Япон дахин цөмийн хаягдал булшилна

Хуучирсан мэдээ: 2016.04.02-нд нийтлэгдсэн

Япон дахин цөмийн хаягдал булшилна

 

Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт/2016 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд болсон/-аар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цөмийн хаягдлын хяналтыг чангатгахыг уриалсан бол Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Япон ураны баяжуулалтаа зогсоох гэж буй тухай мэдэгдлээ.

 

Шинзо Абэ дээд хэмжээний чуулганаар Осака хот дах цөмийн байгууламжаас ураны өндөр баяжмалыг зөөх тухай шинэ төлөвлөгөөг танилцуулжээ. Тэрбээр 2014 оны дээд хэмжээний чуулганы үеэр мөн үүнтэй адил амлалт өгч байсан талаар Японы Майничи сайтад бичсэн байна.

 

Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний чуулганыг зохион явуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлэхдээ "Япон улс хагас тонн орчим ураны өндөр баяжмал, плутонийг хаяхаар ажиллаж байна. Энэ бол цөмийн хаягдлаас ангижрах цөмийн түүхэн дэх хамгийн том төсөл болно” хэмээн ярьжээ.

 

Япон улс 2014 онд Токаймура дах цөмийн судалгааны газрын 331 кг плутоний болон хэдэн зуун кг ураны өндөр баяжмалыг хаясан юм.

 

Япон улс ураны баяжмалаас тэр дундаа зэвсгийн үйлдвэрлэлд ашигладаг ураны өндөр баяжмалаас татгалзаж байгаа бөгөөд Осака дах судалгааны газарт байсан ураны баяжмалыг АНУ руу зөөвөрлөсөн гэнэ.

 

Осакагийн цөмийн судалгааны газарт одоо 45 кг орчим ураны өндөр баяжмал байгаа юм байна. Харин Японы Засгийн газар аюулгүй байдлыг хангах үүднээс яг хичнээн хэмжээний ураны баяжмалыг зайлуулах нь тодорхойгүй байна.

 

Японы энэ том төсөл нь "зэвсгийн үйлдвэрлэлд ашиглах хэдэн зуун кг бодисыг булшлах тухай юм" гэж АНУ-ын Эрчим хүчний нарийн бичгийн дарга Эрнест Мониз, Японы Засгийн газрын хэрэг  эрхлэх газрын дэд дарга Коичи Хагиудатай хамтарсан хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

 

"Цөмийн хаягдлыг буруу гарт орохоос өмнө нэн даруй зайлуулах шаардлагатай” гэж Эрнест Мониз ярьсан юм.

 

Цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд ашигладаг тэрхүү бодисыг алан хядагчдын гарт орохоос урьтаж булшлах тухай асуудал хоёр өдөр үргэлжилсэн, дэлхийн 50 гаруй орны удирдагчид цугласан дээд хэмжээний уулзалтын гол сэдэв байлаа.

 

АНУ, Япон хоёр улс цөмийн аюулгүй байдлын асуудлаарх нууц мэдээллийг харилцан солилцоход хамтарч ажиллахаар тохирчээ.

 

Япон улс 2014 онд мэдээллийн нууцын тухай шинэ хууль баталсан ч дээрх чуулганаас хойш Токио, Вашингтоны эрх баригчдад мэдээлэл солилцох тухай шинэ гэрээ байгуулах шаардлага тулгарч байгаа талаар Японы Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж