Засгийн гадаад өр 3.6 тэрбум доллар

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Засгийн гадаад өр 3.6 тэрбум доллар

Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд Монгол Улсын нийт гадаад өрийн асуудлаар үнэн худал нь мэдэгдэхгүй тоонууд гарч, зарим нь улс төрийн сонгууль угтаж ташаа мэдээлэл ярих боллоо. Иймд мэргэжлийн хүнээс албан ёсны тодруулгыг авах нь зүйтэй гээд Монголбанкны Судалгаа, статистикийн газрын Статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

-Монгол Улсын гадаад өр үнэхээр тоймоо алдчихсан юм уу. Ер нь гадаад өрийн тоон мэдээллийг Монголбанк ямар аргачлал, ангиллаар гаргадаг вэ?

-Гадаад өр гэдэг нь гадаад секторын статистикийн нэг хэсэг л дээ. Бид гадаад өрийн үлдэгдлийг олон улсын санхүүгийн байгууллагууд, тухайлбал ОУВС-гийн гадаад өрийн статистикийн аргачлалаар гаргадаг. Бусад орнууд ч энэ аргачлалыг ашигладаг. Үүгээр нийт гадаад өр гэх тоог үндсэн 5 задаргаагаар мэдээлдэг юм. Засгийн газар, арилжааны банкууд, Төв банк, хувийн хэвшил болон бусад сектор, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг гэж ангилна. Тоон мэдээллийг улирал бүр шинэчилж, өссөн дүнгээр тайлагнаж байна.

-Тэгвэл нийт гадаад өрд хувийн хэвшлийн, тухайлбал Монголын иргэн, аж ахуйн нэгжийн гадаадаас авсан зээл орно биз дээ?

-Мэдээж оролгүй яахав. Валютын зохицуулалтын тухай хуулиар аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрсдийн гадаадаас авсан валютын зээлээ Монголбанкинд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Энэ дагуу хувийн хэвшлийн гадаад өрийн бүртгэлийг сайжруулах, тоон мэдээллийн чанарыг сайжруулах, хамрах хүрээг нь өргөжүүлэх чиглэлд Төв банк 2009 оноос хойш ажиллаж, статистикийг сайжруулсан. Хувийн хэвшил маань ч хуулиа биелүүлж, гадаад зээлээ статистикийн нэгдсэн санд бүртгүүлдэг болсон.

-Гадаад өрийн нийт хэмжээ 21 тэрбум ам.долларт хүрсэн гээд байгаа. Тэгэхээр үүнээс Засгийн газрын гадаад өр буюу улсын төсөвт, татвар төлөгчдөд хамаатай хэсэг нь яг хэд вэ?

-2015 оны эцсийн байдлаар Засгийн газрын гадаад өр 3.6 тэрбум ам.доллар байсан. Үүнийг ДНБ-нд хуваах юм бол 31 орчим хувьтай тэнцэж байна.

-Тэгэхээр Монголын гадаадын өр 21 тэрбум ам.долларын ихэнх нь хувийн хэвшлийнхний тавьсан өр юм байна шүү дээ?

-Тиймээ. Монгол улсын нийт гадаад өрийн 17 хувь болох 3.6 тэрбум ам.доллар нь Засгийн газрын гадаад өр. Нийт 21 тэрбум ам.доллар гээд байгаа гадаад өрийн тал нь болох 10.7 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэгээ байдаг. Арилжааны банкуудын гадаад өглөг нийлээд 2 тэрбум ам.доллар. Олон улсын аргачлалын дагуу Бусад сектор гэсэн ангилал байдаг. Энд бид иргэн, аж ахуйн нэгж, хувийн сектор, мөн Хөгжлийн банкийг оруулдаг. Энэ дүн нийлээд 3.4 тэрбум ам.доллар.

Ер нь Засгийн газрын гадаад өр ер хамгийн дээд хэмжээ нь  ДНБ-ний хэдэн хувьтай тэнцэж байсан юм бэ?          

-Эдийн засгийн мөчлөгөөр нь авч үзэхэд 2006-2008 онд Засгийн газрын гадаад өр ба ДНБ-ний харьцаа дунджаар 31 хувь байжээ. 2009 оны хямралын жил 35 хувь болж өссөн байдаг. Харин 2010-2012 оны дундаж нь 24 хувь. 2013-2015 оны дундаж үзүүлэлт 30 хувь байгаа. Ер нь сүүлийн 10 жилд энэ үзүүлэлт хамгийн багадаа 19 хувь, хамгийн ихдээ 2006 онд 36 хувь байжээ.

-Өнгөрсөн хугацаанд буюу 2008 он, 2012 онд гадаад өрийн хэмжээ хэд хүрч байв?

-Манай улсын гадаад өр 2008 оны эцэст 2.2 тэрбум, 2012 оны эцэст 15.4 тэрбум ам.доллар байсан. Дэлгэрэнгүй тоон мэдээлэл манай цахим хуудасны статистик цэсэнд байгаа л даа.

Компани хоорондын зээллэгээ буюу толгой компаниас охин компанидаа оруулсан шууд хөрөнгө оруулалт гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу? Олон нийт үүнийг мэдэхгүй, будилаад байх шиг санагддаг?

-Жишээ нь, гадаадад байгаа толгой компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа охин компанидаа шууд хөрөнгө оруулалт хийлээ гэж бодъё. Хөрөнгө оруулалтын урсгал нь шууд хөрөнгө оруулалт гэж төлбөрийн тэнцэлд бичигдэнэ. Харин охин компанийн хэрэгжүүлж байгаа төслийн орлогоос, тухайлбал экспортын орлогоос нь уг хөрөнгө оруулалт урт хугацаандаа эргэж төлөгдөнө. Ийм учраас шууд хөрөнгө оруулалтын үлдэгдэл өссөн дүнгээрээ компани хоорондын зээллэгээ буюу хувийн секторын гадаад өр гэж бүртгэгддэг. Энэ нь зөвхөн тухайн охин компанид л хамаарна. Эдийн засгийн бусад агентуудад хамаарахгүй. Үүнийг хүмүүс будилаад, бүх иргэдэд хамаатай юм шиг ташаа ойлгоод байх шиг санагддаг.

Монголбанкнаас Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцэл ямар ангилалд, яаж бүртгэгдэж байна вэ?

-Олон улсын аргачлалаар Төв банкны гадаад өглөг гэсэн ангилалд бүртгэдэг. Үндэсний мөнгөн тэмдэгт харилцах солилцох своп хэлцлийг улс орнууд дэлхийн эдийн засаг дахь бүсчилсэн шинжтэй хямралын үед түгээмэл ашигладаг. Яагаад гэхээр гадаад худалдаагаа аль болох тогтвортой байлгахыг зорьдог. Төлбөрийн тэнцэл хүндрэлтэй үед своп хэлцлийн ашиглалт нэмэгдэж болно. Төлбөрийн тэнцэл хүндрэлгүй үед хэлцлийг ашиглах шаардлага гарахгүй. Хоёр орны хооронд гадаад худалдаа хийгдэж л байгаа бол гадаад худалдааг тогтвортой байлгах ийм хэрэгсэл өөрөө байнгын шинжтэй байна. Тэр ч агуулгаараа төв банкууд своп хэлцлийн хугацааг нь сунгаж, хэмжээг нь тухай бүр нэмээд явдаг л даа.

-Энэ хэлцэл цаашид сунгагдана гэж ойлгогдлоо. Зөв үү?

-Тиймээ. Монголбанк анх своп хэлцлийг 2011 онд 3 жилээр байгуулж байсан. 2014 онд хэлцлийг сунгасан. Цаашид ч сунгана. Яагаад энэ хэлцлийг хоёр орны төв банкууд сунгаад явдаг вэ гэхээр манай улс Хятадтай гадаад худалдаа байнга л хийх учраас. Урт хугацаанд манайхаас Хятад руу хийх экспортын боломж, чадавхи сайн.

Гадаадаас зээл авах нь буруу, өр нэмэгдлээ, Монгол өрөндөө живлээ гэсэн улстөржилт явагдаж байна л даа. Үүнээс болоод өр тавих нь хэрэггүй гэсэн  хандлага нийгэмд байх юм. Зээл авах нь буруу юу?

-Ерөөсөө гаднаас зээл авах нь буруу гэж хэт өрөөсгөл ярьж болохгүй байх л даа. яахав монголчууд “Өргүй бол баян, өвчингүй жаргал” гэсэн хуучинсаг ойлголтоосоо салж чадахгүй байх шиг. Ядуу буурай, хөгжиж яваа, өндөр хөгжилтэй орнууд бүгдээрээ олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгодог. Манай хувийн хэвшил өөрсдөө эрсдэлээ даагаад, эрсдэлээ гадныхнаар үнэлүүлээд валютаар эх үүсвэр олж чадаж байгаа бол энэ сайн л үзүүлэлт. Засгийн газрын тухайд гадаадын шууд хөрөнгө оруулалт агшсан, экспортын орлого муудсан үедээ гадаад зээлийн сувгаар эх үүсвэр оруулж ирэх боломжийг эрэлхийлдэг. Хамгийн гол нь юу чухал вэ гэхээр Засгийн газрын өрийн нэгдсэн удирдлага, гадаад зээлийн ашиглалт, түүний зарцуулалтын үр ашиг л чухал. Үүнд л анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж