Үлгэрт дургүй хүүхдүүдийн цаана

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Үлгэрт дургүй хүүхдүүдийн цаана

…Эртээ урьдын цагт Сүн далайг шалбааг байхад, Сүмбэр уулыг дов байхад…

…Эрт цагт болдоггүй Боролдой өвгөн байжээ. Боролдой өвгөн нислэг, нисдэггүй хоёр бор морьтой юмсанж…

…Арван таван толгойтой атгаалжин мангас ард олныг айлгадаг байжээ…

Үлгэр бүхэн эртээ урьдын цагт гэж эхэлдэгт  их л гайхдаг байж билээ. Үдэш бүр эмээгийн ярьсан үлгэрийг зүүдэлж хоносон шөнийг тоолоод баршгүй. Боролдой өвгөний  нисдэг бор морийг унаж, 15 толгойтой атгаалжин мангасыг сөнөөж, Сүн далайг гаталж, Сүмбэр уулыг давсан би өглөө сэрэхдээ төрсөн гэртээ байгаадаа баярладаг сан. Хорьдугаар зууныхны  хүүхэд насыг үлгэргүйгээр төсөөлөх аргагүй байлаа. Телевизээр өдөртөө 10 минут л гардаг хүүхэлдэйн киноноос бусдыг томчуудтай зэрэгцэн үзэх эрх хүүхдэд байсангүй. Харин үдэш бүр радиогоор “Үлгэрийн цаг”-аа сонсоно. Үргэлжлүүлээд өвөө, эмээгийн үлгэр хөвөрнө. Сургуульд орж уншдаг болмогцоо Монгол ардын үлгэр Сүүлэн хүү, Долон түмэн адуутай Долоодой өвгөн, Арслантай мэргэн хаан,  Орос ардын үлгэр Алтан загасны эмгэн, Гуталт муур, Сайхан Василиса, Алёнушка, Иванушка хоёр гэхчилэн олон сайхан үлгэрийг өөрсдөө уншиж өссөн сөн.

Орчин цагт харин үлгэр мартагджээ. Хэдийгээр МҮОНР “Үлгэрийн цаг”-аа үргэлжлүүлж байгаа ч түүнийг нь сонсдог хүүхэд тун ховор. Цэцэрлэгийн багш нарын цээжилтэл нь ярьдаг  “Манжин”, “Улаан талгайт”-аас цаашгүй байгаа нь хүүхдүүдийн ч, үлгэрийн ч буруу биш ажээ. Хүүхдүүд үлгэрт дургүй гэхээсээ шинэ цагийн өвөө эмээ нар үлгэр мэддэггүйд хамаг учир байгаа юм биш үү. Чухам тиймээс ч Хүүхэлдэйн театр, Өлзий телевиз хамтран “Үлгэрч өвөө эмээ” зорилтот төслийг хэрэгжүүлэхэд хүрсэн байж болох юм. Үлгэрч өвөө, эмээ шалгаруулах төсөлд 50-аас дээш насныхан оролцох бөгөөд ардын аман зохиол, үлгэр туульс ярьж,  өрсөлдөх юм.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр “Үндэстний баялаг өв болсон аялгуу сайхан монгол хэлээ дээдлэн хүндэлж, ардын аман зохиол, үлгэр туульсаа дэлгэрүүлэх зорилго” бий болно гэж төслийн багийнхан хэлж байгаа ч хамгийн энгийн болоод эгэлгүй зорилго нь хүүхдүүдийг үлгэрт дурлуулах байж мэдэх юм.  

-Хүүхдийнхээ ирээдүйд хийж болох өртөг багатай атлаа хамгийн зугаатай, үр дүнтэй хөрөнгө оруулалт бол тэдэнд үлгэр уншиж өгөх явдал. Хэрэв өдөрт 10 минут зарцуулан үр ач, хүүхдүүддээ үлгэр уншиж өгч хэвшвэл хүүхдийн тань хүмүүжилд олон талаар нөлөөлнө. Цаг зав зориулан үр хүүхдүүддээ үлгэр ярьж өгснөөр өвөө, эмээ, эцэг эх, хүүхдүүдийн хооронд амьд нарийн нандин холбоо, ойр дотно харилцаа үүсдэг. Мөн чөлөөнд гарсан ахмадуудаа нийгмийн идэвхтэй харилцаанд татан оруулж, тэднээр дамжуулан мартагдах шахсан ардын аман зохиол үлгэр туульсыг сэргээн сануулна хэмээн зохион байгуулагчид нь тодотгосон.

Төслийг хэрэгжүүлээд эхэлбэл багачууд түр зуур ч болов гар утас, компьюрийн дэлгэцийн дэргэдээс холдож, үлгэртэй танилцах билээ. Өнөө цагт хүүхдүүд өвөө эмээгээсээ үлгэр биш чихэр жимс, гар утасны тоглоом наадгайг л нэхэх болсон нь орчин цагийн хэмнэл байхыг үгүйсгэхгүй. Гэвч үлгэрт дургүй хүүхэд байдаггүй. Үдэш унтахынхаа өмнө сонссон үлгэрээ хүүхдүүд яг л ном уншихын адил дүрслэн сэтгэдэг. Тиймээс ч үдэш нь зүүдлээд хонох нь олонтаа. Сэтгэхүй нь хөгжихийн зэрэгцээ хүүхдийн хэл ярианы хөгжилд үлгэр онцгой нөлөөтэй. Шүлэг мэт шад шадаар хөврөх үлгэрийн сонсох зуураа хүүхдүүд өөр нэгэн ертөнцөөр аялаад ирдэг бол орчин цагийн цахим тоглоомоос охид нь элдэв гоёл, хувцас хунарын дон тусдаг бол хөвүүд нь дайн тулаан, автомашины уралдаанд оролцож, ямар ч эрсдэл таарсан туулаад л өнгөрөх мэт буруу ойлголт авч байна.  

Дээрээс нь ухаалаг утас, компьютер ширтсээр дэлгэцийн өвчин тусагчдын нас улам бүр залуужсаар, нялхассаар байгааг энд тэмдэглүүштэй. Хар нялхаасаа нүд нь анивчдаг, толгой, гар нь салгалдаг, үе үе  ухаан самуурдаг хүүхдүүд улам л олон болж байна. Энэ бүхэнд хүүхдүүд бус аав, ээж нар өөрсдөө буруутай. Уйлаад, үймүүлээд байхаар нь гар утсаа өгч саатуулдаг эцэг эхчүүд хожим харамсаад ч засрахааргүй алдаа гаргаж байгаагаа ухаардаггүй. Хайчин дээр унаад өрөөсөн нүдгүй болсон хүү  хожим нь “Хичнээн уйллаа ч сохортлоо уйлах биш дээ” хэмээн ээждээ гомдоллосон түүх гар утасны эмгэнэлээр үргэлжлэх вий дээ.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж