Мэргэн буучид Германаас хоосон хоцорлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Мэргэн буучид Германаас хоосон хоцорлоо

Германы Мюнхен хотноо үргэлжилж буй буудлагын дэлхийн цомын тэмцээнд манайхан тун хангалтгүй оролцлоо. Хоёр ч тамирчин олимпийн эрхээс атгаад алдаж байна. Өчигдөр манай тамирчдаас сүүлийн найдвар болоод байсан хийн гар бууны 10 метрийн дасгалд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар онч сорилоо. Олимпийн мөнгөн медальт манай тамирчны хувьд энэ дасгалд маш тааруу буудаж 371 оноогоор 93 дугаар байр эзэллээ. Харин олон улсын хэмжээний мастер Т.Баярцэцэг 376 оноотой 64 дүгээр байрт шалгарчээ. Олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул олимпийн эрхээс атгаад алдлаа. Урьдчилсан буудлагад дөрвөн тамирчин ижилхэн 385 оноо авсан. Тиймээс нэмэлт буудлага хийхэд манай мэргэн бууч хамгийн бага оноог авч X байрт орсон байна. Уг нь тэрээр финалд шалгарсан л бол олимпийн эрх авсан хоёр дахь мэргэн бууч, Монголын дөрөв дэх тамирчин болох байлаа. Харамсалтай нь аз дутав. Хийн гар бууны 10 метрийн дасгалд Герман, Польш, ОХУ-ын мэргэн буучид олимпийн эрхийн болзол хангасан байна. Одоо манай тамирчдад ирэх оны нэгдүгээр сард болох буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн л үлдлээ. Уг тэмцээнээс эрх авч чадахгүй бол Лондоны олимпод ганцхан мэргэн буучтай оролцоно.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж