Хөтөл даваад үнэ орсон өвс

Хуучирсан мэдээ: 2016.04.02-нд нийтлэгдсэн

Хөтөл даваад үнэ орсон өвс

Өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа Чингисийн талбайгаас Увс руу хөдөлж, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар үдэж гаргаж байсан цаг саяхан. Хаваржилт хүндэрсэн аймгийн малчдад туслахаар тэд сарын өмнө “Илгээлтийн эзэд” аян эхлүүлж, хандивын тоглолт зохион байгуулан, олсон орлогоороо өвс, тэжээл худалдан авч, илгээсэн ч үнэ өртөг шингээн зарсан болж таарав. Ташаарсан байлгүй гэтэл яах аргагүй тийм зүйл болжээ.

Гавьяат жүжигчин С.Жавхлангийн толгойгоо ганзагласан зураг сошиал ертөнцөөр тарж, “Хөөрхий муу гавьяат маань нутгийн удирдлагууддаа гомдон уйлж сууна” гэх үг ч гарлаа. Үүгээр асуудал намжсангүй, “Тэр тусламж чинь нисээд ирдэг юм уу, замын зардлыг нь шийдээд өгөхгүй яасан юм” гэх хатуухан хариу сонсогдох нь тэр.

“Хүргэн хүүгийн хүчийг үзүүлээд кекүшюзан Д.Батбаяр өвс ачиж гүйгээд байсан. Зардлыг нь дааж болоогүй юм уу. Сонгуулийн шоу нь болж дээ” гэх хардлага ч “нисэж” амжив. Хөөгөөд явбал их олон юм гарч ирэх янзтай, хандиваар бий болсон 1200 боодол өвсний 400 нь Улаанбаатар хотоос гараагүй Тахилтад айлын хашаанд хадгалагдаж байгаа нь тогтоогдов. Замын зардлыг нь шийдэж чадаагүй учраас 22-ын товчоо гаргаад л айлын хашаанд буулгасан нь энэ аж.

Харин тусламжийг зарсан шалтгаанаа Увс аймгийн Улаангом сумын удирдлагууд ингэж тайлбарлажээ. Тээвэрлэлтийн зардлыг нь даах газар байхгүй учраас зардлын 50 хувь болох 2.5 сая төгрөгийг сумын төсвөөс, үлдсэн 50 хувь болох 2.5 сая төгрөгийг өвс, тэжээлд шингээхээр болж, нэг боодол өвсийг 3000 төгрөг, нэг шуудай тэжээлийг 6500 төгрөгөөр үнэлсэн гэдгээ өчив.  Тусламжийн “бараанд” тээвэрлэлтийн зардал суусан ч  малчид ч гудайсангүй шуураад л авч… Өвс, ногоо гарах яагаа ч үгүй, дээр нь тус аймагт нэг шуудай тэжээл 12-15 мянган төгрөг, өвс 10 мянган төгрөгийн үнэтэй байгаа учраас хамгийн хямд үнээр зарсан болж таарч буй юм. Тусламжийг хүргэсэн жолоочийн тайлбараар бол Улаанбаатар хотоос Увс аймаг 1500 км зайд оршдог. 200 шуудай тэжээл, 800 боодол өвсөө ачаад Улаангом руу хөдөлхөд хамгийн багадаа зардал нь 6.3 сая төгрөг болох ёстой ч Засаг даргынх нь гуйсны дагуу 5 сая төгрөгөөр тохирчээ. Өөрөөр хэлбэл, замын зардлыг 1.3 сая төгрөгөөр буулгасан байна. Мөн сумын удирдлагуудын тайлбарласнаар тусламжийн өвс, тэжээлд зөвхөн энэ удаад замын зардлыг шингээн зарсан юм биш аж. Өмнө нь ч иймэрхүү байдлаар замын зардлын тодорхой хувийг шингээн малчдад зарсаар иржээ. Нөгөө талдаа Онцгой байдлын газрын зүгээс хоёр гавьяатад замын зардал нь шийдэгдээгүй байгаа, тиймээс орон нутагтай нь ярилцах шаардлага бий гэдгийг ч хэлжээ.

Цаашдаа энэ мэт хандивын аян өрнүүлэхдээ хаа, хаанаа зөв ойлголцож явахгүй бол нутаг орных нь удирдлагууд ашиг олох зорилгоор өвс, тэжээлийг нь үнэ хүргээд зарчихсан ч юм шиг, эс бөгөөс жолооч дундаас нь ачиж явсан “бараагаа” зарсан ч юм шиг. Нэг бол малчид дандаа бусдаас үнэгүй өвс, тэжээл авч бусдаар “тэжээлгэж” байдаг мэт буруу ойлголт төрж, хандивын утга учрыг алдагдуулж мэдэхээр болжээ.

Г.ОЮУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж