Төгрөгийн ханшийн тогтвортой байгаа тухай таатай мэдээг Гадаад валютын газрын захирал Г.Дэлгэрмаа дуулгалаа. Оны эхнээс 0,6 хувь суларсан төгрөгийн ханш маш тогтвортой байгаа нь Төв банкны зүгээс өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн зөв зүйтэй арга хэмжээний үр дүн байлаа хэмээн тэрээр тодотгосон. Энэ оны эхний таван сарын байдлаар ханшийн хамгийн чангарсан нь гуравдугаар сард 1195,27 төгрөг байсан бол хамгийн сул ханш 1287,77 төгрөг нэгдүгээр сарын 7-ны өдөр байжээ. Төгрөгийн ханш өдөрт дунджаар 0,01 хувийн өөрчлөлттэй байгаа нь тогтвортой байгааг илтгэж буй хэрэг гэнэ. Гэхдээ төгрөгийн ханшийг сулруулах болон огцом чангалах тал талын хүчин зүйлсийн маш хүчтэй байгааг сануулсан.
Сүүлийн долоо хоногт ам.долларын ханш өсч, 1268 төгрөг хүрсэн байгаа. Үүнд Монголбанкны газрын захирал Г.Дэлгэрмаа тайлбар өгөхдөө “Дизель түлш импортлох хэмжээ нь ихсээгүй боловч худалдан авах үнийн дүнд нэлээд өөрчлөлт гарсан нь нөлөөлж ам.долларын ханш өсөх шалтгаан болсон” гэв.
Монголбанкнаас иргэд, аж ахуйн нэгжээс худалдан авах алтны хэмжээ энэ онд эрс сайжраад буй. Оны эхнээс тавдугаар сарын сүүлч хүртэл 1,1 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хувь өссөн хэмжээ аж. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын өмнөх жилүүдэд худалдан авч байсан алтны хэмжээнд хүрэхгүй байгаа юм байна. Хэдийгээр иргэд алт тушаах нь ихэссэн хэдий ч алт тушаалт сэргээгүй байна гэж Төв банкныхан үзэж байгаа ажээ. Одоогийн байдлаар арилжааны банкуудаас “Хадгаламж” алт худалдан авч, экспортолж байна. Цаашид бусад арилжааны банкууд алтны зах зээлд оролцох боломжтой. Нэмж дуулгахад Төв банк алтны зах зээлээс яваандаа гарах бодлоготой байгаа ажээ.