Битгий давар, тариаланчид аа

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Битгий давар, тариаланчид аа

Хэд хоногийн өмнө Монголын үр тариа эрхлэгчдийн холбооноос 100 тэрбумыг Засгийн газраас нэхжээ. Тариалан эрхэлдэг “томчууд”-ынх нь сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр өнгөрсөн зун их хэмжээний ургацаа алдсанаас болоод 400 тэрбумын бодит хохирол амсч, хаврын тариалалт эрхлэх сохор зоос ч үгүй болсон юм байх. Тэдний тавьсан шаардлагыг хүлээж авсан даруйдаа салбарын яам нь Хөгжлийн банкнаас эхний ээлжид 25 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, тариаланчдад тараахаар шийдвэрлэжээ. Гэтэл тариалалт эрхлэх мөнгөгүй гэсэн том компанийн эзэд өнөөх мөнгийг өөр зээлэнд зарцуулах сонирхолтой байж. Чухам энэ сонирхлоосоо болоод уг мөнгийг арилжааны банкуудаар дамжуулалгүй, Тариалан эрхлэлтийг дэмжих сан юм уу, аль нэг сангаар дамжуулан бэлнээр авах болзол тулгасан гэнэ.

  Өнгөрөгч даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэг тариаланчдын тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж, толгойгоо ногоон туузаар чимэглэсэн нөхдүүд бөөн зовлон дэлгэв. Хаа сайгүй хямрал нүүрлэж, ганцхан газар тариалан эрхлэгчид л мөнгөгүй болчихсон юм биш л дээ, уг нь. Гэхдээ ургацаа алдсан дээр нь хямралтай байгааг нь ойлгож  төр засаг мөнгө өгье гэхээр  өөдөөс "Тэгвэл бэлнээр өг"  гэж болохгүй биз дээ.

Засгаас мөнгө нэхэж байгаа тариаланчдад салбарын яамнаас тавьж байгаа ганц шаардлага нь Хөгжлийн банкнаас авсан хөнгөлөлттэй санхүүжилтийг зөвхөн энэ хаврын тариалалтад л хэрэглэх ёстой гэсэн шаардлага.  Ингэхээс аргагүй л дээ.  Үнэндээ авсан зээлээ үр тарихдаа биш алт ухахдаа ч юм уу  аль эсвэл адуу  худалдан авахдаа зарцуулахгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Арилжааны банкаар дамжуулаагүй мөнгөө хэндээ, юундаа ч зарцуулахыг хэн мэдлээ.

   Хөдөө аж ахуй бол Монгол Улсын стратегийн нэг чухал салбар гэдэг утгаараа  төр засгаас малчид, тариаланчдын толгойг илж, халамжаар угжих нь бараг л хуульчлагдсан зүйл болсон.  Хууль батлаж тэмээ, ямаа, хонь, үхэрт мөнгө тарааж, малчдаа халамжлах бол юу ч биш. Өнөөдүүл нь ч зунжингаа найр, наадам хэсч, морь, бөх болж явсаар өвөл нь өвс, тэжээлийн мөнгө, нэмнээ элгэвч, хурга ишигний уут нэхээд  хэвтчихнэ. Тариаланчид ч ялгаагүй малчдаас дутахгүйгээр төр засгийн хайр халамжинд "амьдардаг" хүмүүс. Гэм нь сэтгэл нь  ер ханана гэж үгүй. Хөнгөлттэй зээл, хөнгөлөлттэй шатахуун төрөөс өгөөд л байна, аваад л  байна, намар нь болохоор хураасан үр тариа, улаанбуудайгаа өндөр үнээр эргээд төрдөө шахах гээд дарамтлаад суучихдаг. 

Уг нь тариалангийнхаа талбайг тордож, усалгааныхаа системийг сайжруулж, технологио шинэчилж байж л ургац сайн хураана. Гэтэл манай тариаланчид чанар стандартаа сайжруулъя гэхээсээ илүүтэйгээр тооны хойноос хөөцөлдөөд байдаг.    Өнгөрсөн жил гэхэд зарим тариаланчид чанар хангаагүй буудайгаа малын тэжээлд өгөхөд хүрсэн хүрсэн шүү дээ.

Мэдээж, стратегийн, хүнсний гол салбар гэдэг утгаараа төрөөс малчдаа, тариаланчдаа аль, алийг нь харж үзэх нь зөв. Харин нөгөө талаасаа мал маллаж, тариа тарьж "амаа тостдог"-ийн хувьд ашиг олсон шигээ  эрсдэлээ үүрэх ч ёстой. Түүнээс ямар бэлтгэл, сэтгэл гаргахгүйгээр төр бүхнийг хийх ёстой гэсэн "соц" арга барилаасаа салахгүй байж болохгүй биз дээ.

Бизнес хийж байгаа юм бол бизнесийнхээ ашгийг ч эрсдэлийг ч өөрөө хүлээдэг байх ёстой биш үү. Монголын ард түмний өмнөөс тариа тариад, тарьсан тариагаа үнэгүй тараагаад яваагүй байлтай. Өөрөөр хэлбэл, малчид ч, тариаланчид ч хэн хэн нь ашгийн төлөө явж байгаа. Тэр утгаараа төрд эрхлэх ямар ч шаардлагагүй гэсэн үг. Бэлэн мөнгө өвнө гээд байгаа тариаланчдад битгий давар гэж хэлмээр байна.  

Гутал оёдог, арьс боловсруулдаг үндэсний үйлдвэр зээлээ төлж чадахгүй хүрлээ гэхэд Засгийн газар  мөнгө тараадаг  билүү. Тэр тусмаа төр засгаас халамж хайр хүртэж байгаа малчид, тариаланчид ядаж л  зарим асуудалд эх орончоор хандмаар санагддаг.  Адаглаад л арьс ширний үйлдвэрүүддээ малынхаа арьс ширийг хямд үнээр зарах, гурил үйлдвэрлэгчдэдээ боломжийн үнээр улаанбуудайгаа нийлүүлэх хэлбэрээр нэг нь нөгөөгөө дэмжиж болмоорсон. Харамсалтай нь, хавар нь төр засгаас баахан хөнгөлөлттэй зээл, тусламж авчихаад намар нь  яг өөрийнхөө хүссэн үнээр улаанбуудайгаа зарна гээд увайгүй загнаад суучихна. Импортын буудай авъя гэхээр эсэргүүцэл, жагсаалдаа хүрнэ.

   Улаанбуудайн үнэ өсвөл гурилын үнэ өснө. Гурилын үнэ өсвөл талхны үнэ өснө. Талхны үнэ өсвөл хичнээн айлд дарамт болохыг тариаланчид тооцож байсан уу. Өөрөөр хэлбэл, тариаланчдын улстөрийн ард дандаа эцсийн хэрэглэгчид л хохирч үлддэг..

Малчид, тариаланчдад өгч байгаа зээл, тусламж бол үнэндээ татвар төлөгчдийн мөнгө. Монголын малчид төсөвт "түй" гэх төгрөг ч оруулдаггүй нь үнэн. Хотоороо дүүрэн хоньтой атлаа төрөөс мөнгө нэхээд суудаг тэрбумтан малчид ч цөөнгүй.   50 сая малтай байхад Тавантолгой хэрэггүй гээд "томроод" байдаг. Тавин сая малынх нь нийт  эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр нь хаана байна. Хотынхон бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай ижилхэн үнээр л махаа худалдан авдаг шүү дээ. Авдаг цалин, амьжиргааны төвшинтэйгөө харьцуулахад Монголчууд дэлхийд байхгүй өндөр үнтэй мах авч иддэг.

 Тариаланчид “Өнгөрсөн жил цаг агаар ид халж байх үед ХХААЯ, БОНХАЖЯ үүлэнд зориудаар нөлөөлж  бороо оруулаагүйгээс   ургацынхаа 80 гаруй хувийг алдсан. Иймээс хаврын тариалалтын бэлтгэл ажилд ХХААЯ ямар нэгэн тендергүйгээр тариаланчдыг зөвхөн бэлэн мөнгөөр дэмжих ёстой” гэсэн гомдол тавьж байгаа юм байна.

Өнгөрсөн зуны халуунд Засгийн газрын буруу гэж юу байх вэ дээ. Байгалийн гамшиг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэсэн үг ч бий. Гол нь тариаланчид эрсдлээ маш сайн тооцоолж, усалгаатай тариалангийнхаа талбайг нэмэгдүүлэх л шаардлагатай болсны нэг сануулга.   Бороо оруулсангүй гэж төрөө буруутгаад, бэлэн мөнгө шаардаад суух нь утгагүй. Бизнес хийж байгаа юм бол бизнесийнхээ ашгийг ч, эрсдэлийг ч өөрөө үүрдэг байх ёстой юм.  Энэ тохиолдолд "Ямар хүний өмнөөс тариа тарьж байгаа биш дээ" гэсэн шүүмжлэл ч хэлж болно. Өөрөөр хэлбэл, малчид ч, тариаланчид ч хэн, хэн нь ашгийн төлөө явж байгаа бизнес эрхлэгчид. Энэ утгаараа төрд эрхлэх ямар ч шаардлагагүй гэсэн үг. Бэлэн мөнгө авна гээд  дайраад байгаа тариаланчдад “битгий давар” гэж хэлмээр байна.

 Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж