“Араатны хаан”-ы амьд үзүүлбэртэй цирк

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

“Араатны хаан”-ы амьд үзүүлбэртэй цирк

Морь унан давхих, гал дундуур харайх “Араатны хаан”-г харсан  харсан бяцхан үзэгчид алгаа хорстол ташин хөөрөн баясах. Сургагчийнхаа үгээр дуулгавартайгаар “наадах” араатны хаан гал дундуур харайж гайхуулав. Арсланд амаараа мах өгөх зоригт залуу. Амыг нь давхар хазаад авах вий дээ гэсэн айдас дунд үзүүлбэр ч амжилттай дуусав.

Охидын дуртай пони, олсон дээрх гайхамшигт үзүүлбэр гээд үзэгчид хөөрөн баяссаар, циркид уран гоё үзүүлбэрээрээ гайхуулсаар. Монголд огт амьдардаггүй лам гөрөөс. Сургагчтайгаа тоглох сахилгагүй нохой, жаахан сармагчингийн чадварлагаар “нугарах” нь харагдах. Өмнөх үзүүлбэрийнх нь “шок”-ноос гарч амжаагүй шахам байхад дараагийн уулга алдалт үргэлжилсээр нэг л мэдэхэд хоёр цаг дуусчээ.

Тоглолт хоёр хэсгээс бүрдэв. Тоглолтын нэгдүгээр хэсэг бол агаарын үзүүлбэр байлаа. Агаарт дүүлэн эргэлдэх циркчдийн үзүүлбэрийн араас “Акробат этюд”-ийг амьсгаа даран үзэв. Ширүүхэн л амьсгалчих юм бол циркчид алдаа гаргаад нуран ойччих юм шиг.

Зарим тоглолтыг замаас нь орхин гарах ч удаа цөөнгүй гардаг. Харин “Аса цирк” өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас өдөр бүр тоглож байгаа “Дэлхийн цирк”-ийн тоглолтыг л жинхэнэ амьд тоглолт гэж тодорхойлохгүй юм бол өөр юуг ингэж тодорхойлох гэж.

Олсон дээр дугуй унах турьхан бүсгүй Хятадын жүжигчин. Өндөр шон дээр яг л сармагчин лугаа үсрэн наадах залуу, бүсгүй хоёр. Олон жилийн өмнө ээжийгээ дагаад циркийн тоглолт үздэг байсан тэр л хүүхэд нас минь эргэн ирэх шиг. Хүү маань баясан хөөрөөд л. Бяцхан үзэгчид тэр чигтээ циркийн манежнаас нүдээ хором ч салгасангүй. Хоёр цагийн турш тэвчээртэйгээр хэн нэгний дуулахыг сонс гэвэл хүүхдүүд ингэтлээ хөөрс, баясч амьсгаагаа дарж, уулга алдаж үзэх байсан болов уу? Үзэгчдээ байлдан дагуулна гэдэг ганцхан циркт л байдаг гайхамшиг ч техник болов уу?

Танхим пиг дүүрэн, сул суудал нэг ч алга. Үзэгчид нь ийм эмоцитой, жижигхээн алгаа хорстол нь таших, жинхнээсээ хөөрөн баярлах ийм гоё тоглолт ойрд болсонгүй. Тиймээ, энэ бол Монголын циркийн манежнаа хоёр цагийн турш сонирхолтой үзүүлбэрүүдээр бяцхан үзэгчдэд “бэлэг барих” Дэлхийн циркийн тоглолт байлаа. Бяцхан үзэгчдийнхээ хүсэлтээр энэ сарын 10 хүртэл тоглолтоо сунгасан гэдэг таатай мэдээлэл байна. Энэ гоё тоглолтыг хөөрхөн хүүхдүүдээ үзүүлмээр байвал өдөр бүр “Аса” циркт болж байгаа Дэлхийн циркийн тоглолтыг зориорой. Үнэ нь боломжийн, суудлаасаа хамаараад 15-30 мянган төгрөг юм билээ. Харин үзэгчид минь цагаасаа өмнө очоод суудлаа аятайхан олоод суухыг л зөвлөе.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж