Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Өнө эртнээс

 

Өнө эртнээс оюун ухаант хүний дотор нэг л бодол хүчтэй эргэлдсээр ирсэн ажээ. Хожим хойддоо “ЮУ ҮЛДЭЭХ ВЭ?” хэмээх шаналал байлаа. Хамгийн эртний, хамгийн өнө мөнхийн асуулт билээ. Одоо ч эрүүл саруул сэтгэл бодолтой бүхний дотор ч энэ асуулт урьдын адил эргэлдсээр байна. Алсдаа ч энэ хууль жам үргэлжилсээр байна гэдэгт найдна.

Харин цагийн уртад зарим нь эд баялаг, нэр алдар үлдээхийг сонгожээ. Зарим нь эрх мэдэл, сүр хүчээ үлдээхийг эрмэлзжээ. Соломон хаан гэхэд л одоо ч олдоогүй, магадгүй хэзээ ч олдохгүй байж мэдэх эрдэнэсийн сан үлдээсэн гэнэ. Аль тэртээгээс энд тэндээс дэл сул эд баялаг олохыг эрэгчдийн өдрийн бодол, шөнийн зүүд байсаар иржээ. Гэтэл эрээд эрээд олдохгүй байгаа эрдэнэсийн сангаасаа ч дутахааргүй үнэ цэнэтэй байж мэдэх эрдэм мэдлэг ч үлдээжээ. Тэгэхээр боломж олдвол бүгдийг үлдээхийг хүсэгчид байсан хэрэг. Даанч явж ирсэн бүх цагийн түүхэнд эд баялаг өвлүүлэгчид ихэвчлэн мартагдаж, эрдэм мэдлэг үлдээгчид мөнхөрч ирэв.

Тийм ховор хувь заяаны эрхээр оюун ухаанаа өвлүүлэгчид үндэстэн бүхэнд буй. Бидний мэдэхээр ХХ зууны Монголын соёлын түүхэнд тэдний нэг нь Ламжавын Ванган байжээ. Тэгэхээр тэр бидэнд “ЮУ ҮЛДЭЭВ”.
 

НЭГ. ШИНЭ ДЭГ

Олон талаараа Л.Ванган Монголын театрын урлагт шинэ дэг тогтоожээ. Энэ нь найруулагчийн хувь тогтоосон дэг бус урлагийн бүхий л харилцаанд тэр үедээ ч одоо ч баримтлагдаж байна. Тоглолтын гол зарчмууд түүний найруулгаар дэглэгдэж, түүний тогтоосон хэмжүүрт захирагдаж байна. Орчин цагийн шинэ хандлагууд театрын урлагт нэвтэрч байгааг үгүйсгэхгүй. Цаашдаа ч шинэ найруулга, шинэ өрөлтүүдээр баяжигдана. Харин хэзээ ч Л. Ванганы тавьсан найруулгын дэг, үндсэн өрөлтүүд эвдэгдэхгүй байх магадлалтай. Учир нь анхдагч суурь харьцангуй тогтвортой, илэрхий хувьсан “ганхагч” шинж чанаргүй байдгийг соёл урлагийн түүх цөөнгүй баримтаар баталчихсан. Тэгвэл Л.Ванган ямар “ДЭГ” үндэслэсэн бэ?
Хүн төрөлхтний “СОНГОДОГ” хэмээн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн жүжгийн хийгээд театрын “УРЛАГ”-ийн монгол дэгийг үндэслэжээ. Дэлхийн сонгодог жүжгийн найруулгад ч ялгаагүй,” ХЭНД ЗОРИУЛЖ, ЯМАР ЗОРИЛГООР” гэдэг үзэл санааны зарчмаа ягштал баримталж байсан нь харагдана. Ертөнцийн оюун сэтгэлгээний зах зухтай танилцаж дөнгөж эхлээд байсан тэр үеийн монгол үзэгчид шууд эрс шинэ “хэв загварууд”-ыг хүлээн авах боломжгүй байжээ. Монгол хүн яаж ойлгох, юу гэж төсөөлөх, юу гэж ухаарах гэдгээс л түүний “ЭРЭЛХИЙЛЭЛ” эхэлснийг бүхий л үйл хэргээс нь харж болно. Тэр тусмаа нэн шинэ “ДЭГ” бүтээх замаар, шинэ “ЛАОКООН” цогцлоох амар зүйл, санааны зоргоор хэрэг биш болох нь тодорхой. Театрын онолч Ежи Гротовскийн томьёолсон “via negative” чанар ч Л.Ванганы монголын театрт бий болгосон шинэ дэг, зарчмуудын дотор бодотой үзэгдэнэ. Гагцхүү жүжгийн үзэл санааг чухалчлах явдал хүчтэй үед “найруулагчийн өвөрмөц шийдлүүд, найруулагчийн үйлдлээр дамжуулах цогц илэрхийлүүд” тодорч харагддаггүй байжээ. Энэ хэвшмэл “дэг”-ийг эвдэж, найруулга бол театрын гол тойрог бөгөөд түүнийг дагаж бусад тойргууд эргэлдэх ёстойг ойлгуулах нь Л.Ванганы найруулсан бүх жүжгүүдийн шинэ дэг хандлагуудын “ҮНДЭС” байв. Гол нь үндэстний сэтгэлгээний нийтлэг загваруудыг таньж мэддэг найруулагч л энэ шинэ дэгийг санаачлах, бий болгох боломжтой. Нөхцөл тохироо Л.Ванганд илүү “цогцоор” бүрэлдсэн байжээ. Нэг талдаа аз эзийн тухай ярьж болох ч нөгөө талдаа аливаа цаг үе “түүхээ туурвигчдыг” төрүүлэн гаргадгийн үлгэр болой.
 

ХОЁР. ШИНЭ ДҮР

Уран сайхны сэтгэлгээ ДҮР бүтээхээс эхэлнэ. Зарим онолчид уран сайхны сэтгэлгээний үндэс дүр бүтээх сэтгэлгээнээс эхтэй гэж үздэг. Ямартаа ч дүрээр сэтгэх үгийн урлагийн язгуур эхлэл мөн. Тэгвэл Л.Ванган МУЗ-ын ертөнцөд бараг дахин давтагдахааргүй ДҮРҮҮД бүтээжээ. Тэдгээр дүрүүд нь уран сайхны талаасаа “АМЬД”,”ҮНЭН”,”ЗӨРЧИЛ” –тэй байж чадсан нь жүжгийн зохиолын уран сайханг хэдэн шат ахиулав. Түүнээс гадна Эрхий Мажиг хэзээд, Ганган Сумьяагаас ондоо, Тожоо жолооч хэзээд Жож Сэрээнэнгээс ялгахаар хэв шинжтэй бүтээгджээ. Нийгэм, утга зохиолоос “шинэ хүмүүсийн дүр” нэхдэг байлаа. Бүх л зохиолчид “шинэ нийгмийн, шинэ хүмүүсийн дүр” бүтээх эрэлд хатаж байжээ. Харин Л.Ванган тухайн цаг үе-нийгмийнхээ зарим шугамуудыг давж дүр бүтээж байв. Энэ л түүний жүжиг-киноны зохиолуудын өвөрмөц тал, чөлөөт сэтгэлгээний бахдам жишээ болж байна.

Нэгэн хэвийн ялгарах онцлоггүй ”сайн” хүмүүсийн нийтлэг дүрүүдийг “СӨРГҮҮЛЖ” ХУВЬ ЧАНАРТАЙ, ХАРЬЦАНГУЙ “БОДГАЛЬ” дүрүүдийг Л.Ванган урлан бүтээв. Илүү обьектив тал нь давамгай ч түүний зохиолуудын дүр уран дүрийн ойлголт ухагдахууныг бүрэн илэрхийлжээ. Үнэндээ “уран зохиолын гол тусагдахуун нь хүн, түүний үйл ажиллагаа, амьдралын асуудлууд байдгийн адил уран дүрийн асуудал мөн л хүн, хүний төлөөллүүд, тэдгээрийн олон талт хэрэг явдлуудын эргэлт хувиралттай гүн гүнзгий холбогдоно. Дүр нь зөвхөн тухайн зохиолд л бодотой, хүний аж төрлийн ямар нэг асуудал, орон зай, цаг хугацаа, үйлийг тусгасан хийсвэр ойлголт юм / Д.Галбаатар”Уран зохиол, онол, түүх, шүүмжлэл” нэвтэрхий толь 2012,137/ гэж үзвэл Л.Ванганы зохиолын дүрүүд “ЗАН ТӨРХ”, “БОДОТ ХАРИЛЦАА”,”ТОДОРХОЙ ҮЙЛДЭЛ” тээсэн хүн нийгмийн харилцааны зөрчилөөс урган гарсан шинжтэй юм. Зарим талаараа Теодюль Рибо/1839-1916/-гийн “нийгэм-сэтгэлзүйн –ХҮН ДҮР” хэмээх ойлголттой дүйцнэ. Урьдын онолоор Л.Ванганы зохиолын дүрүүд “дотоод өсөлт” сайтай бүтээгдсэн нь үнэн. Тэр нь ч маш тодорхой харагддаг. Өнгөц хараад хуучин нийгэм харилцаа, үзэл суртлын шахалтаар бүтээгдсэн мэт санагдана. Сүржин, номлогч, сайн үлгэр дуурайлал үзүүлэгч, хэт үнэмшилгүй, амьд бус, зохиомол албадлагын хэл яриатай ДҮР мэдээж жүжиг-киноны зохиолуудад нь байна. Зохиолчийн туурвилзүйн арга нь цаг үеийнхээ шаардлага тулгалтуудыг тийм “шалдан” дүрүүдээр аргалаад цаана нь орон зай, цаг хугацааг давах “үнэн амьдрал”-тай онцгой дүрүүдийг бүтээсэн байна.

Самдан- Тавхай, Чулуун-Раднаа нарын эсрэгцэл нийгэм-үзэл санааны суурьтай, харин илүү нухацтай ажиглавал хувь хүмүүс хоорондын үзэл бодол, байр суурь ч эсрэгцэж байна. Драмын онолын ойлголтоор дүр ба дүрийн амьдралын “давхар эсрэгцэл” уран сайхны сэтгэлгээний хамгийн баялаг сэтгэмж, зохиолчийн оюун санааны “уран сэтгэмжит” өгөгдлийг илэрхийлдэг гэж үздэг. Энгийн жишээ татъя. “Түмний нэг” киноны Чимэд багш, хувь амьдралынхаа ээдрээнд ч бүдэрч, хувьсгалт хэрэг явдлын золионд ч бүдэрч байна. Ийм давхар эсрэгцлүүдийн холбоосууд түүний зохиолуудын “байгууламж”-ын онцлог. Мөн хэрэг явдлын эргэлтүүдэд ч үл хувирах дүрийн туйлын шугам Л.Ванганы чухал “шинэ” дүрүүдийн гол онцлог болж монголын жүжиг-киноны зохиолын түүхэнд үлдэх нь тодорхой.

Нөхцөл тохироо Л.Ванганд ийм дүрүүдийг бүтээх “боломж” олгосон байж болох ч нөгөө талаараа цаг үе өөрийнхөө “нүүр царайг бүтээгчдийг” төрүүлдэг нь үнэн болой.
 

ГУРАВ. ШИНЭ ЗӨРЧИЛ

Баатрыг тодруулагч зөрчил, үйлийг тодруулагч зөрчил, үндсэн зөрчил, зөрчлийг баяжуулагч үйлдэл гээд онолын хүрээний ойлголтууд Л. Ванганы жүжиг- киноны зохиолуудад хамаатай. Учир нь жүжгийн зохиолын сонгодог зарчмууд гэж хэлж болохуйц “ЗӨРЧИЛ” тойрсон холбоосууд, тэдгээрийн үйлдлээр тодрох нөхцөл байдал юм. Мөн хуваарилалт ба оноолт гэсэн зохиомжит бүтэц ч түүний жүжгүүдийн бичвэрийн зөв нийлэгшлийг илтгэнэ. Энэ бүхэн онц гойд зүйлгүй, зохиолч бүхэн “зөрчил”-д суурилсан нөхцөл байдлыг бүлэг үзэгдэлд хуваарилан үзүүлдэг. Тэгвэл Л.Ванганы шинэчлэгч чанар зохиолын зохиомж байгууламжид бус үйл явдлыг эрчимжүүлсэн “шинэ зөрчил”-ийн утга ухагдахуунд оршиж байна.

“Эмч нар”/1952 / жүжигт “хувийн жаргалыг эрхэмлэх” зөрчлийн шалтгаан болно. Үндсэн зөрчлөө “хайр сэтгэл”, “нийгмийн ашиг сонирхол”, “шударга чанар”, “хүний мөс чанар” гэсэн хавсарга зөрчлүүдээр баяжуулсан байна. Эцэст нь үзэл санаа ялж байна. Л.Ванганаас өмнөх үед жүжгийн зохиолд дээрх шиг давхар зөрчлийн цуваа шугам үүсгээд түүнийгээ үзэгдэл бүхэнд сүлжилдүүлэн бичих тохиолдол цөөн байжээ. Жүжгийн зөрчлийн тухайд харьцангуй шинэ сүлжилдээн шүү дээ. “Хувиа бодогчид”/1959/ жүжигт мөн л “хувийн жаргалыг эрхэмлэх”-ийг эсэргүүцэж, шударга ажил хөдөлмөрийг сурталчилсан байна. Үнэхээр тухайн цагтаа үнэ цэнэтэй зөрчлийн шалтгаан гэж үзвэл том эндүүрэл болно. Аль ч цагт “шударга ба шударга бус” байдлын эсрэгцэл гол зөрчил байсан гэдэг. Хэдийгээр Л.Ванганы уран бүтээлийн эхэн үеийн жүжгүүдийн зөрчил ихэвчлэн нийгмийн харилцаанаас сэдэлтэй ч хүн, хүн ёсны жам ёс, хууль зарчимд тулгуурлажээ. Гэтэл “Жирийн хүмүүс”/1968/ зэрэг жүжигт хүмүүс хоорондын харилцаанд үүсч буй “шинэ зөрчил”-үүдийг гол болгосон байдаг.

Нөхцөл тохироо Л.Ванганд “шинэ зөрчил”-үүдийг нээн харуулах үйлийг оноосон байна. Аливаа цаг үе “өнгө төрхөө” илчлэгчийг өөрөө бойжуулдаг гэнэ. Тийм хувь тохиол Л.Ванганд илүүтэй оногджээ.

ӨНӨ ЭРТНЭЭС…ӨНӨ МӨНХИЙН АСУУЛТ. ЮУ ҮЛДЭЭХ ВЭ?

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2016-04-03

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж