Зохиол бас дахин зохиол…

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

    Тайз дэлгэцийн бүтээлийн хамгийн чухал амин сүнс бол зохиол, зохиол бас дахин зохиол байдаг. “Кино код” шоу нэвтрүүлгийн хамгийн чухал үе шат бол синопсис шалгаруулах юм. Өнгөрсөн долоо хоногт кино зохиол сонирхон бичсэн оролцогчдоос хоёр зохиолыг шалгаруулж үлдээсэн. Харин энэ долоо хоногт мэргэжлийн кино зохиолчид болон найруулагчдаас ирүүлсэн гурван зохиолыг төслийн багийнхан тодруулж зохиогчтой нь уулзаж ярилцаж байна. Айргийн дөрөвд шалгарсан топ дөрвөн зохиолоос хэний синопсис нь түрүү магнай болж, дэлгэцийн бүтээл болж танд хүрэх нь тун удахгүй тодорхой болох юм. “Кино код” шоу нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор найруулагч, зохиолч Р. Мөнхсайхан хүрэлцэн ирсэн байна. 


Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та зохиолынхоо гол санааны талаар ярихгүй юу?

Би 1997 – 2000 оны үед Шилийн сайн эрсийн тухай кино хийх гээд хэд хэдэн санаа бичүүлж байсан юм. Тэгээд аав маань Манжийн дарлалын үед Ганган төгс гэж Шилийн сайн эр байсан тухай ярьж, энэ талаар бичиж байсан л даа. Аав маань Соёлын яамны “Соёл” сэтгүүлийн эрхлэгч, “Үнэн” сонины эрхлэгч хийж байсан учраас маш олон домог, түүх мэддэг. Шилийн сайн эрсийн тухай тангараг байдаг ш дээ, Лодойдамба гуайн сийрүүлснээр хүмүүс цээжилчихсэн байдаг. Тухайн үеийн хүмүүсийн их сонирхдог сэдэв байсан. Энэ нь нэг талдаа хаалттай, дараа нь аа эд нар чинь хувьсгалын төлөө буруу тэмцчихсэн юм байна гээд арай зөөлрүүлсэн л дээ. Лодойдамба гуай Шилийн сайн эрсийн тухай их цуглуулдаг, өөрийнх нь хэд хэдэн зохиолд шилийн сайн эрсийн тухай гардаг. Жишээ нь Цахиур Төмөр, Тоорой Банди, Тогос Чүлтэм, “Алтайд” романд “Ганган Төгс”-ийн тухай орчихсон байдаг. Аав энэ талаар их гоё сонирхолтой түүх ярьдаг байсан. Багадаа их сонсдог байсан болохоор би их дуртай л даа. Энэ сэдэв яагаад ч юм Монгол хүний цусыг их хөөргөдөг. “Тунгалаг тамир” киноны хамгийн гоё дүр нь гэвэл хүн бүр Цахиур Төмөр гэж хэлнэ. Буруу ч яваад байгаа юм шиг, зөв ч яваад байгаа юм шиг хэрнээ ард олноо гэсэн цагаахан сэтгэлтэй. “Кино код” нэвтрүүлгээр энэ сэдэв шалгарахад, цус хөөргөсөн гоё сэдэвдээ гэж бодож байсан. Аавынхаа бичиж байсан “Ганган Төгс” гэдэг зохиолыг танай нэвтрүүлэгт санал болгож байна. 


Ч.Лодойдамба гуайн зохиолдоо дурдаж байсан “Ганган төгс” гэдэг хүний тэмцэл болон тэр үеийн нийгмийн тухайд 

    1890 – иод оны үед Манжийн төр ганхаж эхэлж байсан үе л дээ. Монгол Манжийн дарлалд байсан. Манжийн дарлал гэхээр Манжууд бид нарыг дарлаж байгаагүй, харин аварч байсан гэж зарим хүмүүс ярьдаг. Манжийн эсрэг хамгийн том тулаан гэвэл Галдан Бошигтийн тулаан. Галдан хааныг өнгөрсний дараа Монгол бүхлээрээ Манжид эзлэгдсэн түүхтэй. Халхыг эзэлсний дараа Манжийн эзэн хаан Энх амгалан хааны хөрөгт мөргөсөн түүхтэй. Энх-Амгалан хааныг бүгд мэднэ дээ. Шаазан, тарган, олон хүүхэд дээр нь суучихсан байдаг. Энх-амгалан хаан жинхэнэ төрхөөрөө тийм байсан үгүйг мэдэхгүй ш дээ. Ямар ч байсан бодлоготойгоор Энх-Амгалан хаан гээд нэг тийм юм үлдээчихгүй юу. Анхны наадам болоход нум сумаар хол байруу биш мохоо сумаар газар харвуулаад шагналыг нь хамгийн бага болгосон гэж байгаа. Эр зоригийг нь мохоох гэж оролдож байна ш дээ. Тэд нарт нум сум л хамгийн аюултай байхгүй юу. Ганган төгсийн тухай аягүй олон домог байдаг. Энэ бол бодит хүн. Би бүр түүхч хүмүүстэй уулзаж байсан. Манжийн үеэр дагнасан эрдэмтэд гэж байдаг. Тэр эрдэмтдээс лавлаж байхад “Ганган төгс”-ийг барьсан хүнд хамгийн өндөр шагналыг амлаж байсан байгаа юм. Шилийн сайн эрчүүдээс толгой нь хамгийн үнэд хүрч байсан гэж хэлж болно. Хамгийн сонирхолтой нь тэр баримт одоо хүртэл байдаг. 

Асар мундаг эр байсан байгаа юм. Бид нар Монголын Эзэнт Гүрний дараа Монгол улс, хаан нь Богд хаан байсан юм шиг төсөөлдөг. Богд хаан 1911 онд хаан болохоосоо өмнө зүгээр л шашны тэргүүн байсан. Хаан нь Манжийн хаан, эндэхийг Манжийн амбан захирдаг байсан. Есөн эрүү гэдэг хуультай. Энэ хуулийг Манжууд гаргаж ирээд дарладаг байсан гэдэг боловч Монголчууд өөрсдөө л зохиосон. Түүхчид ч энэ тухай ярьдаг. Хэнийг ч гэсэн авчраад 9 эрүү тулгаад, тэгсэн үү чи гэхээр тиймээ л гэдэг. Манжийн амбан Манжийн хаанаас шан хишгээ авахын тулд жилд хичнээн хүнийг цаазаар авч, тэдэн хүнийг шоронд хорин гээд төлөвлөгөө биелүүлдэг. Ноёноос цаазаар авах хүн байна уу гэхээр байна аа гээд л өгчихдөг, 9 эрүү тулгаал так… 

Мөн хугацаагүй цэргийн алба гэж байсан байгаа юм. Би нэрийг нь сайн мэдэхгүй байна л даа. Манжийн амбан нэг сагсуу ноёноос танай Монгочууд хэдэн жил цэргийн алба хаадаг юм гээд асуусан чинь Монгол хүн төрөхдөө ч, үхэхдээ ч цэрэг байдаг юм гээд хэлчихэж. Монгол хүний бахархал юм уу даа. Тэгсэн чинь Монголчуудыг хугацаагүй цэргийн албатай болгоод бүр хол урагшаа аваачаад тариачдыг даруулдаг, хэрэггүй болох юм бол буцаагаад явуулдаг үгүй бол тэнд нь байж л байдаг. Ингээд Монголчуудын зан ааш, хувцас хунар гээд бүх юм нь өөрчлөгдсөн. Нөгөө нудрага нь гараад, бүх юмаараа жинхэнэ дарлагдаж байсан үе. Монголыг нэг Манж зодож байвал өмөөрч болохгүй, хамсаатан болж тэмцэж болдоггүй нэг тийм үе өнгөрсөн. Талын Монгол хүний эрх чөлөөний эрмэлзэл байгаад байдаг. Тухайн үед Батгүний шорон гэж байсан байгаа юм. Тэр шоронгоос анх удаа 13 хүн оргосон гэж байгаа. Батгүний шоронгийн дээгүүр шувуу нисвэл, цаагуур нь гардаггүй гэж байгаа. Энийг их олон янзаар тайлбарладаг л даа. Харуулууд нь махсаад ямар ч шувуу ниссэн алаад идчихдэг, шөл хийгээд уучихдаг байсан байгаа юм. Тэр шорон их том талбай эзэлдэг байсан юм байна лээ. Би туурин дээр нь очиж үзэж байсан. Түүхэнд нь оргосон хүн “Ганган төгс” л байхгүй юу даа. Оргоод Алтайд гарсан. Тэнд нь торгоны зам таардаг, цайны зам ч гэдэг дээ. Алтайн хоёр талаар дайрдаг хоёр зам байдаг. Эзэнгүй зам байсан учраас тэнд л Шилийн сайн эрс байдаг. Гэхдээ бас Шилийн сайн эрсийг дотор нь хэд хэд хуваадаг байсан. Нэг нь адууны хулгайч. Тэр нь яадаг вэ гэхээр урагшаа адуу зарахыг хориглосон үед нөгөөдүүл чинь нутгаасаа адуу хулгайлж аваад Шилийн Богдын тэнд хужаа нарт зардаг байсан байгаа юм. Нөгөө нэг нь сумын төв, аймгийн төв дээр байгаа өрийн дансыг шатаадаг. Бүтээгдэхүүн өгчихөөд хойноос нь үс ноос, түүхий эд авдаг. Зуд турхан болдог ч юм уу, ард иргэд нь малгүй болоод, өрөнд ороод, хүү нь үржээд өсөөд, дарамталаад ирэхээр өрийн дансыг нь шатаадаг байсан. Зарим Шилийн сайн эрчүүд нь их замаа тосож дээрэм хийдэг. Наашаа ирж байгаа бүтээгдэхүүн нь хөөрөг, гаанс, торго, дурдан гээд их сонирхолтой, хэрэгцээтэй зүйлүүд байсан байгаа юм. Ардуудад тарааж өгөхийг нь өгөөд, зарахыг нь зардаг. Нөгөөх нь ноос ноолуураа урагшаа авуучиж бөөнддөг. “Ганган төгс”-ийг барих гэж хойноос нь их шаргуй нэхсэн. Яагаад гэхээр Ганган Төгс их харгис байсан. Хэд хэдэн хүний аминд хүрсэн. 

Маш олон сэдэв, баялаг арвин түүх байхад хулгайчийн тухай кино хийх гэлээ гээд хуучны үзэл сурталын юм яваад байна л даа. Зарим хүмүүс киноноос хүмүүжлийн сурах бичгийн чанартай юм хүлээгээд байна? 

    Кинонд хүмүүжлийн ач холбогдолын чанартай юм байна л даа. Гэхдээ нийгмийн том асуултын тэмдэгийн хариу биш шүү дээ. Жишээ нь нөхөрлөлийн тухай, амьдралын мөнхийн сэдэв гэж байдаг ш дээ. Үзэн ядалт, хайр сэтгэл, төрөх үхэх гээд дэлхий ертөнцөд мөнхөд орших зүйлд л хүний сэтгэл хөдөлдөг байхгүй юу. Төрсөн унасан газар, эрх чөлөө гэж байна. Энэ бүхний заагийг л хүн хардаг. Эрх чөлөөг нь дарчихсан үед газар нутаг, хайрласан хайр, ард олныхоо төлөө тэмцэж байгаа эрийн тухай л харах байх гэж бодож байна. Түүх гэхээсээ илүү олон хүний ярьсан домог, Монгол хүний цусыг хөөргөдөг сэдэв гэж байна ш дээ. Энэ бүхэн л хүний сэтгэлийг татах юм. 

Ганган Төгсийн түүхэн дээр байдаг нэг сонин бас харгис зүйл байдаг л даа. Ганган Төгсийг ирж бууж өг гээд гэрийг нь эхнэр, хүүхэдтэй нь голын сайран дээр авчирч барьсан байгаа юм. Ширгэчихсэн голын хажууд бороо ороод аз чинь таарвал таар, таарахгүй бол цангаж үх гээд ус өгөхгүйгээр эхнэр хүүхэд хоёрын алчихсан байгаа юм. Ингээд хэн хэндээ өширхсөн хоёр талын юм болсон. Есөн эрүү гэдгээс өмнө шоронгоос оргосон юм шиг байгаа юм. Эрүү тулгасан бол яах ч байсан юм тэ? 

Ганган гэдэг утга нь ямар учиртай юм гэхээр Засагт хан аймгийн харъяат байсан юм байна лээ. Засагт хан аймаг говьтой, хангайтай хөндлөн огтлолцолоор буюу малчин хүний сэтгэхүйгээр хуваасан газар. Хойд талаараа Ойрдууд, дундуураа Сартуултай, урдуураа Халх голтой. Сартуулууд их ганган. Тэр жаяг нь одоо ч Баянхонгор, Завхан гэх мэт аймгуудаар явахад харагдаж байдаг. Том, том хээтэй, урт дээл өмсдөг. Ганган хүндээ дуртай. Ойрдын баатраас эхлээд ер нь л ээмэг зүүдэг, уламжлалаа их барьдаг, Манжид хамгийн сүүлд эзлэгдсэн. Тэсийн гол тэрүүгээр урсдаг, сайхан хүүхэн, сайн эрчүүд нь тэнд л байдаг, Тэсийн голын унага гэх мэт хүлэг морьд нь хурдтай. 

Түрүүн таны ярьж байсан 13 Шилийн сайн эрс яасан бол ? 

Тэр 13 хүн яасныг сайн мэдэхгүй. 13-уулаа алга болсон. Ганган Төгс ганцаараа байсан гэдэг. Ерөөсөө баригдаагүй. Домог яриагаар бол Ганган Төгсийг Алтайн ууландаа айл саахалтаараа, гэр бүл, үр хүүхэдтэйгээ, өөрсдийгөө тусгаарлаад эрх чөлөөтэй амьдарч байсан гэдэг. Ганган Төгсийг өвгөн болсон хойноо үхсэн, бас залуудаа үхсэн гэж хоёр янзаар ярьдаг л даа. “Алтайд” романд хоёр хувилбараар нь хийсэн байдаг. Агуйд амьдардаг, тэр агуйг нь шатаагаад, тэр нь илбээр онгойдог энэ тэр гээд л гардаг ш дээ. 13 бол Алтайд роман дээр ирвэсэнд бариулж үхдэг. 

Домгийг нутаг бүрт өөр өөрөөр ярьдаг. “Тунгалаг Тамир” кинон дээр Цахиур Төмөр Цагаантаны морийг авдаг хэсэг байдаг ш дээ.Энэ бол жинхэнэ бодит хүн. Түүнийг Бүдүүн бор гэдэг байсан юм байна лээ. Ардын журамт цэргийнхэн Бүдүүн борыг хайгаад явж байтал айлд Бүдүүн бор байна гэхээр нь яваад очсон. Дотор байсан бүх хүмүүсийн гаргаж ирээд буу тулгаад Бүдүүн бор хаана байна гэсэн чинь нэг намхан чөрийсэн шар нөхөр гарч ирээд та нар ардын цэрэг гэсэн атлаа ард түмэнрүүгээ буу тулгадаг юм уу гээд томроод байна гэнэ. Чи хэн юм бэ гэсэн чинь би Бүдүүн бор байна гэсэн гэж байгаа юм. Жижигхэн болохоор нь бүдүүн гээд нэрлэчихсэн. Тэнд байсан бүх хүмүүс би Бүдүүн бор байна гэж өөрсдийгөө зааж байсан гэж байгаа. Ард олон нь тийм их хайртай. 

Ганган Төгсийн тухай яриад байхаар хүмүүс энэ хүний тухай баримтат кино хийх гэж байгаа юм шиг бодож магадгүй юм. Мэдээж уран сайхны дүр дүрслэл, хайр дурлал, үзэн ядалт, өшөө авалт, Монгол ахуй зан заншил гээд бүх зүйлүүд л байх юм л даа. 

Цаг заваа гарган бидэнтэй синопсисынхоо талаар ярилцсанд баярлалаа. 

За бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж