380 иргэн хүүхэд харахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

380 иргэн хүүхэд харахад бэлэн

УИХ өнгөрсөн оны хаврын чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заасан ч хуулийг хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажил шаардлагатай байсан тул дөрөвдүгээр сарын 1 болтол хойшлуулсан юм. Тухайлбал, энэ чиглэлд ажиллах сонирхолтой иргэд сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдах ёстой байсан юм. Мөн ажлын байраа бэлдэж, хүүхэд харах орчноо хуульд заасан шаардлагын дагуу тохижуулж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авах зэрэг бэлтгэл ажлуудыг хийх шаардлагатай болсон билээ. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд 1800 хүүхэд харагч бэлтгэгджээ. Эдгээрээс нийслэлд ажлын байраа бэлдэж, хүүхдээ авахад бэлэн болсон 145 иргэн байна. Харин орон нутагт нийт 240 хүүхэд харагч ажлын байрныхаа зөвшөөрлийг авч, үйлчилгээгээ эхлэхэд бэлэн болжээ.

2016 оны тухайд хүүхэд харах үйлчилгээнд зориулж, УИХ-аас 10.8 тэрбум төгрөгийг баталж, улсын төсөвт суулгаж өгсөн. Нэг хүүхдийг харахад гарах зардал сард дунджаар 116 мянга 900 төгрөг гэж тооцвол энэ жил тус үйлчилгээнд нийт 10 орчим мянган хүүхэд хамрагдах боломж бүрдсэн гэсэн үг. Хуульд зааснаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нь бүрэн дундаас дээш боловсролтой, тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, 2-5 насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдвартын болон сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэгт холбогдоогүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байх юм. Энэ шаардлагыг хангасан, тус үйлчилгээг явуулах хүсэлтэй иргэд 60-65 мянган төгрөгийн хураамжтай тав хоногийн тусгай сургалтад хамрагдаж, гэрчилгээ авах ёстой. Нэг хүүхэд 2.5 метр квадрат бүхий зай ногдохоор тооцоолж, ажлын байраа бэлдэж, харъяалагдах хорооноосоо томилогдсон ажлын хэсэгт шалгуулж, хороон даргаасаа шаардлага хангасан эсэх тодорхойлолтыг авч, сум, аймаг дүүргийнхээ Засаг даргад хандаж, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөө авах учиртай. Хүүхэд харах үйлчилгээ явуулах ажлын байрны түрээсийн асуудал хамгийн их санаа зовоож байна. Нэг хүүхдэд олгох баталсан зардлаар ажлын байр түрээслэх боломжгүй юм.

Жишээлбэл, иргэн та таван ханатай Монгол гэрт тус үйлчилгээг явуулахаар мөрдөгдөх стандартыг баримталж, тохижууллаа гэхэд нэг хүүхэд 2.5 метр квадрат зайнд байна гэж тооцвол ойролцоогоор таван хүүхэд хүмүүжих боломжтой. Ингээд төрөөс нэг хүүхдийн зардал гэж сард дунджаар 117 мянга орчим төгрөг тооцож өгнө. Энэ зардлыг таван хүүхэд гэж тооцохоор сард 585 мянган төгрөгийг хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч та төрөөс авна. Үүн дээр нэмээд хүүхдүүдийн эцэг эхээс, төрөөс олгох зардлын 60 хувиас хэтрэхгүй мөнгө буюу нэг хүүхдээс 70 орчим мянган төгрөг нэмж хураах эрхтэй. Бүгдийг нийлүүлээд бодвол үйлчилгээ эрхлэгч та сард 985 мянган төгрөгийн санхүүжилт авна. Үүнээсээ хүүхэд харахад шаардагдах тоглоом, өдөр тутмын хоолны зардлаа хасах хэрэгтэй. Гарсан зардлаас мөнгө үлдвэл үйлчилгээ эрхлэгч таны ашиг болох юм байна. Нөгөө талдаа хүүхэд харах орчин нөхцөлийн хувьд нэг өрөөнд 15-аас дээшгүй, нэг хүнд ногдох хүүхдийг таваас ихгүй байхаар заажээ. Өөрөөр хэлбэл, гурвуулаа нийлээд нэг объектийг тохижуулж, энэ үйлчилгээг явуулах боломжтой юм.

Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 60 мянга орчим хүүхэд байгаа гэсэн тооцоо бий. Харин хүүхэд харах үйлчилгээнд зарцуулахаар баталсан мөнгө нь эдгээр хүүхдийн дөнгөж 15 хувьд л хүрэлцэх юм.  

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж