Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Лалын аюул бол домог

-Хэт даврагчид, алан хядагчид, дүрвэгчид хоорондоо холбоогүй зүйл-

 

Европ тивийн тухай бид тэнд ямар нэг юм болбол санадаг. Эдүгээ 500 сая хүн оршин сууж буй энэ тивийн талаарх бидний ойлголт энэ тивд өрнөсөн олон үйл явдлын он цагийн дараалал байдаг. Гэхдээ эдгээр үйл явдал нь гол төлөв хүчирхийлэлтэй холбогддог болохоос харин эдгээр үйл явдлын хооронд өрнөсөн үйл явцын үр дагавар байдаггүй.

 

Яг одоо Европ тив гурван төрлийн хямралтай нүүр тулаад байна. Эхнийх нь, аюулгүй байдлын, бүүр тодруулбал, хэт даврагч үзлийн хямрал, үүний хамгийн сүүлийн тод жишээ нь энэ оны гуравдугаар сарын 22-нд Брюессельд болсон алан хядах ажиллагаа, хоёр дахь нь дүрвэгсдийн хямрал, хэдэн зуун мянган дүрвэгч энэ тивд ирж, тэднийг хэрхэн хянахаа мэдэхгүй байна, гуравт, улс төрийн хямрал, энэ тивийн олон орон улс төрийн хямралд нэрвэгдэж, уламжлалт зүүний болон барууны чиглэлийн намууд илүү хатуу байр суурьтай, өмнө нь хүлээн зөвшөөрч чаддаггүй байсан намуудад бууж өгч байна.

 

Эдгээр хямралыг харахад том хямралыг нөхцөлдүүлж буй жижиг хэсгүүд, тухайлбал, дүрвэгсдийн асуудал, улс төрийн хямрал хоёр бие биетэйгээ уялдаатай, нэг нь нөгөөгөө тэтгэж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ эдгээрийн хооронд шууд хамаарал байхгүй. Хэт даврагч үзлийн хямрал нь дүрвэгсдийн асуудалтай холбоогүй.

 

Бельгийн хэрэг явдлыг үйлдсэн хүмүүсийн хэн нь ч дүрвэгсдийн давалгаанаар орж ирсэн дүрвэгч, эсвэл цагаач биш байсан. Өмнөх Лондоны болон Парисийн алан хядах ажиллагааг үйлдэгчдийн нэгэн адил Бельгийн хэргийг үйлдэгч нь Европын албан ёсны иргэд байсан. Бүүр боломжийн гэр бүлд төрж өссөн, энэ тивийн нийгэм, соёлын амьдралд зохицон амьдардаг нийгмийн давхаргаас гаралтай хүмүүс байсан.

 

2014 оноос хойших Европын жихадистуудын уг гарвалыг хөөвөл Брюсселийн Моленбеке дүүрэгтэй холбогдсон байдаг. Мароккийн цагаачдаас угшилтай хүмүүс голчлон оршин суудаг энэ дүүргийн иргэд өвөг дээдсийнхээ соёл, заншлыг огт сонирхдоггүй нь намайг гайхашруулж байсан юм. Энэ хүмүүс өнөөгийн Европын цоо шинэ үзэгдэл болоод байна. Эднийг бага гарын дээрэмчид гэж хэлж болно, зохих ёсны боловсролыг ном ёсоор эзэмшээгүй тэд хэт даврах үзлийг үндэсний уламжлал, соёлоор биш харин шоронгоос сурч байна. Үнэн хэрэг дээрээ Сирийн дүрвэгчид эдгээр экстремистүүдтэй ойртохыг хүсэхгүй байгаатай адил экстремистүүд ч дүрвэгчдийн эсрэг байгаа юм.

 

Нөгөө талаар терроризм нь Европын улс төрийн болоод соёлын хандлагатай огт холбоогүй. 2006-2012 оны хооронд Европ тивд террорист үйлдэл бараг гараагүй, жихадистуудын үйл ажиллагаа бараг тэг заагаад байсан. Үүнээс өмнө 2003-2005 оны хооронд буюу Иракийн дайны үеэр жихадистуудын аюул өндөр байсан. 2005 оноос хойш бараг алга болсон гэж хэлж болохоор алан хядах ажиллагаа 2014 оноос хойш эргэн идэвхжсэн юм.

 

Энэ нь терроризм Европын дотор хүн ам зүйн, эсвэл ямар нэг хүчний өдөөлтөөр идэвхжээгүйг харуулж байна. Энэ нь аль нэг экстремист байгууллага “Аль Каида” , эсвэл Исламын улс бүлэглэл өөрийн газар нутгаа тэлэх зорилгоо гүйцэлдүүлэхэд саад болбол харгис, эсвэл тогтворгүй хүмүүсийг өөртөө урвуулан элсүүлж алан хядах ажиллагаа хийлгэж, улмаар тухайн улсыг буулгаж авах тактик ашиглаж байгаатай холбоотой.

 

Терроризмыг судалдаг шинжээч Уил Маккантс хэд хоногийн өмнө “Барууны улсууд жихадистуудтай хийх дайнд оролцсоор байвал жихадистууд барууны улсуудтай дайтсаар байх болно. Энэ нь өөрчлөгдөж буй улс төрийн шалтгаан гэхээсээ илүүтэй Баруун Европын санаа зовохгүй, амар амгалан амьдрал дуусч байна гэсэн гунигтай сэтгэгдлийг төрүүлж байна” хэмээн бичсэн.

 

Залуучууд экстремистүүд яагаад сонгох болсон талаар бодож, тэднийг энэ зам руу түлхсэн учир шалтгаан, нийгэмдээ зохицоход нь саад болсон зүйлийг олох нь одоогийн хийх ажил болоод байна. Энэ хүмүүс ийм зам сонгох болсон учир шалтгаан нь Европ тивийн дотор ч биш, тэдний өссөн орчны соёлоос хамаарахгүй байгааг бодолцох хэрэгтэй.

 

Европын энэ бүх үйл явдал улс төрд нөлөөлж, үр дагавар нь улс төрийн хямрал дагуулж байна гэж хэлэх нь эртэднэ. Дүрвэгсдийн эсрэг хатуу байр суурь баримталдаг хэт барууны намууд Европын олон орны сонгуулиар гуравдугаар байр руу ахижээ. Тивийг нь лалын шашинтнууд, жүүдүүд, славянчууд гээд өөр үндэстнүүд дүүргэх нь гэсэн европчуудын айдас хэт барууны чиглэлийн намын байр суурийг өргөж, хүчийг нь нэмж байна. Европчууд ийм зүйл болохыг соёл иргэншлийн аюул гэж үзэж байгаа бөгөөд Брюсселийн эмгэнэлт хэрэг явдлын дараа ингэж бодох европчууд олширлоо.

 

Гэхдээ хэт барууны намууд Европын нийт массаас хөндий гэж хэлж болно. Эдгээр намыг сонгогчид нь лалын шашинтан юм уу гаднын иргэд бараг амьдардаггүй газар оршин суудаг. Өөр өөр үндэстэн холилдон суудаг газар амьдардаг европчууд барууны намын төлөө санал өгдөггүй. Гэсэн ч сүүлийн 40 жилийн турш барууны намын рейтинг аажмаар өсч байна.

 

Европ тив лалынхнаар дүүрнэ гэдэг домог бол бодит байдлаас хол зөрсөн зүйл юм. Өнөөдрийн байдлаар Европт 19 сая лалын шашинтай хүн ам байгаа бөгөөд энэ тоо аажмаар нэмэгдэж байгаа. Дүрвэгсдийн давалгаа энэ тоонд сүртэй нөлөөлөхгүй. Гэхдээ лалынхан олон хүн амтай хотод европчуудын нүдэнд ил амьдарч, тэдний үйлдсэн гэмт хэргийн мэдээлэл сонины тэргүүн нүүрэнд гарч байгаа нь европчуудад тэд байгаа тооноосоо тав дахин олон лалынхан Европт амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Олныг донсолгосон террорист үйлдлүүд дүр зургийг хэтэрхий том болгон хүмүүст харагдуулж, ямар ч холбоогүй зүйлсийг холбон ойлгоход хүргэж байна.

 

Эх сурвалж: Дуг Сондерс, The Globe And Mail, Канада

 

Бэлтгэсэн А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж