Нээсэн, үргэлжлүүлсэн, хаасан үгс юу илэрхийлэв?

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Нээсэн, үргэлжлүүлсэн, хаасан үгс юу илэрхийлэв?

Нээсэн, үргэлжлүүлсэн, хаасан үгс юу илэрхийлэв?

-Монголын төрийн эрх мэдлийг атгалцаж байгаа гурван эрхэм эдийн засгийн өнөөгийн байдлыг юу гэж үнэлэв, ямар гаргалгаа, шийдэл дэвшүүлэв гэдэг анхаарал татаж байна-

Өнгөрсөн долоо хоногт Монголын Эдийн засгийн форум долоо дахь жилдээ зохион байгуулагдлаа. Эдийн засгийн үзүүлэлтүүд сөрөг болсоор удаж байгаа энэ үед уг арга хэмжээний үеэр гэрэлтэж, гялтайх зүйл бага яригдсан нь ойлгомжтой. Эдийн засгийн форумын нэг анхаарал татсан зүйл нь Монголын төрийн гурван өндөр албан тушаалтаны хэлсэн үг байлаа. Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн, хоёр дахь өдрийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлээ. Харин формуын хаалтын үгийг УИХ-ын дарга З.Энхболд хэллээ. Хаалтын үгээ хэлж байх үед спикер З.Энхболдын толгойлж байгаа намын гишүүний нэг Л.Наранбаатар оймсоо тайлж шидэж, дуулиан болоод амжсан.

Монголын төрийн эрх мэдлийг атгалцаж байгаа гурван эрхэм эдийн засгийн өнөөгийн байдлыг юу гэж үнэлэв, ямар гаргалгаа, шийдэл дэвшүүлэв? Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үг зургаан хуудас, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг 10 хуудас, УИХ-ын дарга З.Энхболдын үг таван хуудас байжээ.

Монгол улсын эдийн засаг муу байдалд байгаа нь уул уурхайгаас хэт хамааралтай байсан, дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан нь, мөн Монголын эдийн засаг хамгийн их хамааралтай байгаа Хятадын эдийн засаг хумигдсан нь өнөөгийн байдлын шалтгаан үзэж байгаагаа УИХ-ын дарга хэлээд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь гол зорилго хэмээн хэлжээ. “Манай нийт өрхийн тэн хагас нь хөдөө аж ахуйн салбарaac хамаарч байна. Гэтэл, манай нийт хөрөнгө оруулалтын хоёрхон хувь нь хөдөө аж ахуйн салбарт орж байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж хурдан өсөхгүй байгаа гол шалтгаан юм” хэмээн З.Энхболд онцолжээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч одоогийн нөхцөл байдлыг бүхий л талаар “хүнд” хэмээн томъёолж, энэ байдлын шалтгаан экспортод чиглэсэн уул уурхайн том төслүүдийг гацаасан явдал гэж үзжээ. “Хэрэв бид том төслүүдээ хөдөлгөөд цааш нь явуулсан бол улс орны төсөв жил бүр ийм алдагдалтай гарахгүй байсан. Та бүхэн мэдэж байгаа. Бид нар ийм мөнгө зарцуулна гэж ханаж, танасаар байгаад төсөвлөдөг. Гэтэл жил бүр, жилийн эцэс рүү нэг их наяд төгрөгийн алдагдалтай гарч байгаа. Тэгээд түүнийгээ төсвийн тодотгол гэдэг нэрээр хасч танаж хаадаг.Нөгөө л бизнес рүү орох зээл, нөгөө л ард иргэдэд очих мөнгөнөөсөө л хасдаг. Өөр юунаас хасах вэ дээ. Энэ том төслүүд хөдлөөгүйгээс болоод асар олон мянган ажилчид, монголчууд өнөөдөр ажлын байраа алдаж байгаа шүү дээ. Орлогоо алдсан. Хэрэв хөдөлсөн бол олон мянган хүн ажилтай байх байсан. Орлоготой байх байсан. Ингэтлээ ч бас халамжийн дэвтрээ барьцаанд тавьж, мөнгө зээлэх гэж энд тэндхийн ломбардын үүд сахихгүй байсан даа л гэж би бодож байгаа. Үүнийг л би Монгол Улсад учирч байгаа хохирол гэж хэлээд байгаа юм. Үүнийг л би Монголын ард түмэнд, монгол хүнд ирж байгаа хүнд цохилт гэж хэлээд байгаа юм” гэжээ. Монголын өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь улс төр гэж Ерөнхийлөгч томъёолж байна. Харин ноён Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар улстөрчдийн хариуцлагыг дээшлүүлж, энэ хариуцлагыг нь хуулинд хүрээнд болгож байж байдал дээрдэнэ гэжээ.

Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь эрх баригчдын эдийн засгийн буруу бодлого, эдийн засгийн сэтгэлгээний хоцрогдол гэж үзсэн байна. Гэхдээ эдийн засгийн сэтгэлгээний хоцрогдол нь уул уурхайн том төслийг явуулж чадаагүй явдал хэмээжээ. “Эдийн засгийн үүлэн чөлөөний нарны үр ашгийг хувааж идээгүй бол энэ хүндрэл ийм хүчтэй ирэхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаагүй бол гай зовлонг тойрох л байсан. Ядаж л Оюутолгойн хоёр дахь шатыг явуулж байсан бол одоогийнхоосоо хоёр дахин дээр суух байлаа” гэжээ. Харин Ерөнхий сайд гарах шийдлийг дараах байдлаар харж байгаа аж. “Одоо босгосон, босгох хөрөнгөөр дотоодын банкууд, аж ахуйн нэгжүүдээс булаасан дотоодын бондын эх үүсвэрээ эхний ээлжинд суллана. Банкаа, компаниудаа эхний ээлжинд мөнгөтэй болгож өрийн сүлжээг нь тайлна. Орон сууцны моргейжээ өргөжүүлж, бизнесийн моргейж эхлүүлнэ. Бэрхшээл саадуудыг даван туулж том төслүүдээ үргэлжлүүлэн хөдөлгөнө. Гадаадын хөрөнгө оруулалтууд татах ажлаа идэвхийлэн үргэлжлүүлнэ. Эдийн засгаа солонгоруулах чиглэлээр төлөвлөсөн тодорхой ажлуудаа хэрэгжүүлнэ.. Том бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлнэ. Эрдэнэс Монгол дээр суурилсан Темасек загварын шинэ бүтцэд шилжинэ. Баялгийн сангаа бий болгож Баялгийн эзэн -Монгол хүнтэйгээ холбоно”.

Мэдээж энэ гурван эрхмийн үг гурван сарын дараа болох парламентын сонгуультай шууд холбогдож, өөр өөрийнхөөрөө улс төр хийлээ. Хэлсэн үгнийх нь тал хувь, заримынх нь бараг тэр чигээрээ улс төрийн өнгө аястай байлаа. Тус тусдаа бурууг олж харж, зөв яриад байгаа ч ярихаас хэтэрдэггүй, хэлсэн ярьсанаас нь жирийн иргэдэд наалдах юмгүй хоцордог нөгөө л танил дүр зураг. Өмнөх зургаан удаагийн форумын үр дүн юу байсан юм бол? Анхны Эдийн засгийн форум зохион байгуулж байсан 2009 онтой харьцуулахад эдийн засаг элгээрээ хэвтчихээд байгаагийн шалтгаан юу юм бол? Энэ асуултын хариуг л хүмүүс хүлээж байлаа. Царайны сайхнаар цай сүлдэггүйн адил улстөрчдийн сайхан үг ходоод тосолдоггүйг иргэд мэдэхийн дээдээр мэддэг болсон. Чуулган, форум, зөвлөгөөн, панелист, модератор эдгээр гоё үг хэзээ ид шидээ хэзээ харуулахыг л хүмүүс хүлээж байгааг ойлгох цаг болжээ.

Формуын өөр нэг анхаарал татсан зүйл нь эрх баригч хүчний угшилтай гурван эрхэм зарим нэг асуудлаар тэс өөр байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, нүүрсний Тавантолгойн ордын асуудлаар. Ерөнхийлөгч Тавантолгойн ордыг хөдөлгөөгүйг буруутгасан бол УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн буруу мэдээлэлтэй байгааг хэлж, Тавантолгойн асуудал хуулийн хүрээнд явагдаж байгааг онцлоод “энэ бол ардчилал” хэмээн тодотгожээ. Эрх баригч хүчинд харъяалагдах эрхмүүдийн байр суурь зөрөлдсөн ганц энэ тохиолдол биш байлаа, өнгөрсөн долоо хоногт. Ардчилсан намын гишүүн УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрсөн Лхагва гаригт “Жудагт Монгол” хөдөлгөөнөөс зохион байгуулсан цуглаанд МоАХ-ны тэргүүлэгчийн хувиар өөрийн намын бас нэгэн гишүүн болох Л.Эрдэнэчимэгийн хамт оролцож, улс орны эрх ашгийн эсрэг үйлчилсэн хэд хэдэн эрхэм гишүүнийг дахин сонгохгүй байхыг сонгогчдод уриалсаны дотор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Ардчилсан намын гурван хүний нэр багтсан юм.

Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг хойшлуулсаныг ардчилал гэж хэлж чадахгүй ч нэг намын өврөөс гарсан гурван эрхэм ийнхүү өөр өөрийн эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлсэнийг харин ардчилал гэж хэлж болно.

Д.НАРАНТУЯА

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж