт яригдаагүй. Ташаа мэдээлэл байна. Эл өвчнөөр хүүхэд залуус өвдөж байгаа нь үнэн. Гэхдээ хөл хорио тогтоох тухай хөндөгдөөгүй гэлээ.

Өнгөрсөн оноос өнөөг хүртэл нийтдээ 19,427 хүн улаанбурханаар өвчилж, 10 хүүхэд эндсэн байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д улаанбурхан өвчний улмаас 457 хүн эмчлүүлж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах Эрчимт эмчилгээний тасагт  байгаа аж.  Уг өвчнөөр өвчлөгсдийн дунд залуучууд олонх байгаа гэнэ.  Өвдсөн хүмүүсийн  46 хувийг 15-25 насныхан эзэлж байгаа бол 7.5 хувийг 0-8 сартай буюу вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхдүүд ажээ.

Д.ЦЭЭНЭ  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж