Монгол дахь Америкийн Худалдааны Танхим “АмЧамын Нийгмийн Сайн Үйлсийн Өдөр 2016” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
Улаанбаатар хот, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 2016 оны 4-р сарын 2-ны Бямба гарагт “АмЧамын Нийгмийн Сайн Үйлсийн Өдөр 2016” арга хэмжээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Вэлүү сангийн Нарны Хүүхдүүд цэцэрлэгтэй хамтран зохион байгууллаа. АмЧамын гишүүн байгууллагуудыг төлөөлсөн 20 гаруй сайн дурын оролцогчдоос бүрдсэн баг цэцэрлэгийн хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрөөн, цэцэрлэгийн номын санг шинээр тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Тус номын сан нь интернэт, компьютер, ном сурах бичиг болон бусад хэрэгслүүдээр тоноглогдсон ба цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бичиг үсэг тайлагдах, сурч боловсрох болон насан хүрэгчдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ажлын байр, хөдөлмөрийн зах эээлийн талаар мэдээлэл олж авах гол эх үүсвэр болж байгаа юм.
АмЧам Монголын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэд дарга Г. Магнай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар нар номын сангийн нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэн, тууз хайчлах ёслолын арга хэмжээнд оролцлоо.
АмЧам Монголын гишүүн компаниуд нь нийгмийн хариуцлагаараа Монголд манлайлагч компаниуд байдаг ба АмЧам Монголын нэг томоохон зорилт бол нийгмийн хариуцлагатай тэргүүлэгч бизнесийн байгууллага болоход оршиж байгаа билээ. “АмЧамын Нийгмийн Сайн Үйлсийн Өдөр 2016” арга хэмжээг ивээн тэтгэсэн АмЧам Монголын гишүүн Махони Лиотта хуулийн фирм, Орифлэйм Монгол, ноён Т.Гансүлдийн гэр бүл болон Монгол ТВ-д чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Мөн АмЧамын гишүүд болох Вагнер Ази, Жи-Мобайл, Краун группээс ирсэн сайн дурын багийнханд талархал илэрхийлье.
Нарны Хүүхдүүд цэцэрлэг нь Улаанбаатар хотын амьдралын боломж хамгийн тааруу, эмзэг бүлгийн буюу хогийн цэг дээрээс амьжиргаагаа залгуулдаг айл өрхүүдийн 120 гаруй хүүхдүүдийг эрүүл, аюулгүй сурах орчноор ханган ажиллаж, нийгэмд чухал, эерэг өөрчлөлт, үр дүнг бий болгож буй байгууллага юм.
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хооронд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь Вашингтон ДиСид байрладаг 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоо болох Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбарын статустай. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Холбоо барих: 9710-9009