Шударга бусын өмнө, иргэнээ юман чинээ боддоггүй Төрийн өмнө хүчин мөхөсдөхөөр хүн чинь ямар ч гарцгүй болдог юм билээ.
Өнөөдөр бид сүүлийн үед хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөөр хамгийн их яригдаж байгаа шинэ төмөр замын сэдвээр, уг бүтээн байгуулалтад оролцсон компанийн нэгэн төлөөлөл “Кэй Эйч Эн Ар” ХХК-ийн Ерөнхий захирал З.Баасандоржтой ярилцлаа.
-Тантай уулзах гэж нэлээдгүй эрэл сурал боллоо. Хэвлэл мэдээллээр таны тухай нэг бус удаа гарлаа шүү дээ.
-Заримыг нь ч өөрөө олж харах юм, зарим мэдээллийг ч хүмүүсээс л сонсож байна. Олон л зүйл гарах юм байна шүү дээ. Өмнө нь би өөрт тулгарсан асуудал, бэрхшээлийн талаар нэг бус удаа ярилцлага өгч, нэвтрүүлэгт ч орж байсан.
-Чухам юу болсныг та бодитойгоор, товч уншигчдад, иргэдэд хэлж өгөөч.
-Би энэ ярилцлагыг иргэд, уншигчид гэхээсээ илүүтэй Төр засагт, шүүх эрх мэдлийн хүрээнийхэнд хандаж өгмөөр байна. Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэвлэл, сошиал мэдээллийн хүрээний нөхөдтэй уулзаж байхдаа бид иргэнээ хамгаална, иргэнийхээ талд зогсоно гэж хатуухан хэлж байгааг сонслоо. Төрийн тэргүүний энэ үг бодитой байгаасай гэж хүсэж байна. Манай хамт олон төрийн өмчит “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар 2011 онд Сүхбаатар аймгийн Баруун уртад төмөр замын далангийн хөрс хуулалтын ажил хийж гүйцэтгээд ажлын хөлсөө өнөөг хүртэл бүтэн 5 жил авч чадахгүй яваа компани. Бидэнд ажлын хөлсийг олгоно гэж 3-4 жил явсаар эцэстээ арга барагдаж шүүхэд хандсан. Ингээд анхан болон хяналтын шатны шүүхээс ажлын хөлсийг олго гэсэн шийдвэр гарсан боловч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс дахин Дээд шүүхэд гомдол гаргаад удахгүй шүүх хурал болох гэж байна л даа. Харамсалтай нь бидний энэ асуудал сүүлдээ улс төржих, тодорхой хүмүүсийн хоорондын маргааны сэдэв болж хувираад байгаад харамсаж байна.
-Яагаад ингэтлээ хугацаа сунжирдаг байна аа. Өмнө нь эрх бүхий хүмүүст нь хандаж байсан биз дээ.
-Үнэндээ бол эхэндээ ийм байдалд хүрнэ гэж огт төсөөлөө ч үгүй. Улс орныхоо томоохон бүтээн байгуулалтад оролцох боломж олдлоо гэж салбарынхаа хувийн хэвшлийн ууган компанийн хувьд, нэлээдгүй салбар зам барьсан туршлагатай компанийн хувьд урам зоригтойгоор, багагүй эрсдэл хийж энэ ажил орж байлаа. 2011 ондоо багтаан ажлаа хийж дуусгаад гүйцэтгэлээ захиалагчид хүлээлгэн өгч 2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-иар дамжин Зам, тээврийн яамнаас бидний санхүүжилтыг олгохыг “Хөгжлийн банк”-наас хүссэн байдаг. Гэтэл бондын мөнгөний санхүүжилт орж ирээгүй байна та бүхэн хүлээгээ ч гэж хэлсээр 2013 он гарсан. 2013 оны нэгдүгээр сарын 6-ны Засгийн газрын 28 дугаар тогтоол гарч ажлын гүйцэтгэлийн санхүүжилт олгох шийдвэр гарсан ч мөн л хэрэгжээгүй. 2014 гартал хянаж байна олгон гэсээр захиалагч байгууллагын удирдлага 4-5 удаа солигдож, сүүл рүүгээ замхруулах тал руугаа орсон, ийм л зүйл болсон. Төрийн өндөрлөгүүдэд хандаж бичсэн өргөдөл, хүсэлт, захиа ч тоймгүй дээ. Нэг ч хариу байхгүй, авч хэлэлцдэг ч юм уу даа. Арга буюу шүүхэд хандсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс илэрхий тодорхой энэ асуудлыг манай талд шийдсэнд баяртай байна.
-Хоёр шатны шүүхийн шийдвэр та бүхний талд гарчээ. Гэхдээ албан тушаалтнуудтай холбоотой хэргүүд дээд шүүх дээр очоод хэрэгсэхгүй болоод байдаг.
-Мэдээж хэдий хохирсон ч хуулиар эрхээ хамгаалуулах бололцоотой Улс оронд амьдарч байгаа гэж би өдийг хүртэл итгэж явдаг. Бидний асуудал тодорхой хүмүүсийн эрх ашгийг ямар нэгэн байдлаар хөндөөд байна уу гэсэн дүр зураг байгаа болохоор мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөлөлд шүүх автах вий гэж би үнэхээр болгоомжилж байна. Гэхдээ хулгай хийж худал яриагүй бидний хувьд шударга шүүх биднийг харах байх л гэж бодож байгаа шүү.
-Төмөр замтай холбоотой яриа бүхэл нийгмийг өнөөдөр хамарч байна шүү дээ. Өөрөө энэ салбарын хүний хувьд бодлоо хуваалцаач.
-Эрдэнэс уул уурхайн баялагтай ямар ч Улс оронд Төмөр зам хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй, манайх бодлогын баримт бичгээ батлаад эхэлсэн үү эхэлсэн. Харин өнөөдөр байдал ямар байгааг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа шүү дээ. Цаашдаа яахыг би биш бодлого тодорхойлогчид хариулах байлгүй дээ. Гэхдээ зарим юмыг ойлгох боломжгүй мэдэх л боломж байдаг бүхэл бүтэн Улс орны эдийн засаг, нийгмийн онцгой ач холбогдол бүхий Төмөр замын суурь бүтцийн цогц ажлын цаана хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол нуугдаад байна уу?… үүнийг үгүйсгэхгүй. Ашиг сонирхол байгаагүй бол төмөр зам цаг хугацаандаа дуус ч хувь улсын компани гэлтгүй нүүрс бусад олон нэмүү өртөг шингэсэн бараа түүхий эд Улсын төсөвт нэмэр болоод л явах байсан уу гэвэл байсан. Одоо байгаа нөхцөл байдлаа анзаарч байж л өөрчлөлтийг хийж чадна шүү дээ. Өөр тухайлсан санал бодол алга даа.
-Танай компанийн тухай хэвлэл мэдээлэлд таныг энэ асуудлаас болж амиа егүүтгэх хүртэл алхам хийсэн тухай бичигдсэн байсан л даа.
-Юуны өмнө нэг зүйлийг би хэлэхийг хүсэж байна. Хүний амьдралд хүндрэл бэрхшээл, зовлон жаргал гээд янз бүрийн л зүйл тохиолдоно. Энэ нь хувь хүний нууцад ч бас хамаарах байх. Ингэж хувь хүнийх нь зөвшөөрөлгүйгээр, зураг хөрөгтэй нь хамаагүй дур зоргоороо мэдээ баримт дэлгэхгүй байхыг хүсэж байна. Болсон явдлын тухайд ийм зүйл болсон нь үнэн. Шударга бусын өмнө, иргэнээ юман чинээ боддоггүй Төрийн өмнө хүчин мөхөсдөхөөр хүн чинь ямар ч гарцгүй болдог юм билээ. Үнэндээ байдал өнөөдөр ч хэвээрээ байгаа. Өрийн асар их дарамт, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын маш их өр төлбөр хүлээгдээд хаашаа ч хөдөлж чаддаггүй нэгэн болчхоод байна. Хуруу дарам үлдсэн хамт ажиллаж байсан, ажилладаг залуусын сэтгэлийн болоод ажил хэргийн дэмээр өдий зэрэгтэй явж байна даа.
-Сэтгэлийн тэнхээтэй байж энэ бүхнийг давахыг танд хүсэж байна.
-Өөрт тань ч гэсэн баярлалаа. Хууль, шүүхийн асуудлыг шударгаар шийдэх байлгүй дээ. Энэ итгэл минь хөсөрдвөл би ч алдах юмгүй болох хүн дээ.
Л.НАРАНТӨГС