Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Азербайжан, Армян улсуудын байдал өнгөрсөн өдрүүдэд анхаарлын төвд байлаа. Азербайжан галаа зогсоож буйгаа өчигдөр орой зарлав. Харин Армяны Батланхамгаалах яам зүүн өмнөд, зүүн хойд чиглэлээр байлдаан үргэлжилж байна гэж зарлав.
Фото: Brendan Hoffman/Getty Images, архив
Дөрөвдүгээр сарын 2-ны шөнө Уулын Карабахын эргэн тойронд Армян, Азербайжаны хоорондын зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа.
Юу болов
- Гал зогсоосон шугам дээр хоёр тал эвлэрлийг зөрчлөө гэж бие биеэ буруутгав.
- Өмнөд Гадрутск, зүүн өмнөд Мардакертийн чиглэлээр ширүүн байлдаан явагдаж байна гэж Армяны Батлан хамгаалах яам мэдээлэв. "Армяны арми, эсрэг талд мэдэгдэхүйц хохирол учруулан дайсныг буцаан хөөж, байдлыг бүрэн хянаж байна" гэж тус улсын ерөнхий сайд Овик Абрамяны мэдэгдэлд өгүүлжээ.
- Азербайжаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны мэдээгээр Уулын Карабахын сууринууд болон стратегийн өндөрлөгүүдэд Азербайжан хяналтаа тогтоосон байна.
- Азербайжаны БХЯ-ны мэдээгээр, тэдний талаас 12 цэрэг амь үрэгдсэн бол Армяны 100 гаруй цэргийг устгаж, шархдуулсан гэлээ.
- Армяны ерөнхийлөгч мэдээлэхдээ Уулын Карабахын хамгаалалтын арми 18 хүнээ алдаж, 35 орчим хүн нь шархадсан гэжээ.
- Энгийн иргэдийн дунд алагдаж, шархадсан хүмүүс байгаа хэмээн Азербайжаны БХЯ мэдээлжээ.
- Армяны парламентын олон нийттэй харилцах мэдээлэл, холбооны газрын дарга Арсен Бабаян "үүнтэй зэрэгцээд мэдээллийн дайн явагдаж байна" гэв.
- Дөрөвдүгээр сарын 3-ны өглөөнөөс Азербайжаны тал Уулын Карабахын хамгаалалтын армийн байрлалыг их буугаар буудаж байна хэмээн Армяны БХЯ мэдэгдэв.
- Мөн дөрөвдүгээр сарын 3-ны өглөө Азербайжаны БХЯ мэдээлэл хийж, “дөрөвдүгээр сарын 2-ны шөнийг бодвол фронтын шугам дээр харьцангуй тайван байна” гэжээ.
- Мөн өдөр Азербайжан өөрийн талаас Карабахын сөргөлдөөний бүсэд хариу арга хэмжээгээ зогсоож буйг мэдэгдлээ. Харин Армяны БХЯ мэдээлэхдээ, зүүн өмнөд ба зүүн хойд чиглэлээр байлдаан явагдаж байгаа гэж дамжуулав.
Армяны талын үйл ажиллагаа
- Армены ерөнхийлөгч Серж Саргсян тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав.
- Армяны төрийн бүтэц байдлыг тогтворжуулах шаардлагатай арга хэмжээнд бэлэн гэж ерөнхий сайд Овик Абрамян мэдэгдэв.
- Армяны ГХЯ хоёр улсын хилийн зурвас дээр байдал хурцадсаныг эрс буруутгалаа.
- Армяны цагдаагийн Тусгай ангийн отрядуудын ахмад дайчдын холбооны дарга хурандаа Гриша Саркисян байдал хурцадсантай холбоотойгоор нөөцөд байсан дайчдаа дайчилгаанд дуудлаа.
- Харин Армяны БХЯ-ны төлөөлөгч тус оронд дайчилгаа зарлагдаагүй гэж мэдээлэв.
- Армян улс болж буй хэрэг явдлын тухай гадаад түншүүддээ мэдээлэл хүргэж буйг БХЯ-ны төлөөлөгч хэлэв.
- Уулын Карабахын талаар Армян НҮБ-тай байнга холбоотой байгаа тухай тус байгууллагад суугаа байнгын төлөөлөгч Тигран Самвелян мэдээлжээ.
Азербайжаны талын үйл ажиллагаа
- Карабахын сөргөлдөөнийг зохицуулах талаар эрх баригчид хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев мэдэгдлээ.
- Азербайжаны ГХЯ-ны хэвлэлийн албаны төлөөлөгч Хикмет Гаджиев болж буй хэрэг явдлын хариуцлагыг Армянд тулгалаа.
- Армяны хүчнийхэн хилийн зурвасын ойролцоох сууринуудыг их буугаар буудаж байна гэж Азербайжаны БХЯ мэдээлэв. Армяны үйл ажиллагааны хариуд нь тус орны Зэвсэгт хүчин Армяны талыг буудах тушаал өгснийг мэдээлжээ.
Дэлхий
- Уулын Карабахын асуудлыг авч хэлэлцэнэ хэмээн Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Минскийн группын дарга нар мэдээлж байна. Тэд хүч хэрэглэснийг буруутган гал зогсоохыг шаарджээ.
- Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа, Армяны Гадаад хэргийн сайд, Эдвард Налбандян, БХЯ-ны сайд Сейран Оганян нартай Уулын Карабахын талаар хэлэлцээр хийлээ.
- ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сөргөлдөгч хоёр орны Гадаад хэргийн сайд нартай утсаар ярилцан хүч хэрэглэхээ зогсоохыг уриалав.
- ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн утсаар хоёр орны Цэргийн яамны сайд нартай хэлэлцээр хийлээ.
- Уулын Карабахын бүс дэх байлдааны үйл ажиллагааг АНУ буруутгаж байна хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв.
- НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун уг бүс нутагт зэвсэгт мөргөлдөөнийг нэн даруй зогсоон гал зогсоох тухай гэрээг сахихыг уриалжээ.
Сөргөлдөөний түүх
- Уулын Карабахт Армян, Азербайжаны зэвсэгт мөргөлдөөн өнгөрсөн зууны ерээд оны эхээр гарчээ.
- 1991-1994 онд байлдааны идэвхтэй ажиллагааны явцад олон хүн, эд зүлийн хохирол гарч бараг нэг сая орчим хүн дүрвэжээ.
- ОХУ болон тусгаар тогтносон орнуудын холбооны Парламент хоорондын ассамблейн зуучлалаар 1994 оны тавдугаар сарын 24-нд Карабахын зэвсэгт сөргөлдөөний бүсэд гал зогсоох гэрээг Киргизын нийслэлд байгуулан гарын үсэг зурсан.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР