Онгорхой дээвэртэй өвөлжжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Онгорхой дээвэртэй өвөлжжээ

Хашаа нь барилгын хогоор дүүрч, энд тэндгүй овоолсон шороо, блокны үйрмэг, гэхдээ аюултайг анхааруулан нэвтрэхийг хориглож, барилгын хоёр талаар уяа татжээ. Гэвч сонирхсон хүүхэд байтугай том хүн ч хүсвэл доогуур шургаад, дээгүүр харайгаад энэ чухал бүс рүү нэвтэрч болохоор хариугүй хамгаалалт ажээ. Энэ зураглал бол Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэг, цэцэрлэгийг тойрсон хашаан доторх дүр зураг. Өнгөрсөн онд салбар яамнаас нь хөрөнгө тусгаж,  280 хүүхдийн багтаамжтай 1984 онд баригдсан тус цэцэрлэгийн барилгыг эрэлттэй нь уялдуулж, өргөтгөхөөр болжээ. Улмаар барилгын гүйцэтгэгчээр шалгарсан “Алтан зурлага” компани өнгөрсөн аравдугаар сард өргөтгөлийн ажлаа эхлүүлж, сар гаруйн дараа буюу арваннэгдүгээр сарын сүүлээр барилгын ажлаа зогсоосон байна. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн барилга дотор хүүхдүүд тоглож, наадан суралцаж байхад гадна талд, дээвэрт нь барилгын ажил хийж байжээ. Гүйцэтгэгч тал барилгын ажлаа тодорхойгүй шалтгаанаар зогсоосон ч, дээврийг нь хуулсан, цэцэрлэгийн хашаа нь барилгын шороо, хогоор дүүрсэн нөхцөлд хүүхдүүд суралцсаар буйг Мэргэжлийн хяналтын байцаагчид төлөвлөгөөт шалгалтынхаа хүрээнд илрүүлсэн байх юм. Барилгын давхрыг нэмэх шалтгаанаар дээврийг нь хуулсан. Өвлийн хүйтэнд хөлдчихгүйн тулд цэцэрлэг зөвхөн нэг давхартаа бага дунд ангийнхаа хүүхдүүдийг нэг ангид хүлээж авдаг болжээ. Хоёр давхрынх нь дээвэр онгорхой болсон болохоор хаалга, хананаас шууд хүйт үлээдэг учир гялгар наалт, даавуу зэрэг тогтоож, цэцэрлэгээ багш нар дулаалсан байсан тухай Д.Баярболд байцаагч ярилаа.

544 хүүхэд суралцдаг цэцэрлэгийн дотоод дулаан өвөл 14-17 градусын хооронд хэлбэлздэг байсныг байцаагчид онцолсон. Нийслэл дэх цэцэрлэгийн хүрэлцээ муу иймээс өргөтгөл барих болсон нь таатай хэрэг боловч  хүүхдүүд аюулгүй, эрүүл орчинд сурах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж Мэргэжлийн хяналтын газар үзжээ. Нөгөө талдаа ийм орчинд хүүхдүүд суралцах нь захиалагч тал болох БШУЯ-наас барилгын ажлын явцад тавих хяналт огт байхгүй эсвэл сул байсантай шууд холбоотой аж.

Хуулиараа бол эдгээр хүүхдүүд ийм нөхцөлд хичээллэж болохгүй. Цэцэрлэгийг шууд тараах үндэслэл бий. Гэсэн ч цэцэрлэг нь онгорхой дээвэртэй, цэцэрлэгийн хашаа нь бохирдсон гээд үйл ажиллагааг нь зогсоовол 544 хүүхдийг хэн цаашид харах уу, аав, ээжийнх нь аль нэг нь ажлаасаа чөлөө авна гэх мэт олон асуудал хөндөгдөнө. Иймээс олонд чирэгдэл багатайгаар, гэхдээ хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах эрхийг хангаж барилгыг гүйцэтгэгч  компани цэцэрлэгийн дээврийг битүүлэн, цэцэрлэгийг тойрсон барилгын хур хогийг цэвэрлэх нэг гарцтай. Барилгын ажлын тухайд хүүхдүүд амрахаар үргэлжлүүлж болох юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж