Хүүхдийн сэтгэхүйгээс хальсан “хүүхдийн” зохиол сүүлийн жилүүдэд ид хүчээ авч эхэлжээ. Шууд утгаар нь хэлээгүй үгсийг хаалтад хийдгийг уншигч та мэдэх биз ээ.
Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг дэлхийн Хүүхдийн номын өдөр хэмээн тэмдэглэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд тэдний нас, сэтгэлгээний цар хүрээнээс ахисан “хүүхдийн” хэмээн тодотгохоор ном олширчээ. Эсвэл өнөөгийн хүүхдүүдийн сэтгэлгээ нь ийм эрт хөгжиж, бид хоцрогдоод байна уу?
Хүүхдийн гэх тодотголтой захын нэгэн номыг дэлгэе. Г.Уянгазулын эмхэтгэсэн гэх “Хүүхдийн хөгжилтэй яриа” номд “Ойн амьтад архи уухаар болж хамгийн царай муутайгаа архинд явуулахаар болов…”, “Гудамжид залуухан бүсгүй нэгэн эр дээр очоод,
-Уучлаарай, та миний хүүхдүүдийн нэгнийх нь эцэг бололтой,
-Уучлаарай…, Санаа бүү зов би багш хүн л дээ хэмээн үргэлжилнэ…
Бас нэгэн ном. Хүүхдэд зориулсан цуврал “Онигоо” номын хэсгээс дурдъя. Анааш,
-Урт хүзүү ч мөн сайхан шүү. Архи уухад хоолойгоор явж байгаа нь халуун оргиод л мөн сайхан шүү гэж үргэлжилнэ.
“Энэ яг юу вэ” хэмээн зохиолчдоос асуувал өнөө л мөнгө олох хүсэлдээ хөтлөгдсөн, “арилжааны” зохиолчдын хийсэн ажил гэнэ. Хүүхдэд зориулсан яг ийм номыг хэдэн төрлөөр нь гаргаж, хэчнээн хувь борлуулсан бэ? гэдэгт хариулт олдсонгүй. Монголдоо номын худалдаагаар дээгүүрт тооцогдох “Интерном” дэлгүүрийг зорилоо. Хүүхдийн уран зохиолын хэдэн хувийг ийнхүү арилжааны шинжтэй ном эзэлдгийг тодруулав. “Интерном”-ын дэлгүүрт нийтдээ 20 мянга орчим ном бий. Үүний 1600 нь хүүхдийн уран зохиол. Харин эдгээрийн хэд нь арилжааны шинжтэй, чанаргүй ном бэ гэдгийг тодорхойлох боломжгүй. Учир нь нөгөө л нэгдсэн стандарт, шалгуургүйтэй холбоотой.
Ийм нөхцөлд хүүхдийн зохиолчид 1990 оныг хүртэл байсан үндэсний зөвлөлийг үгүйлж эхэлжээ. Гэхдээ ном бүрийг хатуу хянаж, хааж боох бус, чанарыг нь сайжруулах хяналтыг хүсч буйгаа хэлж байна. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Алтан өд” шагналт судлаач, шүүмжлэгч Д.Хүү “Хүүхдийн уран зохиолд үүссэн энэ байдалд төрөөс тодорхой зохицуулалт хийх хэрэгтэй. Нэгдсэн хяналт шаардлагатай. Мөн мэргэжлийн редактор хэрэгтэй” гэлээ. Гэсэн ч энэ асуудал шийдлээ өнөөг хүртэл олоогүй.
Хүүхдийн сэтгэхүйгээс хальсан, арилжааны номд хяналт байдаггүй юм байна. Харин хүүхдийн эрхийн тухай хуулийг сөхвөл холбогдох заалт бий. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “Хүүхдийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх, хүмүүжил, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл тараах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх” хэмээн заасан байдаг. Гэвч энэ хуулийн хүрээнд ШӨХТГ-ынхан хэсэг номыг хураах арга хэмжээ авахаас хэтэрдэггүй. Энэ жил л гэхэд хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөөтэй гэх 32 ширхэг номыг л хурааж авчээ. Гэтэл 32-ын цаана өөр хэдэн ном бий вэ? Аль хэдийн хүүхдийн гар дээр оччихсон номыг яах вэ? Иймээс л хүүхдийн зохиолыг хэвлэгдэхээс өмнөх хяналт, стандарт хэрэгтэйг зохиолчид сануулж буй.
Хүүхдийн номын зохиолч Г.Ганболд “Нэгэнт ийм нөхцөлд ядаж хэвлэлийн газрууд дэргэдээ хяналтын редакцтай байх хэрэгтэй” гэлээ. Гэвч хэвлэлийн газрууд санхүүгийн боломжоос үүдээд тэр бүр хяналтын редакц ажиллуулах боломжгүй.
Харин “Монсудар” хэвлэлийн газар дэргэдээ “Жангар” хүүхдийн номын бүхэл бүтэн редакци ажиллуулдаг гэх сайн жишээ байна. Тэд редактор, зураач гэх мэтчилэн бүрэн бүрэлдэхүүнээрээ хүүхдийн уран зохиол дээр ажилладаг. Мөн цэцэрлэгүүдээр явж үлгэр, туульсыг зөв унших төсөл хэрэгжүүлэн, үнэ төлбөргүй хичээл орж байгаа аж. Ийнхүү төрийн бус байгууллага, компаниуд эхнээсээ энэ асуудалд санаа зовниж байна. Харин салбарын яам нь дуугүйхэн, таг суусаар… Хүүхдийн гэх тодотголтой “хүүхдийн” зохиол олширсоор…
Б.ЗАЯА