Исландын ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлейгссон олон сая ам.долларыг оффшор дансанд нууж байсан нь илэрснээр ард иргэд түүнийг огцрохыг шаардан жагсчээ. Исландын ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлейгссон татвараас зугтаж, оффшор компанийг ашиглан мөнгө угаасан хэргээр өчигдөр /IV.4/ парламентад тайлбар өгсөн байна.
Тэрбээр эхнэр Аннагийн хамтаар 2007 оны арванхоёрдугаар сард “Mossack Fonseca” фирмээс “Wintris” компанийг Люксембург дахь салаараар нь дамжуулан худалдан авсан байв. Сигмюндюр Давид Гюннлейгссон парламентад орохоосоо найман сарын өмнө “Wintris”- ийн өөрийн эзэмшлийн 50 хувийг эхнэртээ тус бүр нь нэг ам.доллараар зарснаар компани Аннагийн бүрэн мэдэлд шилжсэн аж.
Сигмюндюр Давид Гюннлейгссон 2013 онд 38 насандаа ерөнхий сайд болсноор Исландын түүхэн дэх хамгийн залуу засгийн газрын тэргүүн болсон юм.
Панам дахь “Mossack Fonseca” фирмээс алдагдсан 11 сая мэдээлэл нийтэд ил болсноор 200 гаруй орны 215 мянган хувь хүн, компанийн оффшор данс илчлэгдсэн юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС, INDIAN EXPRESS