Дөрвөн улирлаар аялуулав

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Дөрвөн улирлаар аялуулав

Олон улсын бүжгийн өдөр дөрөвдүгээр сарын 29-нд тохиодог. Энэ өдрийг угтан Улсын дуурь бүжгийн эрдмийн театр “4 өнгө” нэртэй цоо шинэ балетын тоглолтыг өнгөрөгч амралтын өдрүүдэд олны хүртээл болголоо. Энэхүү тоглолтын нэг онцлог нь тус театрын залуу бүжиг дэглэгчдийн шинэ бүтээл байсан юм. Гэхдээ тэдний хувьд нэгэн орой дөрвөн улирлын байдлыг хөгжим, бүжгээр харуулсан нь онцлог байлаа. АНУ-ын залуу хөгжмийн зохиолч Николас Жаарын олон төрлийн аялгуунд бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал “Мэдрэмж” бүтээлээрээ зуныг, алдарт хөгжмийн зохиолч С.Рахманиновын төгөлдөр хуурын аялгуунд бүжиг дэглээч Н.Чинзориг хөгжимчин залуугийн амьдрал, хайр дурлалыг намрын өнгөнд харуулсан. Тэгвэл цас хаялан өвлийн улирлыг театрын балетын гоцлооч, бүжиг дэглээч Г.Батчимэг Норвегийн алдарт хөгжмийн зохиолч Э.Григийн “Өглөө” бүтээлд, Италийн алдарт хөгжмийн зохиолч, хийлч Антонио Вивалдигийн “Дөрвөн улирал” хэмээх гайхалтай аялгуунд театрын ерөнхий балетмейстер Б.Жаргал хаврын өгүүлэмжийг дүрсэлсэн юм.

Ингээд УДБЭТ-ын бүжиг дэглээч, МУСТА Н.Батчимэг цөөн хором ярилцсанаа танд хүргэж байна.

-“4 өнгө” нэртэй цоо шинэ балетыг театр уран бүтээлчид үзэгч түмэндээ өргөн барилаа. Энэхүү тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Амралтын өдрүүдэд театрын уран бүтээлчид бид үзэгч түмэндээ шинэхэн бүтээлийг өргөн барьдаг. Энэ удаа өнгө, хөгжим, бүжиг бас мэдрэмжийг багтаасан “ДӨРВӨН ӨНГӨ” тоглолт байсан. Үнэндээ бидний зорьсон зүйл бол дөрвөн улирлыг гаргахыг хичээсэн. Дөрвөн өөр балетмастер, дөрвөн өөр өнгө, дөрвөн өөр хөгжмийг нэгэн орой тоглож чадлаа. Энэ бол театрын тайзнаа урьд нь хэзээ ч тавигдаж байгаагүй тийм шинэлэг зүйл болсон. “Дөрвөн өнгө” тоглолтыг хоёр хоног тоглох хуваарьтай байсан. Эдгээр өдрүүдэд танхим дүүрэн үзэгчтэй байлаа. Бид тэдэнд маш сайхан бэлэг барьсан гэдэгт итгэлтэй байна. Мөн дэмжиж ажилласан театрын хамт олондоо талархаж байна.

-Таны хувьд өвлийн өнгийг гаргахад ямар байсан бэ?

-“Дөрвөн өнгө” тоглолтын үеэр тайзан дээр цас, бороо, нар, сар, салхи гээд дөрвөн улирлыг аялгуугаар илэрхийлсэн. Би тайзан дээр өвлийг гаргах учиртай. Надад бусад гурван балетмастерийг бодвол илүү уянгалаг, эмэгтэй хүнийхээ тэр зөөлөн дотоод сэтгэлийг гаргах үүрэг оногдсон. Тиймээс би Норвегийн алдарт хөгжмийн зохиолч Э.Григийн “Өглөө” гэсэн аялгууг хамгийн эхэнд тоглуулсан. Мэдээж үүнийг бол өглөө босоход манан буухаас эхлээд зураглал байдлаар харууллаа. Үүр цайж, нар мандахаас эхлэх тэр өглөө бүсгүй хүний сэтгэлийн нэг л тийм сайхан мэдрэмжийг бүжгийн урлагаар илэрхийлэхийг зорьсон. Бид үзүүлбэр бүртээ өвөрмөц тайз, өнгө гэрлээр харуулж, бүжигчдийнхээ хөдөлгөөнөөр үйл явдал, утга санааг харууллаа. 

-Та бүхэн энэхүү бүтээл дээр ажиллахад хэчнээн хугацааг зарцуулсан бэ?

-Театрын залуу уран бүтээлчдийн хувьд илүү шинэ зүйл хийхийг зорьсон. Бүтээлийн санаа эрт гарсан. Надад эмэгтэй хүний сэтгэлийг гаргахад илүү ойр байлаа. Жүжигчид маань их тус хүргэлээ. Нэг сарын хугацаанд бүжигчидтэйгээ хамтран ажилласан байгаа. Сэтгэл маш өндөр байна. Үнэндээ бас бидэнд шинэ зүйлийг үзэгчдэд хүргэж байгаа гэдгээрээ айдастай байлаа. Гэтэл энэхүү алтан тайзан дээрээ нэгэн оройг гайхалтай өнгө, хөгжим, бүжгийн мэдрэмжийг харуулж чадсандаа баяртай байна.

-Дараагийн тоглолт ямар тоглолт байгаа вэ?

-Дуурийн театрын тоглолтын хуваарийн дагуу энэ сарын 16, 17-д А.Хачатуряны “Спартак” балетыг тоглоно. Мэдээж дахин нэг гайхалтай тоглолт хүлээж байна.

-Ямар?

-Дуурийн театрын гоцлол бүжигчдээс бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй “Номадс” буюу “Нүүдэл” хамтлагтай болсон. Бид энэ сарын 29-ний өдөр буюу олон улсын бүжгийн өдөр нэгэн гайхалтай тоглолтыг хийхээр бэлтгэж байна. Яагаад гэхээр бид илүү орчин үеийн, мэргэжлийн уран бүтээлчдийн хувьд ямар ч бүтээлийг амилуулж чадахыг зорьсон. Бид тайзан дээр дэлхийн болон үндэсний жүжгүүдийг тоглоод байдаг. Гэтэл Монголын бүжигчид өөр илүү их төрлөөр уран бүтээлээ туурвих чадвартай гэдгийг харуулахыг зорьсон. Энэхүү тоглолт маань ганцхан удаа “Соrporate” зочид буудлын шинэ урлагийн театрт энэ сарын 29-ний өдөр болно.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж