Ан Сан Су Чи төрийн зөвлөх боллоо

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чи төрийн зөвлөх боллоо

 

Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чиг төрийн зөвлөхөд нэр дэвшүүлснийг тус улсын эрх баригч нам мэдэгджээ.

 

Мьянмар улсад ноёрхож байсан Хунтын дэглэмийн үеийн Үндсэн хуулийн заалтаас болж, ерөнхийлөгчид нэр дэвшихийг нь хориглосон Ан Сан Су Чи төрийн зөвлөх болсноор шинэ засгийн газарт ерөнхийлөгчийн адил эрх мэдэлтэй болох ажээ.

 

Парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, эрх баригч болсон Ардчиллын төлөөх үндэсний лиг намын хууль тогтоогчид Ан Сан Су Чид зориулж, засгийн газар, ерөнхийлөгчийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төрийн зөвлөх гэгч албан тушаалыг бий болгосон юм.

 

Өнгөрсөн долоо хоногт Мьянмарын эрх баригч нам Ан Сан Су Чиг шинэ Засгийн газрын Гадаад харилцаа, эрчим хүч, боловсролын яам болон ерөнхийлөгчийн тамгын газрыг хариуцуулах тухай хэлэлцсэн юм.

 

Гэвч даваа гаригт эрх баригч нам Эрчим хүч, Боловсролын яамны сайдаар өөр хоёр хүний нэрийг дэвшүүлж, Ан Сан Су Чиг төрийн зөвлөхөөр томилсон байна.

 

Тангараг өргөсөн шинэ Засгийн газар хагас зуун жил цэргийн Хунтын дэглэмд байсан Мьянмарын эдийн засаг, улс төрийн хүчин чадлыг бэхжүүлнэ гэсэн итгэл найдвар төрүүлж байгаа юм.

 

Ан Сан Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний лиг нам өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ч ардчиллын төлөө тэмцэгчийн хөвгүүд Их Британийн иргэншилтэйгээс болж ерөнхийлөгчид нэр дэвшиж чадаагүй юм. Гэвч парламентын суудлын 25 хувийг эзэлсэн хэвээр буй цэргийнхэн тус улсын Батлан хамгаалах, хил хамгаалах зэрэг салбарт ноёрхлоо хадгалж үлджээ. Мьянмарын цэргийнхэн Ан Сан Су Чиг төрийн зөвлөхөд нэр дэвшүүлснийг Үндсэн хуультай зөрчилдсөн гэж эсэргүүцэж байна.

 

Гэвч парламентад олонхын суудал эзэлсэн эрх баригч намын гишүүд Ан Сан Су Чиг дэмжиж байгаа ажээ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж